Friday, October 13, 2017

Солонгост сураггүй болсон бүсгүй үнэхээр биеэ үнэлж яваад бэртсэн үү?, эсвэл...



БНСУ-д сурч, амьдарч байгаа Э.Золзаяа гэдэг монгол бүсгүй сураггүй алга болоод олон хонолоо гэх мэдээлэл энэ сарын эхээр цацагдсан билээ. Тэгвэл тэрээр өнгөрсөн хугацаанд ухаангүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэнэ. Э.ЗОЛЗАЯАГИЙН ТАЛААР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН БОЛОЛТОЙ Түүний талаар Солонгосын сайтуудад “Биеэ үнэлэгч” байсан мэтээр бичжээ. Мөн Монголын зарим вэб хуудсуудаар ч уг мэдээллийг хуулан олон нийтэд тарааж эхэллээ. Тухайлбал, “Э.Золзаяа бүсгүй 2008 онд тус улсад дээд сургуулийн оюутан болж очсон жилээсээ биеэ үнэлж байгаад цагдаад баригдан шалгагдсан. Улмаар торгуулаад өнгөрч байсан удаатай. Хичээлдээ явахаа байсан түүнийг дөрөвдүгээр сарын 11-ний өдөр гэрээсээ гараад одоо болтол ирсэнгүй, гар утас нь унтраалттай байна хэмээн долоо хоногийн дараа буюу 17-ны өдөр Инчон хотын дээд сургуулийн гадаад оюутан хариуцсан ажилтан цагдаагийн газар анх мэдүүлж байсан байна. Дуудлагын дагуу шалгаж үзсэнээр монгол оюутан Э.Золзаяа хотын нэгэн шөнийн караокед 21.00 -03.00 цаг хүртэл ажилладаг байсан нь тогтоогджээ. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ний орой 21.00 цагийн үед ажилдаа ирж. Ажлынхаа нэгэн солонгос бүсгүйн хамт тус улсын хоёр залууд үйлчилсэн ажээ. Тэд дор бүрдээ 200 мянган вон бэлнээр авч биеэ үнэлэн буудалд хамт хонохоор болсон. Монгол, солонгос хоёр бүсгүй, буудалд орохоосоо өмнө тэдэнтэй хамт дахин бааранд нэлээд сууж наргиж цэнгэсэн байна. Тэд хамтдаа ойролцоох буудалд амарч байх үед солонгос бүсгүйтэй нэг өрөөнд орсон залуу түүнд гар хүрч эхэлсний улмаас цагдаад дуудлага өгсөн. Дуудлагаар ирсэн Ансан хотын цагдаагийн ажилтнууд, буудлын өрөөнүүдэд өөр бусад биеэ үнэлэгчид байгаа эсэхийг шалгахаар хаалгуудыг тогшиж шалгалт явуулжээ. Гэвч энэ үед биеэ үнэлж байсан оюутан бүсгүй Э.Золзаяа өөрийг нь барихаар ирлээ хэмээн ойлгож буудлын дөрвөн давхраас үсрэн унаж, улмаар ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэгдсэн байна. Монгол оюутан бүсгүй ихээхэн бэртэж юм ярьж чадаагүй удсан тул түүний тухай мэдээллийг цаг тухайд нь өгч чадаагүйгээс, Солонгос улсад ор сураггүй алга боллоо гэсэн мэдээлэл ихээхэн цацагдсан байна” гэж Инчон хотын цагдаагийн газраас мэдээлсэн юм байх. Энэхүү мэдээлэл үнэний ортой нь эргэлзээтэй. Учир нь бидний авсан мэдээллээр БНСУ-ын аль ч цагдаагийн газраас дээрх мэдээллийг хийгээгүй болохыг эх сурвалж өгүүлсэн юм. Тэгвэл Э.Золзаяа бүсгүйд юу тохиолдов. Түүний биеийн байдал ямар байгааг сурвалжиллаа. Э.ЗОЛЗАЯА ГЭЖ ХЭН БЭ? БНСУ-д байдаг Монгол Солонгосын хамтарсан сайтад “Маш хүнд бэртэл авсан Э.Золзаяа бүсгүйд сайн санаат хумүүс минь туслаач” гэсэн мэдээлэл тавигдсан байлаа. Тус улсад сурч байгаа монгол оюутан залуус санаагаа нэгтгэн нутаг нэгт нөхөртөө туслахаар ийм уриалга гаргажээ. БНСУ-д суралцаж буй монгол оюутнуудыг хариуцсан мэргэжилтэн С.Саранчимэгтэй утсаар холбогдсон юм. Түүнээс учир байдлыг тодруулахад дараахь хариултыг өглөө. “Э.Золзаяагийн хувьд Монголд аравдугаар ангиа төгсчихөөд Солонгост ирж суралцсан. Инчоны их сургуулийн Охидын коллежид гурван жил хэлний бэлтгэлд сурсан юм. Манай сургуулийг онц дүнтэй төгсч, Инчоны их сургуулийн онгоцны үйлчлэгчийн ангид элссэн. Тэрнээс энд тэндхийн интернэт сайтуудаар мэдээлээд байгаа шиг муухай ажил хийх хүн биш гэдгийг би бардам хэлж чадна. Түүний талаар сөрөг мэдээллүүд Солонгосын сайтуудад гарч эхлэнгүүт би цагдаагийн газарт хандсан юм. Тэгтэл “Бид албан ёсоор ямар ч мэдээлэл өгөөгүй. Түүнийг яагаад ийм байдалд орсныг шалгаж байна” гэсэн. Манай Э.Золзаяа сургуульдаа нэр хүндтэй, онц сурлагатай нэгэн. Найз нөхдөдөө ч хүндлэгддэг. Тиймээс энд сурч байгаа монгол оюутнууд бид нэгдэн түүнд туслах ажил өрнүүлээд байна. Эмч хэлэхдээ түүнийг багаар бодоход гурван сар хэвтэн эмчлүүлнэ гэсэн. Биеийнх нь ихэнх яс хугарсан байна гэж байгаа. Аарцаг, хөл, гар гээд нэлээд хүнд бэртсэн. Ухаан орсон боловч шокийн байдлаас гарч чадахгүй байна. Хүнд гэмтэл авсан болохоор тэр нь нөлөөлсөн бололтой. Одоо түүнийг ээж болон нагац эгч нь сахиж байна. Э.Золзаяа маань ухаан оронгуутаа ээжийгээ таниад ч байгаа юм шиг. Эсвэл танихгүй байгаа. “Ээжээ намайг битгий орхиоч, муу хүмүүс охиныг нь авах гээд байна” гэж ээжийгээ сандаргасан. Бас “Ээжээ хоёулаа манайх руу очих уу” гэж ийм хүнд бэртэлтэй байгаагаа ч мэдэхгүй янз бүрийн юм ярьж байгаа. Ээжийнх нь хувьд охиноо ийм болсныг хараад сэтгэл нь уймарч хэцүүхэн л байна даа” гэв. Сөүлийн нэгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Э.Золзаяа бүсгүйн сахиур буюу түүний нагац эгч Эрдэнэчимэгтэй утсаар холбогдсон юм. Тэрээр “Дүү маань энэ сарын 11 -нд хичээлээсээ тараад гэртээ ирсэн гэсэн. Гэтэл гар утас нь дуугарч гэрээсээ гарсан гэж цагдаагаас хэлж байна. Ингээд 11-12-нд шилжих шөнө ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирж. Тэгтэл цагдаагийнхан эмнэлэгт очсоныг нь мэдэхгүй хайгаад байдаг. Би энд Э.Золзаяагийн ээж буюу төрсөн дүүтэйгээ ирээд цагдаад хандсан. Тэгээд эмнэлэгт ухаангүй хэвтэж байгааг нь оллоо. Ямартаа ч энэ хэргийг шалгаж байгаа. Дүүгийн маань талаар элдэв янзын мэдээлэл гарч байгаад гомдолтой байна. Одоо бие нь тун хүнд байгаа” гэлээ. Э.Золзаяагийн Монголд байгаа хүргэн ахтай уулзаж ярилцлаа. -Та дүүгийнхээ талаар ямар мэдээлэлтэй байна вэ? -Энэ сарын 11-ний орой дүү маань гэртээ байж байтал гар утас нь дуугарсан гэсэн. Тэгээд гадаа гарч хэн нэгэнтэй уулзчихаад удалгүй гэртээ орж ирсэн юм билээ. Дахиад утас нь дуугарч буцаад гараад явсан гэсэн. Цагдаагийн байгууллага шалгаад ийм мэдээллийг Солонгост байгаа манай эхнэр, Э.Золзаяагийн ээж хоёрт өгсөн юм билээ. Харин Э.Золзаяа ухаан оронгуутаа “Муу хүмүүс байна. Намайг битгий орхиорой” гэж тэдэнд хэлсэн гэнэ лээ. Манай энэ дүүг сайтууд дээр янз бүрээр бичсэнд гомдолтой байна. Тэрэн дээр гараад байгаа шиг баар саваар хэсээд байдаггүй. Сургууль дээрээ нэр хүндтэй. Найз нөхөд нь ч дүүгийн маань үнэн байдлыг мэднэ. Тэгээд тусалж дэмжихээр гүйлдээд байгаа гэсэн. -Түүнийг зарим сайтуудаар биеэ үнэлэгч мэтээр бичсэн байна лээ. Солонгост байгаа танай эхнэр, дүү хоёр цагдаагийн газарт нь хандсан байна уу? -Би өдөр болгон л тэдэн рүү ярьж байгаа. Инчоны болон Анса хотын Цагдаагийн газраас тийм мэдээлэл гаргаагүй. Ийм мэдээлэл тараасан хүмүүсийн шалгана гэж албан ёсоор мэдэгдсэн байна лээ. Яагаад дүүг маань ингэж гүтгэж, ямар зорилго цаана нь байгаа нь сонин. Түүний хэрэглэж байсан гар утас, нөүтбүүк зэргийг нь шалгаж, гэрээс нь хэн дуудаж гаргасан болохыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн. -Э.Золзаяа хэзээ Солонгос руу явсан юм бэ? -Тэнд очоод таван жил болж байна. Энэ жил Инчоны их сургуулийн Онгоцны үйлчлэгчийн ангийн дөрөвдүгээр дамжааны оюутан. -Айлын хэд дэх хүүхэд вэ. Сурахынхаа хажуугаар ажил хийдэг байсан болов уу? -Дүү маань багаасаа л амьдралын ухаанд суралцсан байсан. Айлын том охин бөгөөд ээж, хоёр дүүгийнхээ хамт амьдардаг. Тэгээд арван жилд байхдаа зуныхаа амралтаар ажил хийж, дүү нарынхаа хичээлийн хэрэгслийн мөнгийг олдог байлаа. Ээж нь өвчтэй болохоор ар гэрээ авч явдаг ганц хүн нь юм. Тэнд сурч байгаа оюутнуудыг ажил хийхийг зөвшөөрдөггүй гэнэ лээ. Зөвхөн хичээл номондоо л шамддаг. -Найз залуутай байсан уу? -Би тэрийг сайн мэдэхгүй байна. Энэ хүүхэд хэр баргийн юманд бэртэж гэмтэхээр хүүхэд биш. Арван жилд байхдаа бөхийн спортоор хичээллэдэг тамирчин охин байсан. Муухан эр хүнд дээрэлхүүлэхээргүй хүүхэд. Яагаад ийм байдалтай болсонд гайхаж байна. Цаана нь нэг юм байгаа гэж бодож байна. -Тэр нь юу байх гэж бодож байна? -Солонгосын цагдаагаас түүний гар утасны болон нөүт бүүкний, гаднах камерын бичлэг дуудлага зэргийг шалгасан гэсэн. Тэгээд гэртээ хичээлээ хийгээд сууж байсан хүүхэд гэнэт гараад явсан нь сэжигтэй. -Хэнтэй амьдардаг байсан юм бэ? -Ямартаа ч байр хөлсөлж амьдардаг байсан. -Э.Золзаяа зан араншингийн хувьд ямар вэ. Түүнийг сураггүй болсныг ар гэрийнхэн нь хэзээ мэдэв? -Элдэв янзын зангүй, мэриймтгий, идэвхтэй хүүхэд. Ангийнх нь хүүхдүүд болон багш нь түүнийг ямар сурлагатай, хичээнгүй оюутан болохыг сайн мэднэ. Тиймээс туслах гэж гэрэл зургийг нь нийтэлж, тусламж хүссэн. Ер нь Э.Золзаяад сул тал гэж байхгүй. Хичээлээ таслах нь битгий хэл хоцордоггүй дүү маань нэг өдөр хичээлдээ ирээгүйд ангийнхан нь гайхсан юм билээ. Тэгээд гар утас нь салгаастай, ямар ч холбоогүй, хоёр гурав хоноход сандралдаж бидэн рүү хандсан. Уг нь маргааш нь тэмцээнд орох ёстой байсан гэсэн. Тэгээд “Маргааш хувцсаа авчирна” гээд ангийнхнаасаа салсан хүүхэд таг болчихоор тэд гайхна шүү дээ. Дүү маань эмнэлэгт ирэхдээ ямар ч бичиг баримт, цүнх сав, гар утасгүй ирсэн гэсэн. Тэгээд хэн болохыг нь мэдэхгүй цагдаа нар хугацаа алдсан бололтой. Тэрнээс олон хоног сураггүй байж байгаад гэнэт ухаангүй эмнэлэгт ирсэн юм байхгүй. Тийм байдалтай болонгуутаа эмнэлэгт хүргэгдсэн юм билээ. -Эмнэлгийн зардал мөнгө хэд орчим болж байна? -Хоёр удаа хагалгаанд орсон гэсэн. Дахин тавдугаар сарын 7-нд хагалгаанд орох юм гэнэ. Манай эхнэр, хадам дүү хоёрыг тэнд очиход эмнэлгийн зардал 13 сая вон болсон гэж эмч хэлсэн байна лээ. Одоо дахиад хагалгаад орохоор мөнгө их хэрэгтэй. Манайхны хувьд эрүүл саруул хүнээ гадны улс руу сургахаар илгээчихээд ийм байдалтай болсонд гомдолтой байгаа. Хөрөнгө мөнгөний асуудал ч хүнд байна даа. М.Мөнхцэцэг Эх сурвалж: DNN.MN