Friday, January 5, 2018

Д.Муратын нүцгэн зургийг дэлгэсэн эмэгтэй дахин баримт дэлгэлээ

indaa.mn сайт "Дуулианы мөрөөр" цуврал булангийнхаа эхний дугаарыг уншигчиддаа
хүргэж байна. Энэ удаад бид садар самууны хэрэгт холбогдсон  УИХ-ын гишүүн Д.Муратын хэргийг онцоллоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд УИХ-ын гишүүн Д.Мурат Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү ёс бус зураг явуулж, сэтгэл санааны дарамт учруулан, биед нь хэд хэдэн удаа гар хүрч байсан гэсэн мэдээлэл гараад байгаа юм.
Хэргийн мөрөөр бид гомдол гаргасан Б.Бахытгүл гэх эмэгтэйтэй холбогдож, болсон явдлын талаар тодрууллаа.
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр таны гомдлын тухай мэдээлэл цацагдаж, олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Та Д.Мурат гишүүнтэй ямар харилцаатай байсан юм. Яагаад ийм байдалд хүрчих вээ?
-Тэр хүнтэй би ажил хэргийн л харилцаатай. Муратын туслах нь надаар олон удаа орчуулга хийлгэж, намтар бичүүлж байсан. Тэр болгонд нь би орчуулгыг нь  хийж, хүмүүсийн хэлэх үг, намтар зэргийг нь бичиж  бэлддэг л байлаа. Тэгээд л танилцсан. Мэндийн зөрүүтэй л өнгөрдөг байсан юм.  Гэтэл 2017 оны гуравдугаар сараас Мурат над руу мессеж бичиж, янз бүрийн зураг  явуулах болсон.
Би энэ бүхнийг нь эсэргүүцсэнийхээ төлөө хэд хэдэн удаа зодуулсан. Үүний улмаас би биедээ хүнд гэмтэл авч эмнэлэгт хэвтдэг байсан. Үүнийг нотлох эмчийн бичиг байгаа. Мөн намайг зодуулах үед байсан туслахыг олж өгөхийг цагдаагийн газраас хүссэн. Туслах нь намайг зодуулсныг гэрчлэх болохоор ажлаас нь халсан байх. Намайг зодуулах үед байсан бас нэг хүн нь түүний дүү болох жолооч юм. Муратын том хүү нь надтай ойролцоо настай. Хүү нь 3 жилийн өмнө орон нутагт орон сууц бариулсан. Би тус байрнаас нь ипотекийн зээлээр 20 жилийн хугацаатай, урьдчилгаа 21 сая төгрөг төлөөд байр авсан. Гэтэл энэхүү асуудал дэгдсэний дараагаар намайг үнэгүй байр авсан гэх мэт цуурхал тарааж эхэлсэн. Мурат нь 3 утас, 3 дугаартай. Тэр дугааруудаасаа янз бүрийн зүйлийг над руу бичдэг байсан.  УИХ-д сууж буй Гантулгын тухай мэдээг анх сонсоод жигшүүртэй санагдаж байсан. УИХ-ын гишүүн гэхээрээ хүнийг дарамталж, боолоо болгож болдог хэрэг үү. Монгол Улсын төрийг шившиг болгосон Гантулга, Мурат нарыг огцроосой гэж хүсч байна.
- Таны гомдол шалгагдаж байгаа юу?
- Миний гомдол Баян-Өлгий аймагт шалгагдаж байгаа. Анх  12 дугаар сарын 4-нд Эрүүгийн Цагдаагийн хэлтсийн 4-р тасгийн ахмад Түвшинбаярт  хэргийн тухай бүх мэдээллийг өгсөн. Миний гомдлыг хүлээж авсан цагдаа намайг Мураттай эвлэрч, тохиролцохыг шаардаж байсан юм. Саяхан би хотод очоод Мураттай уулзсан. Зургаан цагийн турш намайг гомдлоо татаж авахыг ятгасан. Тэр үед Мурат хэлэхдээ “Олон хүн миний талд байгаа. Тиймээс чи юу ч хийж чадахгүй. Би Баттулга Ерөнхийлөгчтэй найз. Тиймээс миний талд шийдвэр гарна. Та нар хуулиар юу ч олж долоохгүй” гэсэн. Энэхүү яриаг би бичиж авсан. Нотолгоо байгаа. Өчигдөр миний фэйсбүүкийг хакердан мессенжэрт буй мэдээллийг устгахыг оролдсон байсан. Азаар би фэйсбүүкийн кодоо сольж мэдээллээ хадгалж үлдсэн.
- Таны тавьсан зургийг эвлүүлэг гэсэн мэдээлэл гараад байна?
- Хуурамч байх ямар ч боломжгүй. Тэр хүн над руу ёс зүйгүй зураг явуулж, дарамталж байсан нь үнэн. Хэрвээ үнэхээр тэр зураг, материал, мессежүүд хуурамч байсан бол том хүү нь надад 100 сая төгрөг өгье гэхгүй байсан. Миний өмгөөлөгчтэй уулзаж мөнгө өгч, намайг өмгөөлөхийг нь болиулах гэж оролдохгүй байсан юм. Би Баян-Өлгий аймгийн хамгийн сайн өмгөөлөгчийг хөлсөлж байгаа. Миний ил гаргасан зургуудыг эвлүүлэг биш эсэхийг нотлох газар олон бий. Би шалгуулахад бэлэн байна. Анх 10 дугаар сарын 13-нд Муратын тухай УИХ-ын “Ёс зүйн хороо”-нд гомдол гаргасан. Дараагаар намынх нь дарга С.Эрдэнэд 10 дугаар сарын 20-нд гомдол хүргүүлсэн. 12 дугаар сарын 26-нд УИХ-ын дарга М.Энхболдод Мурат гишүүний тухай гомдлыг мөн  хүргүүлсэн. Гэтэл надад ямар ч хариу өгөөгүй. Тиймээс аргаа барахдаа цагдаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж байна.


-Уучлаарай, хэдий та өөрийгөө Мураттай ажил хэргийн л харилцаатай гэж байгаа ч зарим эх сурвалжууд та хоёрыг дотно харилцаатай байсан гэх мэдээллийг түгээгээд байна?
- Үгүй. Над руу байнга мессеж бичиж дарамталдаг байсан. УИХ-д байгаа 76 гишүүний хамгийн ядуу, боловсролгүй, маш их зээлтэй гишүүн бол Мурат. Тэр Монголоор зөв бичиж, ярьж чаддаггүй. УИХ-д сууснаасаа хойш ганц удаа ам нээхдээ цементийнхээ үйлдвэрт хөрөнгө шийдүүлэх тухай ярьж байсан. Мурат  орон нутгийн эрчим хүчний үйлдвэрийг хувьдаа худалдаж авсан. Баян-Өлгий, Улаанбаатар хотын ихэнх банкинд их хэмжээний зээлтэй гэж сонссон. Мөнгөөр бүхнийг зохицуулах гэж оролддог. Зөвхөн Монголд л боловсролгүй, бүдүүлэг хүмүүс УИХ-ын гишүүн болж байна.
- Та ямар ажил хийдэг вэ. Гэр бүлийн байдлаа ярьж болох уу?
- Би ганц бие. Насанд хүрсэн нэг хүүтэй. Ээж аав минь тэтгэврийн хүмүүс. Ээж минь насаараа Баян-Өлгийд ажиллаж амьдарсан. Би боломжийн амьдралтай. Надад Муратаас мөнгө авч биеэ үнэлж амьдрах ямар ч шаардлага байхгүй. Би “Насан туршийн боловсрол” төвийн захирлаар ажилладаг. Манай төв нь ирээдүй болсон хүүхэд багачуудыг сургадаг. Тиймээс ч би ёс зүйг эрхэмлэдэг. Би амьдрах байр, унах машинтай, дээд боловсролтой. Орос, Англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Тиймээс ч надад мөнгө чухал биш. Хүнд үнэ цэнэтэй, мөнгөөр худалдаж болдоггүй зүйл байдаг. Нэр төр, гэр бүл гэх мэт. Гэтэл намайг өөрийгөө худалдаад явахыг Мурат санал болгосон. Би байнга гадаад дотоодын хурал семинарт оролцдог. Ажлаар явж байх үед байнга надтай холбоо барьж “Янхан минь хаана биеэ худалдаад яваад байна” гэх мэт маш муухай үгсийг олон удаа хэлж байсан. Би өөртэй нь ямар ч холбоогүй байхад байнга хүмүүстэй хардана. Би түүний эхнэр биш.  Мөн миний эцэг эх рүү ярьж байнга дарамталж, сэтгэл санааг нь хохироодог. Би цаашдаа гэр бүлтэй болж, элэг бүтэн сайхан амьдрал зохиохыг хүсдэг. Гэтэл Муратын энэ байдал нь надад үнэхээр дарамт болж байна.
- Мурат танаас хийсэн үйлдэлдээ уучлалт гуйсан удаа бий юу?
- Өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-нд Мурат “Эцэг эхээс чинь болон чамаас уучлалт гуйя, дахиж чам руу элдэв зүйл бичихгүй, гомдлоо татаад авчих” гэж хэлсэн. Түүнээс өөр чин сэтгэлээсээ уучлалт гүйж байсан удаагүй. Тэр хүн уучлалт гуйх нь бүү хэл, миний эсрэг гомдлыг цагдаагийн газар мэдүүлсэн. Мурат одоо 60 гаруй настай. Нас намбаа бодсон ч тэр хүн ингэж болохгүй биз дээ. 
-Энэ хугацаанд УИХ-ын гишүүн Д.Муратын зүгээс танд ямар нэгэн мөнгө амлаж, гомдлоо татах саналыг тавьсан уу?
-Манай гэрт ирж, 60 сая төгрөгтэй цүнх өгөх гэж оролдсон. Хариуд “Цагдаад гаргасан  гомдлоо тат” гэсэн. Анх над руу мессеж бичиж эхлэхдээ “Чамайг хотод амьдруулж, байр авч, яаманд ажилд оруулж өгье. Казак эмэгтэй ямар байдгыг хүмүүст харуулья. Чи боловсролтой хүн” гэх зэрэг зүйлсийг бичиж байсан. Энэ бүхэн надад маш их дарамттай байна. Хүмүүс байнга утасдаж янз бүрийн зүйл шалгааж байна. Мурат болон гэр бүлээс нь ч дарамт ирсээр байгаа.
-Та Муратын гэр бүлийн хүнтэй уулзаж байсан уу?
- Хүүхдүүд нь манай ээж рүү утсаар ярьж “Мөнгөө аваад зайлахгүй яасан юм. Муу авгай минь” гэсэн байсан. Ээж минь одоо сэтгэл санааны хямралтай байгаа. Над руу ч гэсэн хүүхдүүд нь утсаар ярьсан. Мөн энэ асуудал үүссэнээс хойш танихгүй дугаараас олон эмэгтэй залгаж намайг дуугүй байхыг сануулсан. Магадгүй Муратын явдаг хүүхнүүд байж болох юм. Намайг янз бүрийн үгээр доромжилсон. Би эхнэртэй нь биечлэн уулзаж байсан. Эхнэрт нь болсон бүх зүйлийн талаар хэлсэн. Тэгэхэд эхнэр нь надад  “Би гурван том хүүхэд, 5 ач зээтэй. Одоо салж чадахгүй. Миний нас ч хөгширсөн. Чамтай тохиролцмоор байна. Надад Мураттай хийх тооцоо бий” гэж хэлж байсан юм. Муратын дунд охин нь 30 настай. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 26-нд Мурат “Астана хотод явж байна. Уулзъя” гэж маш олон удаа бичсэн. Би зодуулах байх гэж айсан. Тэр үед эхнэр рүү нь ярьж нөхөр тань ингээд байна гэж шууд хэлсэн.
- Энэ төрлийн хэрэг шийдвэрлэгдэхэд хүнд юм шиг санагддаг. Магадгүй энэ хэрэг таны хүссэнээр шийдэгдэхгүй бол яах вэ?
- Хэрэв надад ямар нэгэн зүйл тохиолдвол Мурат гишүүнтэй холбоотой байх болно. Энэ тухай гэр бүлийнхэндээ ч гэсэн хэлж байгаа. Надад одоо дэлгэж байгаагаас ч илүү ноцтой олон мэдээлэл байгаа гэдгийг хэлье. Мурат миний эсрэг мэдээлэл гаргана гэсэн. Тэр үед нь би илүү их ноцтой мэдээллүүдийг дэлгэх болно. Над руу бичсэн ёс бус мессеж нь Казак хэл дээр болохоор хүмүүс ойлгохгүй байх. Тиймээс би бүх бичсэн мессежийг нь монгол хэлнээ буулгаж олон нийтэд цацна. Зарим нэг мессэжийг энд дэлгэе. Дараах мессеж дээр Мурат “Монголын 16, 18 настай охид хогон дээр хэвтэж байдаг. Хэрэв тэдэнд мөнгө өгвөл юуг ч хийж өгнө. Чи хөгшин хүүхэн. Гэхдээ би чамайг, хүндэлж, хайрлаж, хүсэж байна” гэх утгатай зүйлс бичигдсэн байгаа.
Хэрэв би Монголд үнэн зөвөөр яваад энэ хэргийг шийдүүлж чадахгүй бол зургаан тив дээр байгаа Олон улсын найзууддаа болон Олон улсын сайтуудад энэ тухай мэдээллийг цацна. Надад хангалттай баримт, нотолгоо бий. Монголын ард түмэн ч УИХ-ын гишүүдийн дунд гарч буй энэ мэт ярианаас залхаж байгаа байх. Тиймээс үнэн зөвийг тогтоож өгөхийг хүсье.
Гомдол гаргасан Б.Бахытгүл өрнөж буй үйл явдлын талаар дараах тайлбарыг  өгсөн юм.
ЦЕГ: Хэргийг шалгаж байна
Ингээд энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхшүрээс тодрууллаа.
- УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой хэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Энэ тухай Цагдаагийн газарт ямар нэгэн гомдол ирсэн үү? 
- УИХ-ын гишүүн Д.Мурат нэр төрд нь иргэн Б халдаж байгаа талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Үүний дагуу цагдаагийн байгууллага Д.Мурат гишүүний өргөдөл гомдлыг хүлээн авч, хэрэг бүртгэл нээн, хэргийг шалгаж байгаа. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-  УИХ-ын гишүүн Д.Муратын эсрэг Бахытгүл гэх эмэгтэй гомдол гаргасан. Тус гомдлыг хаана шалгаж байгаа юм бол?
-Бахытгүл гэх эмэгтэйн гомдлыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа байх. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.  Цагдаагийн байгууллагаас дээрх байр суурийг илэрхийлсэн юм.
Хэрэгтэй холбогдуулан Д.Мурат гишүүний туслахтай холбогдсон боловч бидэнд мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Энэ  хэрэг шийдэгдэх хүртэл бид тухай бүрт нь мэдээллийг хүргэж байх болно.
Б.Янжиндулам
www.zindaa.mn