Friday, October 13, 2017

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хүчтэй байлгах Сайд нар

Шинээр Засгийн газар бүрэлдэн тогтнож байна. Хүн бүр өөр өөрийнхөөрөө харж,
хаацайлах нь хаацайлж, үгүйсгэх нь үгүйсгэн бичиж, ярьж байгаа энэ үед тэд чухам хэн бэ гэдэг нь илтэд сонирхол татаж байна. У.Хүрэлсүхийн бүрдүүлж буй энэ Засгийн газар харин ч хүчтэй Засаг болж бүрэлдэж байх шиг... Ингээд шинэ сайдуудыг нэгбүрчлэн танилцуулъя.
               Засгийн толгой “хурц” У.Хүрэлсүх
Шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх. Мэргэжлийн Засгийн газрын Шадар сайдаар ажиллаж байсан тэрбээр албаа өгч, “үүрэг гүйцэтгэж” байгаад томилогдсон анхны Ерөнхий сайд гэдэг нэрийг өөртөө авч ирэв.   Сонгогчдын итгэлийг хүлээж явсан тэрбээр энэ удаад цорын ганц “дан дээлтэн” юм. Түүний байгуулсан Засгийн газар хамгийн хүчирхэг нь байж мэдэх. Учир нь сайд нарын нэрсээс харахад энэ нь ч нэг тиймхэн дээ гэж хэлчихээр хүн алга. Эрс шулуун зангаараа “түрэмгийлэгч”  тэрээр яалт ч үгүй Хүрэлсүх нэрийнхээ урд “хурц” гэсэн тодотголтой явсаар өнөөдөртэй золгов. Одоо түүний нуруун дээр Монгол Улсын Засгийн газрыг авч явах том үүрэг хариуцлага ирлээ.  
   Ерөнхий сайдын зангаргатай Ө.Энхтүвшин
Энэ Засгийн газрын Ерөнхий сайдад зүтгээд, намын нөхдийнхөө саналаас багагүй хувийг авч чадсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Шадар сайдаар ажиллах эрхтэй болж байна. Ер нь “нөгөө” талд түүнээс өөр хүн Шадар сайдын албыг мөр тэнцүү үүрчихгүй биз. Ерөнхий сайдын сунгаанд У.Хүрэлсүхтэй чадлынхаа хэрээр уралдсан байдлаас нь харсан ч тэр Шадар сайдад хүлээн зөвшөөрөгдөнө. Нэгэн цагт МАН-ын даргын албыг хашиж байсан зэрэг нь ч түүний зангаргыг илтгэнэ.
              ЗГХЭГ-ын дарга нь Г.Занданшатар
Г.Занданшатар гэх энэ эрхэм Баянхонгортоо төдийгүй Монголын улс төрд өөрийн гэсэн байр суурьтай, төрөлх имижтэй нэгэн. Нэрнээс нь л түүний бодлоготой, хаашаа нүүхээ сайн мэддэг нь харагдах мэт. ЗГХЭГ-ын дарга гэдэг эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй хүний чиглүүлэх ажил баймаар. Түүнд эзэмшсэн мэргэжил, улс төрийн туршлага нь чиг болох биз. Тэр ч утгаар нь Г.Занданшатарыг энэ албанд тохоон томилох санаа Ерөнхий сайдад нь төрсөн биз...
        Хууль зүйн яамны хуучин хүн Ц.Нямдорж
 Хамгийн зөв хүнээ Хууль зүйн сайдад нэр дэвшүүлж байх шиг. Монголын хуулийг нэвт шувт мэдэх Ц.Нямдорж гэх энэ эрхмийг найман настай балчир ч танина. Хуулийн дээр хөх тэнгэр бий гэдэг. Тэгвэл хуулийн дэргэд Ц.Нямдорж байх нь зохилтой мэт. Түүний байгуулсан гавьяа их ч ахиад хийх шинэ соргог, эсвэл хуучин алдааг залруулах ажил тосож буй. Хуулийг Монгол улсын хоточ банхар мэт хүн л сахиулна. Доодостоо голдуу хууль үйлчилдэг болсон энэ цаг үед эрх тэгш үйлчлэх  замыг нь засах хүн гэж харж байгаа...
        Намдуу Н.Энхболд Монголыг Батлан хамгаална
  УИХ-ын дарга М.Энхболдын зүгээс Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлээд хол хоцорсон гэх шуугианы ард түүний нэр Батлан хамгаалахын сайдад орж иржээ. МАН дотроо өөрийн гэсэн ноён нуруутай тэрбээр Ерөнхий сайдын сунгааны үеэр үг ч дуугаралгүй, “гэлдэрсээр” барианд орсон. “Михиалд нэг бодол” байсан биз. Намдуу дөлгөөн түүний хувьд Батлан хамгаалахын салбарыг дэнхийтэл өргөх хүч дотор нь нуугдаж буй нь мөн гарцаагүй. Энэ том намын хүлээн зөвшөөрөгдсөн лидрийн хувьд шүү дээ...
        Хүлээсний эцэст Ч.Хүрэлбаатар Сангийн яаманд очих нь
 Ч.Хүрэлбаатар гэдэг нэр шинэ Засгийн газар байгуулагдах тухай ярианаас ч өмнө сошиалаар “нисч” л байсан. Гол нь энэ салбарт ирчихээсэй гэсэн өнцгөөс шүү дээ... Өөрөөр хэлбэл олны хүсэл тийм байв. Олон түмэн ч түүнээс хүсэхээ хүсэж хүлээхээ хүлээх биз ээ...  
    Уул уурхайг өргөх сайд Д.Сумьяабазар
Ямартаа ч Монгол түмний хүндэтгэдэг Улсын аварга Д.Сумьяабазар Уул уурхайд сэтгэл чилээх нь. УИХ-д хоёр ч удаа суудал эзэлсэн түүнийг бөхөөр харах нэгэн байхад, улс төрчийнх нь хувьд хүлээн зөвшөөрөх хүн олон. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн дэмжлэгийг хоёронтоо авсан түүнд тойргийнхон нь ам сайтай юм билээ. Учир нь тус дүүрэгт хуваагдмал байдалд орчихоод талцаж “нүдэлдчих” гээд байсан намын нөхдөө зангидсан хүн. Цаашлаад түүнд мэдлэг боловсролын өргөн цар хүрээ буйг бөхчүүд ч хүлээн зөвшөөрдөг.
Эрчим хүчийг эргүүлэх Ц.Даваасүрэн
      Өөрөө тэр салбараас ажлын гараагаа эхэлсэн хүний хувьд Эрчим хүчний сайдад томилогдоно гэдэг сайн хэрэг. Зовлонг нь ч ойлгоно, жаргалыг нь ч мэднэ гэсэн үг. Улс төрчийнхөө хувьд хэлэхээ хэлчихдэг, халуун зүрхтэй хүн л дээ. Энэ Засгийн газарт хийсэн ажилтай хэлэх үгтэй сайд байж чадах чанарууд түүнд бий. Хөвсгөл нутгаас сонгогдсон түүнийг олон түмэн ч хүлээн зөвшөөрөх биз. УИХ-д гурвантаа суудал  эзэлж, үгээ хэлж байгаа түүнийг ЭХЯ-ыг тэргүүлж буйтай барьцах гишүүн ч гарахгүй биз.     

     Гадаад улс орны харилцааг Д.Цогтбаатар анхаарна
Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар томилогдож байна. Боловсролтой, соёлтой гэгддэг түүний нэр хүнд Монголын нэр хүндийг гадаад улс оронд өргөнө гэж харж байгаа. Зөөлөн чанар нь давамгай мэт харагддаг түүний дотор бүхэл бүтэн улс эх орны гадаад харилцааг хариуцах чадвар, эр зориг нуугдаж явсан байх нь. Түүнд итгэл хүлээлгэхэд гэмгүйг намын нөхөд нь ч тэр нам бус мань мэт нь хоорондоо ярилцдаг. Д.Цогтбаатарын хувьд хэнтэй ч ойлголцоод, улс эх орныхоо эрх ашгийг өмнөө тавиад ажиллаж чадах хүн мөн л дөө.                

          Салбараа таних “сахалт” сайд Ж.Бат-Эрдэнэ
Булган аймгаас УИХ-д нэр дэвшин сонгогдсон Ж.Эрдэнэбат Зам тээвэр,хөгжлийн сайдаар томилогдох нь. Тэрбээр тус  салбарыг мэдэхийн хувьд  бол мэднэ. Саяхан түүнийг “хуулийн дайтай төсөл санаалчиллаа” энэ тэр гэсэн мессеж нисээд байсан. Ер нь инээмсэглэлийнхээ наана сахал дэрвийлгэж имижээ бүрдүүлсэн энэ эр Авто тээврийн үндэсний газар, МТЗ,  МИАТ зэрэг Монголын томоохон байгууллагуудын салбарт удирдах алба хашиж байв. Орос “школ”-той түүнийг Зам тээвэр Аялал Жуулчлалын Яаманд Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байснаар нь хүмүүс  сайн мэдэх билээ.   
        Барилгын Х.Баделхан
Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделхан гишүүн тодорч байна. Казах түмний хувьд баяртай байх нь аргагүй. Түүний хувьд нутгийн зон олныхоо итгэлийг хүлээж УИХ-д сонгодсон. Цаашлаад Сайдын сэнтийд заларч, яам удирдах эрхэм үүргийг хүлээв. Аймагтаа Засаг даргын албыг үүрч байсан, УИХ-д хоёронтоо сонгогдсон гавьяа нь түүнд сайдын суудал ч ахдахгүй л дээ.
    Эрүүл мэндийн манаанд зогсох сэтгүүлч сайд Д.Сарангэрэл
Сэтгүүлчдийн алга ташин дэмжигч нэгэн хүн сайдаар томилогдохоор болов. Эрүүл мэндийн сайдын амаргүй албыг хүлээсэн тэр хүн бол мэдээж, “ТҮ5-ын” гэгдэх Д.Сарангэрэл. Сэтгүүлчид салбар салбарын ойлголттой, мэдлэгтэй. Түүнд энэ алба ахдахгүй. Бодлого чиглүүлээд авч явах хүнийг заавал нярайн эмч, мэс заслын доктор байх ёстой гэдэг мунхаг ойлголтоосоо бид салаагүй л байна. Харин Д.Сарангэрэл гишүүний хувьд энэ ойлголтыг үгүйсгэж чадах сайд байна гэдэгт олон хүн итгэж байгаа...
     Хөдөлмөр нийгмийн хамгааллын “хуучин бууны хугархай” С.Чинзориг
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар “хуучин бууны хугархай” нь очих бололтой. С.Чинзориг гэх энэ хүн тухайн салбарыг удирдаж явсан удаатай. Өвөрхайнгай аймгийнхны итгэлийг хүлээж, УИХ-д сонгогдсон тэрбээр энэ салбарт гуравдах удаагаа томилогдож байгаа юм. Сайд, дэд сайдын албын хашиж явсан энэ эрхэм Өвөрхангайн ИТХ-ын дарга, Засаг даргын орлогчийн албанд зүтгэж явсан хашир туршлагатай улс төрч юм..   

   Танигдсан яамны танигдаагүй сайд Н.Цэрэнбат
Батлан хамгаалахын сайдад нэр нь яригдаад эцэстээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар тодрон гарч ирж байгаа Н.Цэрэнбатыг бараг таних хүн үгүй биз. Бизнесийн салбараас “урваж”, улс төрийг сонирхож, улмаар сайдын сэнтийг шохоорхон гарч ирсэн түүнийг хол явах хүлэг гэлцэнэ. УИХ-ын гишүүн байгаад танигдахгүй байгаа түүнийг Монгол улсын Батлан хамгаалахын сайдаар зүтгүүлээд боломгүй болохоор нь Байгал орчин аялал жуулчлалын сайдын сэнтийд залахаар болов. Залуу хүн, эрч хүчтэй гэдэг утгаараа энэ Засгийн газарт хүч нэмэх биз.
Баянзүрхийн Б.Батзориг Хүнс Хөдөө Аж Ахуйг толгойлно
Баянзүрх дүүргийн Засаг дарга байхаасаа л олны хараанд өртсөн түүнийг “банхар” ч гэдэг. Учир нь тус дүүргийг удирдаж байхдаа Офицеруудын ордны зүүн өмнө нохойны хөшөө босгож олны анхаарлыг татаж байсан удаатай. Одоо ч тэр нохой эзнээ төлөөлөн тэндээ сүрийг үзүүлсээр байгаа. Тэрбээр энэ салбарын өөрийн босгосон хөшөөнийхөө адилаар үнэнчээр авч явах нь тодорхой гэж харагдаж байгаа.  Энэ салбарын үнэнч зүтгэгч байж чадах хүн яах аргагүй тэр.
        БСШУС-ын сайд "хүүхдийн" Ц.Цогзолмаа
“Хүүхдийн” Ц.Цогзолмаа гэгдэн улс төрд хөл тавьсан тэрээр энэ Засгийн газрын хоёр эмэгтэй сайдын нэг болж байна. Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын даргаар ажиллаж байсан туршлага түүнд бий. Нам дотроо ч нийгмийн хүрээнд ч тэр өөрийн гэсэн байр суурь, нэр хүндтэй нэгэн гэж харж болохоор. Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны үндсэн чиг арга, баримжааг тэр аль эртнээс мэдэх хүний нэг гэж харагддаг. Гэвч түүний ажиллах арга барил л цаашдынх нь зам мөрийг тодорхойлох билээ.
  Ийм л учир шинэ Засгийн газар хүчтэй, нэр хүнтэйгээр ажлаа авч явахаар харагдаад байгаа юм. Мөн намын нөхөд нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт итгэл хүлээлгэн цаашид зүтгүүлэхээр зэхэж байна. Монгол Улс мандан бадраг! Шинэ Засгийн газрын Сайд нарын тухай дэлгэрэнгүйг www.zindaa.mn сайт цувралаар хүргэх болно.
З.Говьсайхан
www.zindaa.mn