Эрчүүдийг ид шидтэй юм шиг л татаж халаасыг нь гүвэн амь, амьдралаар нь тоглодог хар мөртэй
хүүхнүүдийн талаар цөөнгүй яриа байдаг. Тэгвэл ийм нэгэн айшхи эм бусармаг үйлээ гүйцээж яваад нэгэн ламтанд хэрхэн дарагдсан тухай таагүй дурсамжийг хөнгөн хийсвэр хэн нэгэнд сануулга болгох үүднээс нийтлэж байна. Нийслэл хүрээний зүүн этгээд буюу Маймаа хотноо Ямаахай гэдэг нэгэн садар эм аж төрдөг байжээ. Эцэг, эх нь охиныхоо хормойн бузраас болоод сэтгэлээр унаж нүд аньсан гэлцдэг байсан ба гэртээ орь ганцаараа хоцорсон тэрээр ердөө ч гуньж гутарч байсангүй.
Тэднийхээр хүрээний хятад луухаануудаас эхлээд хар, шар зүсэн зүйлийн хүмүүс эргэлдэнэ. Энэ маягаар хэдхэн жилийн дотор гучаадхан настай Ямаахайгийн өнгө зүс гундан доройтож эрчүүдэд тоогдохоо больжээ. Ингээд өлсөж үхэхгүйн тул Хүрээний төвд байсан өндөр хогийг бараадан золбин ноходтой булууны яс булаалдан амь зогоох болов. Энэ үеэр хөвчийн нэгэн зайрангийн эхнэрийг чангааж байгаад баригдан хараалгаж элий балайдуу болсон Чойжил гэгч атигар эр мөн л өндөр хогоор явж яг л нохой шиг хуцдаг байлаа. Тэр ч бүү хэл зайран нохой төрөлтөн болог гэж хараасан учраас дөрвөн хөллөн явж жингэртэй (эм нохой) нөхцдөг болсон гэдэг. Сүүлнээс өөр ташуургүй, сүүдрээс өөр нөхөргүй болсон Ямаахай өндөр хог дээр өлсгөлөн нохойд бариулах гэж байтал нь хувцасны тамтаг нөмөрсөн атигар биетэй үс сахал, хир буртагтаа баригдсан эр салгаж амийг нь аварчээ. Ингээд л сайхь хоёр танилцсан юм байх. Хэн хэн нь бие биенээ голох үндэслэлгүй байснаас цугтаа аж төрөхөөр шийдэв.
Чингээд явган нүцгэн явсаар Маймаа хотноо байдаг Ямаахайгийн навтгар хар гэрт очжээ. Урагшаагаа Туул голд очиж булхахчаан аядсанаар эрхбиш хүн дүрсэндээ дөхсөн эр, эм хоёр гэрт байсан хувцаснаас өмсөж бүр ч дориун болжээ. Ингээд л эр, эм хоёр нийлж хулгай хийж гол зогоож байв. Хорвоогийн жамаар эсрэг хүйстнүүд эвцэлдэн үр удмаа үлдээх хуулиас гажсангүй. Нэг л өдөр Ямаахай гэдсээ томорч байгаагаа мэдээд айх, баярлах зэрэгцэж эр нөхөр болоод байгаа Чойжилдоо хэлжээ. Үр хүүхэдтэй болно гэдгээ сонсоод Чойжил маш их баярласан ч яаж тэжээнэ гэдэг дээрээ эрхбиш хүн юм гэсэндээ айж хирдхийж байлаа. Ямаахайг гэдэс нь томрохыг харсан авгай хүүхнүүд
- Иш өөрийгөө яая гэж байж бас хүүхэд шуухадтай болдог нь юу ч билээ гэлцэж байсан ч буян санаж хоол цай харамгүй илүүчилдэг байлаа. Нэгэн удаа гэдэс нь өлсөж уурссан Чойжил эхнэр рүүгээ уурсан,
- Цүдийсэн муу гичий. Наад зулбасга чинь миний амийг авах гэж байгааг мэдэж байна уу? хэмээн биеэ барьж чадалгүй зандарсан аж. Ямаахай бас чиг тэнэг амьтан биш болохоор энэ үгэнд уурлаж унтууцсангүй. Харин Чойжилыг цатгалан үед нь яагаад тэгж хэлсэн болохыг нь эвтэйхэн гэгч нь асууж дөнгөжээ. Чойжилыг уг зайран хараахдаа
- Чи амьдаараа олон жил тарчилна. Харин үр заяах юм бол чиний толгойг залгих шулам төрнө гэж хэлсэн юмсанж. Чойжил ч зовж тарчилж явахдаа юун үр хүүхэдтэй болох манатай. Яаж ийж байгаад л үхье гэсэн бодолтой байжээ. Нэгэнт үр хүүхэдтэй болох нь тодорхой болсон учраас зайрангийн хэлсэн үгийг гэнэтхэн санав. Чойжил үхлээс ер айхгүй байлаа. Харин хүүхэддээ л санаа нь зовниж байгаагаа ний нуугүй өгүүлэв. Ингээд Ямаахай ихэд гуниглах болов. Хүүхэд гэдсэнд тээгдэх хугацаа хязгаартай юм хойно доо. Нэг л өдөр бүсгүй дуншин өвдөж мантгар улаан охин төрүүллээ.
Хүүхдийнхээ хүйг боогоод баяр хөөрөөр бялхаж байсан Чойжил гэнэтхэн бөөлжиж гэдсээ дарсаар муужран унажээ. Тэрбээр амьсгал хурааж байх мөчдөө нэхийд өлгийдсөн хүүхдээ харан нулимс унагаж уруул нь өмөлзөж байсан нь хүмүүсийг уяраахад хүргэж байжээ. Ийнхүү зайрангийн хараал хэрэгжсэн нь Ямаахайг ихэд айлгаж байв. Тэгээд ч ядарч явахад нь хань болж байсан өмөг түшиг нь унасанд Ямаахай ихэд гуниглан тэр чинээгээрээ хуруун чинээ хүүхдээ үзэн ядах болов. Айл хунарт өргүүлэх санаатай байсан боловч уг удам муутай гэдэг шалтгаанаар хүүхдийг авах айл олдсонгүй. Тиймээс охиноо гурван сартай байхад нь тэр үед бараг л моод болоод байсан хүрдэн дээр тавих аргыг сонгожээ. Тэгээд хөхнийхөө сүүг сааж дэргэд нь тавиад хүрдэн дээр орхиж холоос ажиглаж байтал хүн авдаггүй гэнэ. Ашгүй нар жаргахын алдад уйлсаар байгаад хоолой нь сөөчихсөн өөдсөн чинээ амьтныг нэгэн эр, эм хоёр авав. Чингээд чухам ямар айлд хүүхдээ очиж байгааг харахаар сэмхэн дагаад олж мэдэж чаджээ. Энэ эр, эм хоёрыг Жанцан, Оюунзул гэдэг ажээ. Амьдрал чинээлэг бус ч хоосон хонодоггүйг бодохоор хуруун чинээ хүүхэд өлхөн тэжээчих чадалтай аж. Хэдэн жилийн өмнө нэгэн охинтой байгаад алдсан учраас охин байсанд нь бүр ч ихээр билэгшээж шууд л үрчлэн авахаар шийдсэн нь тэр байлаа. Тэр хоёр багш ламаасаа энэ хүүхдийн тухай асуух гэсэн авч зүрхэлсэнгүй. Өмнө нь хэд хэдэн хүүхэд авах гэсэн боловч заяа муутай гээд хориглоод байсан ажээ. ѫнээний сүү хөхчихөөд үнэгчлэн нойрсох бяцхан амьтан хайр булаам нэгэн байсан нь ойлгомжтой. Хаа очиж хүүхдэд айлгаж ичээгээд байх өвчин зовлон байсангүй. Охинд ямар нэр өгөх талаар ихэд бодож байгаад Өнөрмаа гэдэг нэр өгчээ.
Өнөрмаа таван нас хүртлээ эрүүл цовоо өсч хэний ч хайрыг булаахаар хөөрхөн охин болоод байв. Нэгэн өдөр охин нь гаднаас ядарсан эмэгтэйг хөтөлчихсөн орж иржээ.
- Ээж ээ! Энэ эгчид идэх юм өгөөч. Ядарсан хүн байна ш дээ гэхэд ээж нь гайхасхийн харснаа цай хоол өгөөд гаргажээ. Сайхь эмэгтэй гарахдаа
- Намайг Ямаахай гэдэг юм аа. Би дахиж ирэхгүй ээ. Нөгөө ертөнцөд очих цаг маань болсон болохоор охиныг чинь харахаар ирлээ гэхэд Жанцан, Оюунзул хоёрын зүрх нь зогсчих шахлаа. Эр, эм хоёр Өнөрмаагийн ээж нь болохыг төвөггүй танингуутаа
- Өнөрөө миний охин ажаагийндаа очоод тоглож бай гэхэд охин нь гайхсан боловч үеийнхээ хүүхдүүдтэй тоглоно гэсэн дэврүүн зангаар далд совингоор татагдаад байсан эмэгтэйгээ орхин гүйж одлоо. Гэрт гурвуулахнаа үлдэнгүүт эр, эм хоёр сайхь эмэгтэйд хандаж
- Хэрэв андуураагүй бол... гэтэл
- Тийм ээ. Би танай охиныг төрүүлсэн юм гэж хэлээд айсан байдалтай харав.
- Танд хоол цай хийж өгье. Хувцас хунараа сольж хоноод яв гэхэд нь эмэгтэй ихэд сандран
- Хэрэггүй ээ. Гялайлаа. Би та хоёртоо маш их баярлалаа. Та хоёр жинхэнэ бурхад юм байна. Харин охиноо нэг үнсчихье. Та нар дургүйцэхгүй биз дээ? Би өнөө маргаашгүй үхэх байх. Сайхан орчинд өсч өндийж байгаа хүүхдэд гай болоод юүхэв. Би төрүүлсэн нь үнэн боловч эцэг, эх нь та хоёр шүү гэж хэлэхэд Ямаахайгаас ийм үг гарна чинээ санаагүй эр, эм хоёр охиноо алдчих вий гэсэн бодлоосоо ангижран чирэх шахам суулгаад хувцас хунар илүүчлэн аяга шөл хийж өгчээ. Хөлс нь цувсан Ямаахайг хараад өрөвдсөн Оюунзул охиноо авчрахаар хадам ахынх руугаа гүйжээ. Охиныг гайхсан байдалтай орж ирэхэд нь Ямаахай нулимс унаган босч ирээд нүүр нүдгүй үнсэв. Охин зөн совингоороо ч юм уу, аль эсвэл өрөвдсөн үү танихгүй эмэгтэйгээс ер бишүүрхсэнгүй. Тэгснээ
- Ажаа, та яагаад уйлаад байгаа юм бэ? гэж асуудаг байгаа. Аав, ээж хоёр нь энэ тухай тайлбарлах гэтэл Ямаахай урьтан ам нээж
- Эгч нь нэг охинтой байсан юм аа гэлээ
- Тэгээд охин чинь одоо ханаа байгаа юм бэ?
- Охин маань гэртээ байгаа. Их сайн охин бий. Аав, ээж хоёрынхоо үгэнд ордог сайн охин бий. Чи аав, ээжийнхээ үгэнд сайн орж ажил хийж өгч байгаарай гэж захиад гарсан гэдэг. Жанцан хөөрхий эмэгтэйг яасныг чих тавин тагнаж байтал өндөр хог дээр нас баран золбин нохдод бариулсан гэдэг сураг сонсоод мухарджээ. Охин царайлаг болж байна ч гэж жигтэйхэн. Арваад настай байхаас нь эхлээд л олны нүдний хор орж эхлэв. Таньдаг мэддэг хүмүүс нь эхнэр, нөхөр хоёрт
- Энэ охин чинь л буянтай хүнтэй ханилж та хоёрыг тэжээх юм байна гэж хэлнэ. ѫүнд нь мэдээж хэрэг баярлалгүй яахав. Жанцан халамцчихсан үедээ охиноо өвөр дээрээ суулгачихаад,
- Миний охин аав, ээж хоёроо тэжээх гэж байгаа юм гэж өхөөрдөж баярлах болжээ. Өнөрмаа ер нь адтай нэгэн байлаа. Үеийнхээ хөвгүүдийг яаж ийж байгаад хооронд нь зодолдуулчихна. Түүнээс гадна гэртээ идэх уух юм авч ирэхийг нь яана аа. Ингэсээр 15 нас хүрээд байхад нь нэгэн өдөр Цагаандайн пүүсний данжаад гэнэтхэн морилж иржээ. Баян данжаад гэрт нь ирсэнд эхнэр, нөхөр хоёр бүр сандарч орхив. Цай цүү болон сандрахад данжаад
- Жүгээр аа. Хайяа, яасан хөөрхөн охион гэснээ Өнөрмаад атга атгаар нар хамба, нанжин чавга өглөө. Мөн Оюунзулд дээлийн торго, Жанцанд тамхи, хар архи тэргүүтнийг барьснаа ихэд гайхан балмагдаж байгааг нь мэдрээд
- Хай та юу гайхсаан. Би чамаар түншээ хиймээр байна. Надад жин тээж өгваа. Би янчаан өгнаа гэхэд нь Жанцан ихэд баясан,
- Жа, данжаад минь гялайлаа гэж хэлээд тонголзжээ. Данжаад гарахдаа Өнөрмаагийн хацрыг нь чимхэж
- Хай. Чи миний дэлгүүрт очиж танзуур боов идваа. Одаа явахаа гэж хэлэхэд нь Өнөрмаа айсан байртай дүрлийж байлаа. Энэ байдлыг хараад эхнэр, нөхөр хоёр ч ойлгон эвгүйцлээ. Жижиг тэргэндээ суугаад алсран одож буй данжаадын хойноос Жанцан
- Муу илжиг чинь булай юм санаж явдаг байх нээ гэж амандаа үглэснээ газар нулимав. Энэ хооронд 15 настай Өнөрмаа нь манаргаж эхлэв. Элдвийн савсаг эрстэй гудамжны булан тохойд уулзахаас эхлээд нэг л биш болоод байгааг нь эх нь анзаарчихаад санаа зовниж нөхөртөө хэлэхэд
- Харин ээ хө. Аятайхан залуу байвал суулгачих юмсан. Энэ янзаараа эвгүйдэх нь байна гэснээ царай нь хувираад явчихав. Тэрбээр охиныхоо төрсөн эх Ямаахайгийн үнэн түүхийг нэгд нэгэнгүй сонссон болохоор ийн санаа нь зовсон байлаа. Ингэж байтал Дамчаа хэмээх гучаад настай залуу тэднийхээс салахаа болилоо. Шөнө дунд хэн нэгэн хаалганы оньс мултлан орж ирэхийг эхнэр, нөхөр хоёр сонсоод дуугарах гэтэл охин нь
- Наашаагаа яв л даа гэж шивэгнэн хэлэхийг сонсоод яаж ч чадсангүй. Шөнийн гийчин хувцсаа тайлснаа охиных нь өвөрт орж байгаа нь мэдрэгдлээ. Тун ч удалгүй сайхь эр уухичин охиныг нь элдэвлэхэд таван ханат нь дайвалзан хөдөлж, модон ор нь нурах нуу гэлтэй чихран дуугарч нүүр хийх газаргүй болгов. Энэ маягаар шөнөжин унтуулсангүй. Нар дээр хөөрсөн хойно танихгүй эрийн цээжинд толгойгоо нааж унтах охиноо хараад уур нь хүрсэн Жанцан тэсгэлгүй
- За энэ чинь юу боллоо гэж ингэж улаан цаймдаа хүрдэг билээ. Одоо болох юм биш үү гэснээр сая л нэг юм өндийцгөөв. Жанцан ч байдал бишдэх нь гэсэн ойлголт нэгэнт авсан учраас сайхь эртэй тулахаар шийджээ.
- За залуу хэт нутаг хаана вэ? Хэний хэн бэ? гээд л байцааж эхэллээ. Өмнөөс нь охин нь
- Аав аа! Танд ямар хамаатай юм бэ? гэж том дуугарахад ээж нь,
- Дуу чи. Байтлаа эцгийнхээ өмнөөс үг сөрөх нь үү? Гарч түлээ оруул гээд хөөж гаргав. Урилгагүй зочин ч нэг их бүрэг дорой нэгэн биш бололтой.
- Хэт нутаг уг нь Түшээт ханых. Одоогоор Хүрээнд нүүж ирээд байна. Алдар нэр Дамчаа. Даншгийн наадамд зодоглож цол авчих санаатай байгаа гэхэд нь
- Чи ч янз нь эхнэртэй юм аа даа? гэж Оюунзул тэсгэлгүй асууж орхив. Энэ асуултад Дамчаа ер цочирдсон янзгүй.
- Тийм ээ. Тогооны хүн бий гэж хээвнэг авдаг байгаа.
- Тэгээд охиноор минь тоглож яах гээв?
- Тоглосон юм байхгүй ээ. Бид сайхан найзууд юм л даа гэж маанагтсан нь Жанцангийн уурыг бүр ч ихээр хүргэж мөнөөхөн маанаг нь дэндсэн эрийг хөөж гаргав. Ингээд охиноо загнаж гарав.
- Энэ чинь ардаа авгай, хүүхэдтэй юм байна ш дээ. Чи маанагтаж байгаад гэдсээ чирээд хоцорно шүү гэхэд
- Маанаг байхдаа яадаг юм. Дамчаагийн авгай нь гэж хормойгоо өшиглөсөн жинхэнэ маанаг амьтан байдаг юм. Жирэмсэн боллоо гээд яадаг юм. Аав бөхөд дуртай юм чинь бөх л хүүхэд гарна ш дээ гэхэд нь эцэг, эх хоёр нь түүнд юу ч хэлээд нэмэргүйг ойлгожээ. Энэ үг мартагдаагүй шахам байхад тэр оройдоо л Дамчаа гадаа нь ирээд дагуулж оджээ. Энэ хооронд санаа нь зовнисон Жанцан нэгэн лам дээр очжээ. Ламтан эрхээ эргүүлж үзсэнээ царай нь хачин болоод дуугаа хураачихав.
- Багштан минь юу бууж байх юм? гэхэд нь ламтан
- Чи ер нь энэ хүүхдийг хаанаас авсан юм? гэж сөргүүлэн асуухад хаанаас авснаа хэллээ.
- За яахав. Чи нэг талаараа санаа зоволтгүй. Нөгөө талаар хэцүү юм шиг байна. Танай эхнэр та хоёрт энэ охин дэндүү хайртай учраас гэм учруулахгүй биз. Уг язгуур нь шулмас юм байна. Энэ олон эрийн толгойг залгина даа. Гэхдээ нэгэн номтой хүнээр оролдож байж дарагдах тавилантай юм байна. Тэр цагт бүү гашуудаарай гэдгээс өөр юу ч хэлсэнгүй. Гэртээ ирэн үүнийгээ бас Ямаахайн тухай сонссоноо ярьж, гол нь өөрсдөд нь хайртай гэм зэм учруулахгүй гэдгийг сонсоод бас чиг баярлацгаав. Маргааш өглөө нь охин нь зээл орохоор яваад уйлчихсан орж иржээ.
- Яав юу болоов? гэхэд
- Дамчаа мориндоо чирэгдээд үхчихсэн гэнэ. Энэ үгийг сонсоод эцэг, эх хоёр нь дуугарч ч чадахаа болив. Удаа ч үгүй Өнөрмаа нэгэн баян айлын хүүтэй дотноссоноор хуримлах болж сүй бэлэг авчээ. Жанцан үүнд нь баярласангүй. Хурим ч нижгэр болж, сайхан ч айл бий боллоо. Ингээд бараг л хоёр сар шахам болоогүй байхад Өнөрмаагийн нөхөр нь шургааган хашаанд даруулан бөгсөн бие нь мэдээгүй болжээ. Ингэлээ гээд Өнөрмаа гуньж гутарсангүй. Хавь ойрын эрчүүдтэй самууран хадамдаа баригдсанаар төрхөмдөө буцах шахжээ. Гэвч нөхөр нь түүнд үхэн хатан дурласан учраас төрхөмд нь буцаахыг зөвшөөрсөнгүй. Удаа ч үгүй нөхөр нь нас барснаар арга буюу төрхөмдөө буцаж ирлээ. Ирэнгүүтээ эцэг, эх хоёроосоо үнэт эдлэл нэхэж эхлэв. Хэдхэн хоногийн дараа бөөн торго дурдан, шүр сувд тэвэрсээр инээд алдан орж иржээ. Хаанаас авсныг нь сонирхоход жишим ч үгүй,
- Цагаандай данжаад өгсөн юм гэж хэлээд эцэгтээ ваартай хар архи өгөх нь тэр. Мэдээж хэрэг Жанцан уусангүй. Сүүлдээ цагаандаа гарна гэгч нь болж Цагаандайн пүүсэнд хонож өнжих болжээ. Цагаандай данжаад цагаан сарын дараахан Бээжин явж бараа татахаар зэхэж байлаа. Мань эр өглөөгүүр Өнөрмаагаа ноолж байгаад зүрх нь хаагдаж нас барав. Бараг дэргэд нь шахам бичээч хятад нь харж байсан учраас Өнөрмаад ямар нэгэн ял зэм оногдсонгүй.
Энэ цагаас эхлэн хавьтсан ойртсон нь үхэж үрэгдэх болсныг таньдаг мэддэг хүмүүс нь гадарлаж зайгаа барьж эхэлсэн гэдэг. Гэвч Өнөрмаа үхлээ өөрөө дуудсан юм. Тэрээр хормойн дон нь хөдөлсөндөө хүрээний залуухан лам нараас чангааж эхлэв. Ингэж яваад тун удахгүй Цастын оронд очиж Чойрын ном үзэж гавжийн дамжаа барьна хэмээн бэлтгэгдэж байсан Лувсандоной гэдэг залуухан ламыг уруу татаж дөнгөсөн юм байх. Нэгэнт түүнд урхидуулсан лам бузартсан нь багшид нь мэдэгдсээр гай болов.
Биелсэн шулам язгуурт айшхи эм уруу татсаныг мэдсэн номтой лам нар арга чарга хийж эхэлсэн нь ойлгомжтой. Ингээд нэгэн орой лам нар цугларан сор залж, бөөн сүр үзүүлэв. Энэ үеэр гэртээ байсан Өнөрмаа гэнэтхэн тулганд дүрэлзэн асч байсан гал руу толгойгоо шургуулж орхижээ. Эцэг, эх хоёр нь хичнээн чангаагаад хүч хүрсэнгүй. Толгой нь бөөрөнхий хар юм болсноор амь тавих нь тэр. Ингэж сайхь айшхи эм дарагдсан түүхтэй ажгуу. Эх сурвалж www.wikimon.mn
