Өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, “Монгол кино” үйлдвэрийн хойно байрлах 204 дүгээр байрны гадна фасадны ажил хийж байсан дөрвөн хүн найман давхараас унасан харамсалтай хэрэг гарлаа. Унасан хүмүүсийн гурав нь газар дээрээ нас барж, яаралтай түргэн тусламжийн 103-ын машинаар нэг иргэнийг ГССҮТ-д хүргэх замд амьсгал хураав.
Энэ талаархи дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 15:01 цагт ирж, дуудлагын дагуу аврах баг ойр орчмыг аюулгүй болгох ажил хийсэн байна. Одоогоор цагдаагийн бие бүрэлдэхүүн ослын газрыг хамгаалалтад авч, хэргийн газрын үзлэг, шалгалт хийж байгаа юм.