Сэргээ /нэрийг өөрчлөв/ гэх эр Шар хадны эмнэлэгт одоо яг арав дахь жилдээ хэвтэж байгаа юм. Бусдаас нэг их илүү гараад байхгүй ч хэнээс ч, юугаар ч дутахгүй нэгэн байдаг даа. Тийм л нэг алтан дундаж сэхээтэн байсан юм. Оюун санаанд нь гэнэт согог сууж, сэтгэцийн эргэлтгүй өөрчлөлтөд орж, орон гэрийнхэндээ хаягдсан гэхэд болно. Сэргээ бол уг нь арван жилийн дунд сургуулийн физикийн багш залуу юм. Ерээд оны төгсгөл хавиас бизнест огцом хөл тавьсан билээ. Бусдын жишгээр ганзагын наймаанд мордохгүй юу. Хэдий хожуу ч бас ч гэж болоод байсан үе л дээ. Баянгол дүүргийн Гурав, дөрөвдүгээр хорооллын, тэр дундаа Гандангийн дэнж хавиар нутагладаг эр. Одоо дөч нэлээд гарч, тавь шүргэж яваа нөхөд андахгүй. Тэрбээр хөл дээрээ тун амархан боссон билээ. Азтай ч гэмээр юм уу, хаашаа юм. Ер нь угаасаа төрөлхийн гүйлгээ ухаантай байсан байж ч магадгүй. Хоёр жил хүрэв үү, үгүй юу яваад л тэр хавьдаа найман нэрийн барааны товхийсэн дэлгүүртэй болчихсон билээ. Архи, тамхи зардаг дэлгүүр ашиггүй ажиллана гэж байхгүй шүү дээ. Нэг үе тэр хавийн “хүнд гар”-уудын/балгадаг л болохоос бүгд сэхээтнүүд байв/ ивээн тэтгэгч, буянтан байлаа гэхэд хилсдэхгүй. Тэгэхдээ үргэлж очоод байхгүй л дээ. Совестьтой хандалгүй яахав. Ганц найдвараа үргээхийг хэн бодох билээ. Үнэн арга ядарсан үедээ юм уу түүний урилгаар л очдог байв. Сэргээ маань ч үе үе бузгай “халуурна”. Бас ч гэж холын бодолтой, нохойдуу зантай л даа.
1Хааяа нэг уух болохоороо өмнө өдөр нь бидэнд хэл хүргэдэг байсан юм. “Маргааш өглөө төдөн цагт, тэнд” гээд л гүйцээ. Мань эртэй уухад уг нь аатай л даа. Бидэн шиг энд тэнд уухгүй. Хэл ам татлахгүй. Хэрүүл зодоон хийхгүй. Хаяагаа манаж, довоо шарлуулаад, буудал аваад хоолтой, ундтай ууна шүү дээ. Нэг эхэлбэл хэд хоног халтирчихдаг гэмтэй. Жинхэнэ салхидсан тэмээ л гэсэн үг. Тэр нь ч дээр байсан байж магадгүй. Гэхдээ ажлаа алдахгүй л дээ. Эхнэр, хүүхэд нь байдаг болохоор дэлгүүр нь ажилласаар байх нь мэдээж. Тэд ч хөөцөлдөж сүйд болохгүй л дээ. Ууж, ууж, “Би одоо болилоо” гээд л босоод явчихвал яаж ч дуудаад нэмэргүй. Ер нь зоримог шийддэг нөхөр л дөө. Бусадтай адил нялцганаад байхгүй шүү. Шинэ зуун гараад хоёр жил болж байх үеэс мань хүн “Ганц өрөө байртай болохсон” гэдэг үгийг ойр ойрхон цухуйлгах болов. Бид “Чамд ганц өрөө байр юу байхав. Дэлгүүрээ томруулаад, бизнесээ өргөжүүлэн, дээр нь гурав, дөрвөн өрөө гаргаад, дураар дургихгүй юу” гэдэгсэн. Мань эр ганц өрөө байр гэж зүтгэсээр л байв. Удалгүй эхнэр, охин хоёроо Солонгос явуулчихлаа гээд бидэнтэй нэг нийлсэн юм. “Эхнэр ажиллана биз. Охин сураг. Ирэхэд нь хэрэг болно. Ганц өрөө байр хотын төвд авна аа” гэж суусансан. Бид ч ихэд дэмжсэн билээ. Ингээд эмэгтэй дүүдээ дэлгүүрээ шилжүүлээд өөрөө хэсэг алга болчихов.
Тэгтэл нэг өдөр бид хэдэд байрны найрын урилга иржээ. Найз маань “Тавин мянгат”-д буюу алдарт дуучин Х.Төмөр агсны амьдарч асан байрны хажуугийн байшинд ганц өрөө авчээ. Эхлээд байраа ганцаар угааж, хэд хоноод биднийг урьсан байлаа. Бид хэрээрээ очсон билээ. Гурав хоног найрлав. Ёстой л нохой арав гарч харагдтал уусан даа. “Шинэ байраа охиндоо л бэлдлээ. Эхнэр бид хоёр яах вэ. Дэлгүүрийнхээ дээр хоёр өрөө гаргаад, дулаанд холбогдчиход болох нь тэр. Тэгээд ч Гандангийн дэнж их ирээдүйтэй газар шүү дээ. Цаашдаа улсад зарчих хэрэг ч гарч магадгүй” гээд л ярьж суусансан. Биднийг явснаас хойш хоёр хоноод хамаг хэрэг мандсан байдаг юм. Их сонин, бүр аймшигтай зүйл тохиожээ. Мань хүн байраа аваад л оронгуутаа ууж эхэлсэн болохоор эхэндээ анзаараагүй бололтой. Төрсөн дүүгийнх нь ярьснаар үргэлжлүүлэн хүргэе. Ах нь холбоо барилгүй хэд хоносонд дүү нь байраар нь очоод хамаг учрыг ойлгожээ. Үүдэндээ байнга нарлаж суудаг нэгэн эмгэн “Ах чинь бараг галзуурсан байх. Эмнэлэгт хэвтсэн” гэжээ. Бүх эмнэлгийг шүүсний эцэст Сэтгэцийн эмнэлэгт очсоныг нь мэджээ. Ингээд тавиад очилгүй яахав. Ах нь хурцын тасагт гөлрөө өвчтэй болчихсон хэвтэж байж. Тайвшруулах тариа хийсэн болохоор догшрол нь арилсан ч сааталд ороод гөлрөө болсноос дүүгээ ч танихгүй байжээ. Эмч нартай нь уулзаж, өвчнийх нь түүхтэй танилцаад сая учрыг нь олсон байна. Ах нь ийнхүү ярьжээ. Ухаан нь орон гаран байсан ч тайвшруулах тариа хийгээд удалгүй ярилцахад болсон явдлыг өвчтөн сайн санадаг онцлогтой тэр мөчид л эмч ярилцсан нь мэдээж.
“Би хотын төвд буюу “Тавин мянгат”-д ганц өрөө байр худалдаж авсан юм. Байраа аваад, нүүж орчихоод ганцаараа тэмдэглэж, уугаад хэд хоносон. Өдөрт бараг хоёр удаа тасарч байсан болохоор юу ч мэдээгүй. Тэгээд найз нараа дуудаж гурван хоног тэмдэглээд архиа татсан. Зогсоохоос ч аргагүй болсон юм. Бие муудаад, хордлогод ороод, элдэв зүүд зүүдлээд, хөлрөөд хоол унднаас гарсан. Юм идэлгүй хэд ч хоносноо мэдэхгүй. Шар тайлагдангуут гарч ганц, хоёрхон хуушуур идсэн байх. Машид туйлдсанаас хүссэн ч, эс хүссэн ч болихоос аргагүй болсон. Тэгээд тэр өдөржин хэвтчихээд орой нь аяга шөл хийж, хүчээр уучихаад унтаад өгсөн юм. Шөнө дунд хүнд юм цээжин дээр дарчихаад босгодоггүй шүү. Унтаа, сэрүүн хоёрын завсарт л байх шиг санагдаад байсан. Арайхийж сэрээд ёстой үзээгүйгээ үзлээ. Айсандаа болоод хөнжлөө толгой дээгүүрээ бүрхчихсэн байв. Дөрөв орчим насны өрөөсөн нүд нь онгорхой, ухархайгаараа харсан, тал нүүртэй, сэгсгэр үстэй, цагаан даашинзтай охин намайг хараад цээжин дээр сууж байлаа. Хэдий удсанаа сайн санахгүй байна. Цээж хөнгөрөх шиг болохоор нь хөнжлийнхөө буланг сэмхэн сөхөөд харвал ашгүй алга. Харин гал тогоо гэрэлтэй байх шиг санагдав.
Тэгэхдээ чийдэнгийнх биш нь тодорхой байлаа. Сарны гэрэл юм уу гэтэл бас биш ээ. Бүр гайхаад сэмхэн очоод шагайв. Би юу харсан гэж санана. Нөгөө охин ямар нэг юм шарах гэж байгаа бололтой. Плитка асаах гээд оролдож байснаа гэнэт эргэж харангуут нь би буцаад ухаан алдсан байв. Хэр удсаныг бас л мэдэхгүй. Өглөө болчихсон байв. Жаал тайвшраад бодлоо. Архины цагаан солио тусах нь энэ үү гэж. Тэгээд өдөр болсон тул гадуур жаахан яваад тайвширснаа санаж байна. Оройхон ирээд зурагтаа үзээд ажиглаад суусан ч юм мэдэгдэхгүй болохоор нь хэдэн бууз хийж идээд зурагтаа асаалттай нь орхиод унтахаар хэвтлээ. Гэрлээ унтраачихсан л даа. Шөнө болохоор буцаад жихүүцээд, айгаад эхэлсэн дээ. Тэгээд хүн л юм болохоор зүүрмэглэж орхижээ. Бас л бие хүндрэхээр нь сэртэл өнөө аймаар охин хажууд сууж байлаа. Орилоод л боссон. Тэгээд чухам юу болсныг мэдэхгүй. Өглөө нь гадаа суусан хүмүүстэй ярьж байснаа л санаж байна. Тэгээд л энд иржээ хэмээн ярьжээ. Өвчтөн буцаад солиорсон тул хурцын эмчилгээний тунг нь нэмжээ. Эмгэг процесс эдгэрэлгүй ужгирсаар архагт шилжсэн хойно нь бид дуулаад эргэж очив. Найз маань мөнхийн гөлрөө болжээ. Биднийг таньж байгаа ч юм алга. Аваачсан юмыг маань ч тоосонгүй. Хий дэмий л хажууд нь жаал суугаад явцгаав. Явахдаа эмчтэй нь уулзсан билээ. Эмч үнэнийг л хэлсэн. Хэт цочирдсоноос болоод тархинд нь мөнхийн саатал бий болсон. Эдгэнэ гэхэд хэцүү. Ёстой хувь заяа нь л мэдэх байх гэсэн юм. Түүнээс хойш өнөөдөр яг арван жил болж байна даа.
Гэр орныхон нь, эхнэр, охин, эмэгтэй дүү нь анхандаа ойр, ойрхон эргэж байснаа яван холдсоор одоо бүр таг мартжээ. Гэр бүлийнхнийх нь буруу биш л дээ. Очоод, очоод огт танихгүй хүнийг яалтай билээ дээ. Харин эмэгтэй дүү нь өөрийн юм болохоор лам, хар гээд нэлээн явжээ. Хариу нь ганц л гараад байжээ. “Бугтай байранд орчихож. Тэр айлын охин ослоор өөд болохдоо гэртээ амьсгал хураасан байна. Хүүхэд гэртээ ихэд хоргодсоноос буг болчихгүй юу. Аав, ээж нь аргалуулахын оронд зараад нүүчихжээ. Ганцхан танай ах ч биш, хэд хэдэн айл ороод зугтжээ. Ах чинь ганц бие учраас ихэд айж, цочсон байна. Огцом цочирдсоноос маш хүнд тусчээ. Ер нь эдгэх найдлагагүй. Гэхдээ тэнд удна. Амь насанд нь ойрхон аюул алга” гэсэн ажээ. Тэр ч үнэн бололтой. Дүүтэй нь саяхан тааралдав. “Ахын бие дажгүй. Эцэж, турсан юм алга. Төрсөн өдрөөр нь очсон юм. Биднийг танихгүй байна лээ. Ухаан санаагаа алдсанаас биш бусдаар ч айлтгүй бололтой. Тэндээ тэгээд л байж байхаас яахав. Эхнэр, хүүхэд нь холбоогүй болсон доо. Одоо ч яая гэхэв дээ. Хүний л улс шүү дээ. Амьдралаа бодоо биз дээ” гэлээ. Ер нь энэ эмнэлгийн архаг тасагт иймэрхүү хүн цөөнгүй байдаг юм билээ. Эдгэрсэн нь маш цөөн гэсэн шүү. Тэд тэнд тэгсхийгээд хорвоог бардаг юм байна. Тэдэнтэй ажилладаг эмч, сувилагчийн ажлын нөхцөл байдлын хүндийг хэлэх хэрэгтэй байх аа. Үргэлж ийм хүмүүстэй ажиллах ямар сайн байхав. Сэтгэлзүйн хувьд ч тийм ч таатай ажил биш нь мэдээж.
Эх сурвалж www.wikimon.mn