Wednesday, October 11, 2017

Б.Болороо: Оюутан байхад такси барих хамгийн хэцүү нь байлаа




Б.Болороо гэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон мундаг бүсгүйг хүн бүхэн мэднэ гэхэд хилсдэхгүй. Тэрбээр өнөөдөр нийгэмд эзлэх байр суурьтай, тодорхой хэмжээний нэр хүндтэй нэгэн болж чадсан билээ. Энэ гайхамшигтай бүсгүй төрөлхийн тархины саажилттай ч арван жил, их сургуулиа онц дүнтэй төгссөн. Өөрийн үзэл бодлыг нийгэмд цахим хуудсаар дамжуулан илэрхийлж олны сайшаалд өртсөн. Эрүүл мэндийн хувьд асуудалтай ч хийж бүтээх чин хүсэл эрмэлзлээрээ ажиллаж амьдарч байгаа Б.Болороо хөөрхөн охинтойгоо хайртай ханийхаа хамт амьдардаг. Түүнийг өнөөдрийн хэмжээнд хүрэхэд олон саад бэрхшээл тулгарч байсан талаар багагүй ярьдаг. Үүгээрээ олон залууст хүсэл тэмүүлэл, урам зориг хайрлахыг хичээдэг билээ. Тэгвэл түүний бас нэгэн сайхан түүхээс уншигч тантай хуваалцаж байна. Буянжаргалын Болороо : Миний бэрхшээл гаднаас харахад мангар согтуу юм шиг харагддаг (хүмүүсийн ойлгож хэлдгээр). Оюутан байхад такси барих хамгийн хэцүү нь байлаа, улаан цайм ард гараа өргөж байгааг нь аваад явна, зарим нь замдаа янз бүр болбол яахын гээд авахгүй их хэцүү. Тэгээд олдтол нь гээд зам хороогоод тэнгис, бөмбөгөр хүртэл алхдаг байлаа. Гэтэл нэг өдөр нэг ах хаа хүрэх үү гэхээр нь орбитын цэргийн хотхон 5-аар явчдымаа гээд л суулаа, замдаа баахан л юм ярилаа. Тэтгэвэртэй суугаад унаа аваад таксинд явж байна ах нь хоёр хүүхэдтэй 2-уулаа 30 гарсан хэрнээ ажил хийдэггүй юмаа ах нь тэр хоёртоо ажил хий гэж хэлээд бардаггүй юм, намайг өнгөрөөд өгөхөөр өөрсдөө амьдралаа авч явах гэж их л зовох байхдаа гэснээ тэгэхэд чи хүнд элдэв янзаар хэлүүлэн байж ингэж сурах гээд амьдрах гээд явж байдаг шал эсрэг тэсрэг юм даа гээд санаа алдсан. Ээж чинь чамайг сургах гэж хамаг байдгаа барж байгаа юм байна даа ахын дүү заавал амжилттай яваарай ах нь чамайг үнэгүй хүргэж өгнө өө май энэ ахынх нь өнөөдрийн орлого гээд 3000 төгрөгөө өгсөн юм. Би санаа зовоод өө яахын бэ тийм даварсан юм гэж юу байхав гэсэн чинь голоогүй л бол аваа ах нь амьдралд хайртай хүнд дуртай, манай хоер хоосон хонох хамаагүй гэж байсан юм. Бэлтгэсэн: А.Тэмүүл