Wednesday, October 11, 2017

Нэгэн холбирдог газрын нууц

Үүнийг зарим хүн дуулсан байх. Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутагт оршдог Холбирдог гэх довцогийн
тухай юм. Гэхдээ бас бус газар байдаг бололтой билээ. Хүмүүсийн ам дамжсан төстэй яриа тун их байдаг ажгуу. Холбирдог довцог гэж ёстой л шууд утгаар нь нэрлэсэн байдаг гэнэ билээ. Нутгийнхан анддаггүй ч тэр бүр хэн нэгэнд хэлээд байдаггүй байжээ. Учир шалтгааныг нь одоо хэр нарийн чанд тайлаагүй гэдэг юм. Тэр үед МУИС-д сурч асан хүмүүс сайн мэддэг, бараг амьд гэрч нь гэлцдэг бөлгөө. Болсон явдал өнгөрсөн зууны наяад оны төгсгөл буюу гучаад жилийн өмнө тохиожээ. Их сургуулийн хэд хэдэн ангийн оюутнууд тэнд зуны ажил буюу “Оюутны отряд”-аар явж л дээ. Тэд малын чулуун хашаа барихаар очсон байгаа юм. Оюутнууд болсон хойно л хашаа саравчаа гялалзуулчихаад хэдэн төгрөг олбол Мардайн орос дэлгүүрээр орно барина гээд л хөөрцөглөдөг байсан юм байх. Геологичоор олон жил ажилласан Батдорж гэдэг хүн надад бүр нарийн тодорхой ярьсан бөлгөө. Тэд Сэргэлэнгийн төвд очиж хоноглочихоод хашаа барих газар руугаа нүүжээ. Хашаа барих газрынх нь ойролцоо тэрхүү Холбирдог довцог байсан юм байх. Тэр хавийн нэгэн чулуутай уулыг ухан хашааны чулуу татдаг байжээ. Нэг өдрийн чулуу татах ээлж Батдоржийн ангийнханд тохиожээ. Ангидаа 10 эртэй болохоор чулууны ажилд бараг хамгийн сайн анги нь байсан юм байх. Өдөржин чулуу ачсан оюутнууд үдшийн бүрий болохын алдад хоолоо идчихээд хэсэг дуулж, хуурдаж байгаад амарчээ. Ялаа, шумуул багатай болохоор нь Холбирдог довцогийн оройд хонохоор шийджээ. Майхан савгүй болохоор пүүгээгээ тараагаад хэвтээд өгцгөөж л дээ. Шөнийн тэнгэрийг ажин одод тоолох нь холгүй, огторгуйн талаар ярилцан барин унтацгаасан байна. Ажилдаа түүртэж ядарсан, хоолондоо цохиулсан оюутнууд нам унтаж орхихгүй юу. 

Шөнө хэн нь ч сэрээгүй аж. Сэрэх шалтгаан ч байсангүй. Нэг мэдэхэд л өглөө бололгүй яахав. Хамгийн түрүүлж нүдээ нээсэн Бат-Очир гэх хөдөөгийн сэргэг эр босонгуутаа дуу алдан хашгичаад бусдыгаа сэрээж орхижээ. Бүгд босоод л ёстой алмайрцгаажээ. Довцогийн оройд хоносон нөхөд бүгд байр байрандаа боловч довцогийн бэлд байх юм гэнэ. “Ямар хачин юм бэ? Бид орой дээр нь унтаагүй бил үү? гээд л шуугилдацгааж гарчээ. Довцогийн оройд унтсандаа эргэлзэх хүн бараг байгаагүй аж. Харин ганц хоёрхон оюутан л “Хэн мэдлээ. Орой болчихсон байсан ш дээ. Ядраад анзаараагүй биз. Түүнээс уулын оройд унтаад бэлд босно гэж юу байх билээ” гэж ирээд л маргацгааж гарчээ. Тогоо, шанага, ус унд нь ч хажууд нь байжээ. Маргалдан барин цай цүү болж байтал нутгийн жолооч чулуу ачдаг трактороо паржигнуулаад хүрээд иржээ. Ингээд түүнээс асуугаад бөөн юм болсон байна. 

Жолооч эр баахан мушийгаад “Та нарт хэлээгүй юм уу? Энэ талаар огт сонсоогүй юу?” хэмээн сөрөөд асууснаа “Наадахыг чинь Холбирдог довцог гэдэг юм. Дээр нь хоносон хүн бэлд нь ирж тогтдог юм даа. Та нар түүний жишгийг л дагахгүй юу. Эрдэм номын улс та нар л учрыг нь тайлах биз. Манайхан янз бүрээр л ярьдаг юм. Буг чөтгөрийн хийдэг ажил ч гэдэг юм. Тэр худал байх. Харин өнгөн хэсгийн хөрс нь нэлээд гүнээрээ нүүдэг гэх юм билээ. Тэр л бараг үнэн болов уу. Манай нутгийнхан хүүхэд, хөгшидгүй мэддэг учраас тоодоггүй, сонирхдог ч үгүй” гэжээ. Холбирдог довцогийн нууцаар нэг иймэрхүү, тэр одоо ч оршсоор буй нь ойлгомжтой. Хорвоогийн үзэгдэл болохоор холбирсоор л байдаг биз. Эх сурвалж www.wikimon.mn