Ламаасүрэн гэдэг залуухан эр орой болохоор сумын төвийн урд талын хэдэн саглагар улиас руу яваад орчихдог байв. Бидний хэдэн сахилгагүй банди нар тэр үедээ бяруу болоогүй байж бухын
баасаар баах гэж оролддог байсан юм шиг байгаа юм. Энэ Ламаасүрэн ах Доржийн Цэцэгмаатай тэнд уулздаг байх. Тэр хоёр уулзаад юу хийдэг юм бол, нууцыг нь олж мэдье гэлцэн тагнуултай киноны үйл явдал дууриан түүний араас сэмээрхэн дагадаг байсан юм. Ламаасүрэн ах нэг том улиасны дэргэд очоод гараа толгойныхоо ард ивж дэрлээд хэвтээд өгнө. Ганцаараа тэгж эзгүй хээр очоод гэр орондоо байгаа юм шиг тухалж байгаа хүнийг хараагүй болохоор бид хэд ч гайхдаг байлаа.
Бидний сонирхдог байсан Цэцэгмаа эгч тэр хоёрын уулзаж “Юу хийхийг” харах сэтгэл төдхөн унтарч урамгүй болж билээ. Энэ зүгээр л ийм зантай юм байна гэж бодно. Ламаасүрэн ах настай ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг. Ээж нь Чанцал чавганц гэж их цэвэрхэн, гэр орноо ахуйлж, цэмцгэр суудаг, хүүхэд бидэнд элдэв амттанаасаа харамгүй өгдөг тийм нэг буянтай буурал. Ламаасүрэн ах, Доржийн охин өндөр Цэцэгмаа хоёрын мэдэх гээд чадаагүй болохоор бид Чанцал эмээгийн аргал түлшийг ойртуулах ажилдаа зүтгэж байв. Бид яагаад Ламаасүрэн ах, өндөр Цэцэгмаа хоёрыг уулзана гэдэг болсон нь мань хоёр сумын Улаан буланд хааяа нэг болох үдэшлэгт хослон бүжиглэж байдаг болохоор хүүхдийн гэнэн сэтгэлээр тэгж бодож байсан юм. Ламаасүрэн ах нэг удаа их хол явсан бололтой хэд хонож байгаад ирсэн юм. Хол ойроос хүн ирэхийг анддаггүй, чихэр боов горьдсон бидний хэд ч Чанцал эмээгийнх рүү чавхдаж орхино. Ламаасүрсэн ах богцтой юмаа Чанцал эмээд өгөөд “Би нөгөөдөхтэйгөө уулзчихаад ирье” гэхийг богц руу нь нүд салгалгүй харж байсан бидний хэд тодхон сонссон юм. Манай нэг нь дохиж байна. Тэгээд бид Ламаасүрэн ахыг хаашаа ингэж яарсан юм бол гэж бодоод хойноос нь харж нөгөө л хэдэн улиас руугаа том том алхан очиж явав.
Бид хойноос нь сэмхэн дагав. Ламаасүрэн ах биднийг дагаж байна гэж мэдэхгүй байв. Хэдэн улиасны дотроос Ламаасүрэн ахыг угтан нэг цагаан даашинзтай бүсгүй гарч ирснээ түүнийгээ хүзүүгээр тэврэн кинон дээр гардаг шиг учир зүггүй үнсэж байв. Тэр хоёр нуугдасхийгээд хажууд нь ойртож очсон бид хэдийг анзаарах юм алга. Нөгөө бүсгүй нь таних юм алга. Манай суманд л тийм эгч байдаггүйг бид мэдэлгүй яахав. Юун нөгөө мундаг өндөр Цэцэгмаатай зүйрлэхийн аргагүй сайхан хүн байв. Бүсгүй гомдоллож байна. “Чи минь яасан олон хоногоор явав? Чамайгаа хүлээгээд золтой л галзуурчихсангүй” гэнэ. Харин Ламаасүрэн ах болохоор ажил амжихгүй бас дээр нь унаа олдоогүйгээс хэд хоногоор хоцорсон гэдгээ хэлж байна.
Түүнээс хойш Ламаасүрэн ах хаашаа ч явсангүй. Гэр зуураа аар саархан зүйлээр оролдож үдэш болохоор нөгөө хэдэн улиасны дунд очиж сайхан хүүхэнтэйгээ уулзана. Нэг удаа “Ламаасүрэн ах яагаад авгай авдаггүй юм бэ? Нэг эмэгтэйтэй урд очиж уулздаг шүү дээ. Тэр хүн яагаад танайд ирдэггүй юм бэ?” гэж асуутал тэр над руу сүрхий сэжиглэсэн байдлаар харж “Чи чинь байтлаа юугаа яриад байна. Гараад аргал аваад ир” гэж хөөв. Сүүлдээ би нөгөө улиасан дундаас гарч ирж Ламаасүрэн ахтай уулздаг байсан бүсгүйг харсан гэдгээ Чанцал эмээд хэлдэггүй байж гэж бодох болсон билээ.
Тэр үл таних бүсгүй хэн байв? Ламаасүрэн ах гэнэт яагаад нөгөө хэдэн улиасны нэгнээс өөрийгөө боомилж нас барав? гэх мэтээр элдвийг л эргэцүүлэн боддог байлаа. Чанцал эмээ ч ганц хүүгээ эвгүй байдлаар нас барснаас хойш төдөлгүй бие нь дордож сэхэл авалгүй байсаар өөд болсон билээ. Энэ нууцыг манай нутгийнхан, ялангуяа тэр үеийн томчуул ойлгодоггүй юм. “Жаргалдаа ташуурсан амьтан. Аминаасаа уйдна гэж байх уу?” гэх мэтээр Ламаасүрэн ахын үхлийн талаар ярилцдаг байлаа. Заримдаа би хар дарж зүүдэлсэн үедээ Ламаасүрэн ах, тэр үл таних бүсгүй хоёрыг одоо хэр нь зүүдэлдэг юм. Тэгээд Гандан орж ном уншуулж байж амгалан унтдаг хэмээн Баянзүрх дүүрэгт хөдөөнөөс шилжиж ирсэн нэгэн залуу ийнхүү хуучилсан юм.