Thursday, October 12, 2017

Р.Эмүжин: Түүнтэй загас наадуулахсан, түүний энгэрт амь тавихсан

     БУДАГГҮЙ ГОО ҮЗЭСГЭЛЭН 
Яг дурлачихсан байхдаа ярилцлага өгсөн догдлуун, яаруу тэрээр хаврын урин, сэтгэлийн долгистой нэгдэн
нэгэн айзамт хэмнэл үүсгэсэн “Гранд”-ын зочин байлаа. Энэ бол Эмүжин. Яруу найргийн босоо цагаан давалгаа болон ерээд онд бадарсан нэгэн үеийнхний  магад хамгийн отгон гүнж, тачаангуй нэгэн фигур. Хориглож байсан ч даашинзыг минь тайч гэж хорь ч хүрээгүй насандаа шүлэглэсэн Эмүжин. Огт унаган авьяас, өөрийнхөөрөө мөн чанар  биз. Бүр хүн чанар ч гэж болно. Гэхдээ гайхалтай нэг юм байна. Тийм янаг тачаангуй шүлэглэдэг түүнийг тэгтлээ эгэл, энгийн гэж хэн санах. Ёстой натурализм гэдэг шиг л “нүцгэнээрээ” бардамхан алхаж явна. Нүүрээ бараг будахгүй. Өндөр өсгийт ч нэг их тожигнуулаад байдаггүй бололтой юм. Хоёр хүүгийнхээ аавуудаас хэдийнэ салчихсан, хайргүй болсон атлаа ханилаад байх нь өөртөө бууж өгөх, өөрийгөө аргацаах нэг хэлбэр маяг юм гэх. Хэзээ ч өтлөх хийгээд эвлэрхүйн үнэнд гүйцэгдэж, цайны хань гэж майжигнахгүй гэнэ. Тэр ийм л хүн аж. Хүн бүхэн баг өмсөж, хүүхэн бүхэн оодож суухад ийм сондгой амьдрах гэж, тийм этгээд шүлгээ бичих гэж ирсэн нэг зочин бололтой.
Найрагчийн зүрх сэтгэл, амьдралын хэв маяг нийтлэг бусдаас өөр, ялгуухан оршдогийг мэдэх ч түүн шиг найрагчийн тавиланг нүцгэнээр нь үүрч яваа, амьдралаа өөрийнхөөрөө гуниггүйхэн зурж яваатай нь учирч, таарч, үг яриа үүсгэж байсан нь үгүй санагдах юм. Тэгээд нэгэн соньхон мэдрэмж төрсөн нь дурлахсан, тэгээд дуу аяланхан гэгэлзэхсэн. 

1 ХАЙРГҮЙ БОЛСОН АТЛАА ХАНИЛСААР БАЙХЫГ ОЙЛГОДОГГҮЙ
- Та хэр феминист хүн бэ? 
- Патриарх, феминист, аль нь ч биш юм аа. Дэлхий ертөнц дээр эрэгтэй, эмэгтэй хоёр л хүйс байдаг. Энэ тохиолдолд байгаа хоёрхон юмаа уралдуулаад, өрсөлдүүлээд байх ямар шаардлагатай юм. Би эмэгтэй хүн гэж ялархахын оронд, би эр хүн гэж ихэрхэхийн оронд бие биенээ түшиж энэ амьдралыг босгох ёстой. Бие биенээ нөмөрлөж энэ орчлон ертөнцийг тэнцвэржүүлж байх учиртай.
Саяхан, Мартын өмнөхөн 23, 24 орчим насны залуухан, сайхан охин, нэр нь А гэнэ лээ, ажлын байрны бэлгийн дарамтын талаар аль ч билээ телевизээр ярилцлага өгөөд сууж байна. Дурладаг, дурлуулдаг, хайрладаг, хайрлуулдаг, хаядаг, хаягддаг, салдаг, нийлдэг тийм сайхан насан дээрээ, хэрвээ ажлын байран дээрээ хэн нэгэн эрэгтэй хүн өөрийн чинь нурууг илвэл эсвэл тань руу аятайхан хараад байвал энэ бол ажлын байрны бэлгийн дарамт шүү гээд яриад сууж байна гэдэг өөрөө сэтгэлгээний асар том доголдол юм. Дурласан эр хүн ямар ч байдлаар сэтгэлээ илчилж болно. Цэцэг навч бариад гүйж болно. Цэрвэж сандраад зугтаж ч магадгүй. Эсвэл өөрийгөө илэрхийлж чадахгүй шаналаад эмэгтэйдээ ширүүн загнаж болно. Тэр болгоныг ажлын байрны бэлгийн дарамт гэж хүлээж аваад байвал тэр залуу сайхан охин, тэр ярилцлагыг үзээд сууж байгаа, өсч өндийж яваа цэцэг цэврүү шиг охид эр хүнийг юу гэж ойлгож өсөх вэ? Хэзээ нэгэн цагт хайр сэтгэлээ олж чадах уу? Хэзээ нэгэн цагт эр хүнээр хайрлуулсан шиг хайрлуулж чадах уу? 
1-Тэгвэл эмэгтэй хүн гэж хэн юм бэ? 
-Эмэгтэй хүн сэтгэлийн бол уянга нь, сэрэл мэдрэмжийн нэг эст амьтан нь, амьдралын бол ухаарал, тэвчээр нь. Ханьдаа бол хайр энхрийллийн дээд нь, үрдээ ээж нь. 
Бүсгүй хүн дотроосоо гэрэлтдэг гэж ярьдаг. Ямар нэгэн дэнлүү байлаа гэж бодъё. Дэнлүү бүдэг байхдаа тэрүүхэн орчноо л гийгүүлнэ. Дэргэд нь ном унших ч хэцүү. Тэгвэл дотоод эрчим хүчээ асааж, сайхан сэтгэл, ухаарал, хайр энэрэл, уянга, аялгууг сэтгэлдээ бүтээж чадсан эмэгтэй хүний дотоод гэрэл цаг хугацаа өнгөрөх тусам тодорч, зөвхөн эргэн тойрон, гэр бүлээ төдийгүй нийгмээ хүртэл гэрэлтүүлж чадна. Хэдийгээр бид эрчүүдийг зоригтой, хатуужилтай гэх мэт олон гайхалтай чанарын тод жишээ, супер баатар болгодог ч тэр супер баатрыг эмэгтэй хүн л бүтээдэг юм ш дээ. Эмэгтэй хүний дэргэд, ээж хүний дэргэд хөвгүүд нь өсч өндийн, эр хүн бий болдог. Ирээдүйн өрхийн тэргүүн, үрийн эцэг, төр улсын түшиг болох хөвгүүдээ гал тогооны өрөөнөөс гаргалгүй өсгөчихгүй юмсан л гэж хичээх юм байна шүү дээ. 
Үргэлжлэлийг ЭНД дарна уу!