Tuesday, October 17, 2017

Хүчирхийлэл үйлдэж хоригдсон нөхрөө эхнэр нь суллуулахыг хүсдэг

Яг одоо Төрийн ордны В танхимд болж буй УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны хуралдааны эхэнд таван
настай охиныг хүчирхийлсэн гэх асуудлыг хэлэлцэж байна. Уг асуудлаар Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар "Таван настай охин хүчирхийлүүллээ гээд очиход 10 мянган төгрөг нэхэж байдаг ийм байгууллага байгаа нь ёс зүйтэй асуудал мөн үү. Тиймээс насанд хүрээгүй хүүхдээс төлбөр авдаггүй байх саналыг хэлмээр байна" гэв.

Мөн тус хуралд Хүний эрхий үндэсний комиссын төлөөллүүд оролцож байна. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Бямбадорж хэлэхдээ "Нийгмийг эмзэглүүлсэн, бухимдуулсан энэ асуудлыг бид хэлэлцэх ёстой. Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөхөө асуудал цөөнгүй байгаагаас гадна нийгэмд бас нэг хаалттай өрнөж буй асуудал хүүхдээ тээж гараад зардаг асуудал бий болоод байна. 

Тиймээс хилээр нэвтэрч буй эмэгтэйчүүдийг жирэмсэн эсэхийг нь шалгадаг. Эргээд эх орондоо ирэхэд нь тээж байсан хүүхдийг нь яав гэдэг асуудлыг ярьж үүнийг хуулиар зохицуулах шаардлагатай байна. Өнөөдөр 2015-2017 оны хооронд 298 хүүхэд хүчирхийлэлд өртсөн аймшигтай тоо байна. Яг одоо мөрдөн байцаалтын шатандаа яваа хэрэг дотор 4 настай, 1.5 настай хүүхдийг хүчирхийлсэн гэсэн хэргүүд байна. 

Хойд эцэг нь охиноо, эсвэл төрсөн эцэг нь хүүхдээ хүчирхийлсэн хэрэг гарч, хориход эхнэр нь “Гаргаж авна. Орлогогүй болж, амьдрал хүндэрч байна” гэдэг асуудлыг тавьдаг.

Насанд хүрээгүй боловч хүүхэд төрүүлсэн 1613 охин байна. Нууцаар үр хөндүүлж байгаа насанд хүрээгүй охидын тоо өнөөдөр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн. Энэ бол монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм шүү" гэдгийг хэлэв. Хурал үргэлжилж байна.
Эх сурвалж www.wikimon.mn