“Бага насны охидоо салхилуулахаар Туул голын эрэг дээр очоод согтуу залууст
автомашинаа мөргүүлж, өөрөө зодуулан эрүүл мэндээрээ хохирчихоод байна. Зодсон хүн нь мэргэжлийн тамирчин хүн. Сая улс орноо төлөөлж Азийн танхимын болон тулааны V наадамд курош бөхийн шигшээ багт явчихаад ирсэн байгаа. Тамирчин хүн бусдаас илүү ёс зүйтэй, олны хүндлэлийг дааж явах чадвартай, тэсвэр тэвчээртэй байх ёстой гэдэг утгаар бусад тамирчдад сануулах үүднээс танай сайтад хандаж байна” гэсэн нэгэн иргэнтэй ярилцлаа.
Өөрийгөө танилцуулна уу. Ямар шалтгаанаар бидэнд хандах болсон талаараа ярина уу.
Намайг Б.Доржсүрэн гэдэг. Өнгөрсөн хавар буюу тавдугаар сарын 26-ны өдөр охидоо салхилуулахаар эхнэрийнхээ хамт Их тэнгэрийн амны харалдаа Маршалын гүүрний зүүн талд Туул голын эрэг дээр очсон юм. Гол гарах санаатай машинаасаа дөнгөж буугаад гарам руу алхаж явтал манай машины урд ... улсын дугаартай хар өнгийн жийп машин ирж зогсоод огцом хойш ухарсан. Тухайн үед эхнэр, охид маань машинаасаа бууж амжаагүй байсан болохоор эхнэр маань машиныхаа сигналыг дарж, би ч эрэг дээрээс машин руугаа гүйж ирсэн. Ухарч буй машин яах ийхийн зуургүй огцом ирээд мөргөчихсөн. Ингээд хар жийпнээс гурван согтуу залуу бууж ирсэн. Тэд “Яагаад ард ирээд зогсчиховоо гэж агсарч эхэлсэн”. Мөргөсний улмаас манай машины урд гупер хагарсан, харин жийпэнд зурааснаас өөрөөр гэмтэл гараагүй байсан тул “Гупер төлж өг. Эсвэл цагдаа дуудаж асуудлаа шийдүүлье” гэж хэлтэл нэг нь “Муусайн гуйлгачдад 100,000 төгрөг л өгвөл болоо. Битгий даварцгаа” гэж дайрч эхэлсэн. Эхнэр бид хоёр “Засварын газар ч 100,000 төгрөгөөр янзлахгүй, бидэнд тэгж явах зав алга. Гуперний мөнгө өг” гэхэд “Төлөхгүй, цагдаагаа дууд. Яах гэж хойно зогссон юм. Гуйлгачид минь зайлцгаа. Яасан даварсан юм бэ” гэх зэргээр их муухай доромжилж, инээлдэж байсан. Бидэн рүү илүүтэй дайрч доромжлоод байсан залуу машин руугаа орчихоор нь түүнийг харах санаатай урагш алхтал миний хажууд зогсож байсан “машины эзэн” гэх залуу намайг түлхсэн. Би ч зөрүүлээд мөрөөрөө түлхтэл тэр шууд намайг газарт унагааж улаан нүүр рүү хоёр ч удаа маш хүчтэй цохисон. Эхнэр хүүхдүүд орилохтой зэрэг машинд сууж байсан найзууд нь бууж ирж намайг цохиж байсан залууг салгасан. Энэ явдал хоромхон зуур болоод өнгөрсөн. Нүд орчмоор маш их өвдөж, баруун нүднээс цус ихээр гарч эхэлсэн. Цус асгараад тогтохгүй, нүдэнд нулимс цийлэлзээд юм ч харж чадахгүй хэсэг зуур ухаанаа алдчих шиг л болсон. Эхнэр маань цагдаа дуудаж байхыг, хүүхдүүд уйлаад холоос харж зогсож байсныг л санаж байна. Намайг зодсон залуу, түрүүний хэрүүл өдөөд хатгаад байсан залуу хоёр бушуухан машиндаа суугаад гол гараад явчихсан. Харин нэг нь үлдэж хажууд зогсон утасны дугаараа орхиод “Цагдаа ирвэл хэлээрэй” гээд явсан. Тэр үед голын гарам дээр хуушуур ундаа зардаг /бүхээгтэй машинтай зогсоод/ хүмүүс ирж цусаа тогтооход минь тусалсан.
Цагдаа хэдэн цагт ирсэн бэ? Ямар зөвлөгөө мэдээлэл өгсөн бэ?
Дуудлага өгснөөс хойш бараг цагийн дараа буюу 17 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн автын цагдаа ирж, хэмжилт хийгээд, худалдаа хийж байсан гурван хүний утасны дугаарыг аваад, биднээс мэдүүлэг аваад явсан. Тухайн үед цагдаа өөрийн станцаараа хар жийпний улсын дугаарыг бусад цагдаа нарт хэлж, зарлуулсан. Тэр өдрөө дүүргийнхээ цагдаагийн хэлтэст очиж өргөдөл өгч, ослын газраас зугтсан машиныг эрэн сурвалжлуулж хэрэг үүсгэсэн.
Танд ямар гэмтэл учруулсан бэ? Та оношоо тогтоолгосон уу?
Бид 5 сарын 26-ний өдрөө ГССҮТ дээр очиход “Нүдний нарийн гэмтлийг бид үзэхгүй. Мэргэшсэн эмч дээр оч” гээд улсын I эмнэлэг рүү явуулсан. Маргааш нь томографын зураг авахуулж, оношоо тодорхойлуулахад “Нүдний уг ярагдсан, нулимсны суваг тасарсан. Ухархайн яс цөмөрсөн” оноштой гарсан. Ингээд хоёр хоногийн дараа буюу 5 сарын 29-нд нүдний нулимсны суваг залгуулах хагалгаанд орж гуурс тавиулсан. Одоо ч гуурстайгаа байгаа. Энэ гуурс нь зургаан сар байх ёстой бөгөөд гуурсыг авах хагалгааны үеэр ухархайн ханын яс шахах мэс засалд дахин орох шаардлагатай болсон. Нулимсны суваг маш нарийн учир залгаж оёж болдоггүй, гуурс гүйлгэснээр өөрөө л холбогдох ёстой. Гэхдээ үүнийг 6 сарын дараа л холбогдсон эсэхийг мэднэ гэж хэлсэн. Хагалгаа хийлгэснээс хойш ухархай болон нүдний орчмоор байнга зовиурлаж, нүд аргаж хорсон, нулимс нуух цувж явах болсон. Энэ хугацаанд Энэтхэгийн нүдний эмчид үзүүлсэн. Энэтхэгт очиж нүдний нулимсны сувгийг солиулах шаардлагатай, сувгийн эмчилгээг маш сайн хийхгүй бол нулимс хэвийн ялгарахгүйгээс болж нүдний хараа муудах, үрэвсэх зэрэг өөрчлөлт гардаг гэсэн байгаа. Нулимсны сувгийг эмчилсний дараа ухархайн ясны хана шахах мэс заслыг ч хийнэ гэдгээ хэлсэн.
Таныг зодсон залуугийн талаар мэдээлэл байна уу? Та бүхэнтэй холбоотой байж, туслаж байгаа юу?
фэйсбүүкдээ ийн постолжээ
Түүнийг Борын Алтангэрэл гэдэг. Кураш бөхийн Улсын аварга тамирчин хүн байна лээ. Түүний пэйж хуудаснаас харахад “Гарудо” клубуудын нэр дээр тэмцээнд оролцож жюү жицү, жудо, курош бөхөөр хичээллэдэг хүн байна лээ. Сая есдүгээр сарын 17-27-нд Туркменстанд болсон Азийн ААШТ-д оролцоод ирсэн. Ер нь улсын аварга болсон учир тив дэлхийн чанартай томоохон тэмцээнүүдэд явах эрхтэй, спорт сонирхогчдын дунд хэдийн танил болсон нэр алдартай, мэргэжлийн тамирчин хүн гэдгийг нь хувийн журмаар судалж мэдсэн. Зодсоныхоо дараа бидэнтэй уулзаагүй, өгсөн дугаар нь холбогдоогүй. Харин тэр өдрөөс хойш хоёр сарын дараа уулзаж “Хийлгэсэн хагалгааны чинь мөнгө” гээд нэг сая төгрөг өгсөн. Уг нь бид хагалгаа болон шинжилгээ, эмчилгээ гээд түүний өгснөөс илүүг зарцуулсан байсан. Уулзахдаа “Би удахгүй тэмцээнд явах гээд байна. Хэдийг өгвөл болох вэ” гэж асуусан.
Мөн дахиж нэг уулзаад “Та нарын хүсээд байгаа мөнгийг өгье, мэдүүлгээ өөрчлөөд өгчих” гэж хэлээд бид татгалзаад салсан. Түүнээс хойш огт уулзаагүй. Уучлалт гуйж, биеийн байдлыг асуусан удаагүй. Өмгөөлөгчөөрөө дамжуулаад “Дараагийн хагалгаа хийлгэхийн тулд гадагшаа явах хэрэгтэй байгаа, эмчилгээний зардлаа авах хэрэгтэй байна” гэтэл Б.Алтангэрэл “Би их хэмжээний мөнгө өгч чадахгүй” гэсэн байна лээ. 12 сард хагалгаанд орохын тулд сарын өмнө мөнгө төгрөгөө өгч захиалгаа өгдөг гэж зуучлагч байгууллага маань хэлсэн.
Их хэмжээний мөнгө гэдэг нь хэдэн төгрөг юм бэ?
Одоогоор гурван сая гаран төгрөг эмчилгээ, эм, тариандаа зарцуулаад байна. Хамгийн хямд төлбөртэй газар болох Энэтхэг улсад хагалгаанд ороход хагалгааны зардал нь 6500 доллар, тэнд байрлах буудал, хамт явах асрагчийн зардалтайгаа нийлээд 9500 орчим доллар болж байгаа.
Хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа байх. Ямар шатандаа яваа вэ?
Хэрэг гардаг өдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр өргөдөл өгснөөс хойш эрэн сурвалжилж хоёр сарын дараа Б.Алтангэрэлийг олсон. Харин Эрүүгийн цагдаа Б.Алтангэрэлээс мэдүүлэг авахад "Зодсон нь үнэн. Гэхдээ согтуу байгаагүй" гэж мэдүүлсэн байна лээ. Түүний согтуу байсныг манай гэр бүлийнхнээс гадна ундаа зарж байсан хоёр эмэгтэй, тэдний мэдүүлэг, хэрэг болохоос өмнө өөрийнхөө фэйсбүүкт постолсон түүний мэдээллүүд ч байна.
Өмгөөлөгч М.Түмэннаст: Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа. Удахгүй прокурор луу шилжих байх. Хэрэг шалгагдаж байгаа үед мэдээлэл өгөх хориотой байдаг. Хамгийн гол нь миний үйлчлүүлэгч эрүүл мэндээрээ хохирчихоод байна. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд энэ гэр бүл эдийн засгийн маш их хохирол амсаад байна. Сэтгэл санааны хохирлыг бүр ярилтгүй. Нүд нь байнга өвддөгөөс хөдөлмөр эрхэлж чадахгүй, зөвхөн эхнэрийнхээ цалингаар амьдарч байна.
Уулзаад ярилцахаар “Их хэмжээний мөнгө өгч чадахгүй. Эсвэл мөнгө өгье, мэдүүлгээ өөрчилчих” гэдэг гэж үйлчлүүлэгч маань хэлсэн байна лээ. Тэр уулзалтын бичлэг нь ч байна лээ. Хэрэг хуулиараа шийдэгдээд явна. Гэхдээ нэн түрүүнд хүний эрүүл мэнд шүү дээ. Шинээр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиар хүний эрүүл мэндэд санаатай хүндэвтэр хохирол учруулсан тохиодолд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн заалт бий. Нэгэнт зорчих эрхийг хязгаарлаагүй тул торгох, ажил хийлгэх шийтгэл байгаа учраас хохирлыг барагдуулах тал дээр нөгөө залуу маань төдийлөн санаачлагатай биш, сэтгэл гаргахгүй байгаа хандлага ажиглагдаж байна.
Ер нь өмгөөлөгч хүний хувьд хэлэхэд тамирчид, бөхчүүд зэрэг бяр чадалтай хүмүүс энгийн иргэдийг зоддог, мөнгөөр аргалаад өнгөрдөг, дахиад л зоддог хэвшил тогтчих вий, ёс зүйтэй, жудагтай байгаасай гэх хүсэл байна.
Хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа гэж та хэлсэн. Ямар ажил хийдэг байсан бэ?
Эрүүл мэндийн байгууллагад борлуулагчаар ажилладаг байсан. Нүдэндээ хагалгаа хийлгэснээс хойш байнга нулимс гоожиж, торж өвддөг болсон. Тиймээс машин барьж чадахгүй, ажлаа хийх боломжгүй болсон. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд манай гэр бүл ганц эхнэрийн маань цалингаар амьдарч байна. Том хүү маань оюутан. Сургалтын төлбөрийг төлөхийн тулд цалингийн зээл хүртэл авсан. Одоо хашаа байшингаа зарахаар зар тавьчихсан байна. Нүднийхээ хагалгаанд орчих юмсан гэсэндээ л ингэж байгаа хэрэг шүү дээ. Эдийн засгийн хувьд үнэхээр хүндрэлтэй байна. Өмнө нь манайх амьдралаа боломжийн аваад явдаг айл байлаа.
Түүнчлэн хамгийн хэцүү зүйл нь сэтгэлзүйн хувьд хэцүү байгаа. Бага насны 2, 5 настай хоёр жаахан охиныхоо нүдэн дээр хүнд цусаа асгартал зодуулаад зогсох аав хүнд ямар санагдах билээ.Гол дээр сууж салхилахаар очоод машинаа мөргүүлээд, цусандаа будагтдал зодуулаад, ядуу гуйлгачнаараа доромжлуулаад, эцэст нь эмзэг эрхтэн болох нүдээ гэмтээчихээд цагдаагийн байгууллагаа түшихээс өөрөөр өөр хаана хэнд хандахаа ч мэдэхгүй хэцүү байлаа. Гэхдээ өөрийнхөө гаргасан буруу үйлдэлд гэмшихгүй, бусдын эрүүл мэндийг хайхрахгүй бусдын адил баярлаж цэнгээд, тэмцээн наадам хэсээд жаргалтай яваа “сайн хүний дүр эсгээд” яваа түүнийг хараад дургүй хүрч танайд хандахад хүрлээ. Өнөөдөр тамирчдын нэр хүндийг энэ мэт хүмүүс гутааж яваад харамсалтай байна. Цаашид “Тамирчдын ёс зүйн хороо”, “Спортын холбоод”, “Хүний эрхийг хамгаалах байгууллага” гээд хандах ёстой байгууллагууддаа хандаад явна. Тамирчин хүн эр бяр, хүч чадалтай байхаас гадна бусдыг гэх сэтгэлтэй, ёс зүй, жудагтай байх ёстой шүү дээ.
Эх сурвалж http://time.mn/n/lD4