Эрүүл мэндийн сайд С.Ламбаа үр хөндөлтийн талаар шинэ журам батлан гаргажээ. Энэхүү журмаар хожуу үеийн үр хөндөлтийг зөвхөн улсын амаржих газруудад хийхээр заасан байна.
Үр хөндөлтийн талаарх энэ шинэ журам нь нилээн чанга батлагдсан байна. Журмаар үр хөндөлтийг зөвхөн магадлан итгэмжлэлтэй эмнэлэгт, зөвхөн мэргэжлийн эмч хийх ёстой. Түүнчлэн энэ журам заасан нэг чухал заалт бол хожуу үеийн үр хөндөлттэй холбоотой. 12-21 долоо хоногтой ургийг хөндөхийг хожуу үеийн гэж нэрлэх бөгөөд, эхийн эрүүл мэндэд харш, төрүүлэх боломжгүй тохиолдолд ийм мэс ажилбар хийдэг. Эмчээс мэргэжлийн ур чадвар илүү их шаардах ийм ажилбарыг зөвхөн улсын чанартай амаржих газруудад хийх бөгөөд үүнд 1, 2, 3-р амаржих газрууд мөн эх нялхасын эрдэм шинжилгээний хүрээлэн, аймагуудын төрөх эмнэлгүүд л хийх эрхтэй болж байгаа юм. Хэрвээ энэ журмыг зөрчиж, хууль бусаар хийсэн тохиолдолд тухайн эмнэлгийг хааж, эмчийн эмчлэх эрхийг бүрэн хасах юм.
Гэхдээ энэ хариуцлагыг тооцохын тулд баталгаа нотолгоотой байх ёстой. Манай эмэгтэйчүүд баталгаагүй газарт үр хөндүүлэх мэс ажилбарт орчихоод хаана, хэн гэдэг эмчээр хийлгэснээ нуудгаас болж, хууль бус эмнэлгүүдийг ил гаргаж, хариуцлага тооцох боломжгүй болдог. Гэтэл улсын хэмжээнд ердөө 2 хон эмнэлэг нь хууль ёсоор эрхтэй байдаг гэж сайд хэлж байсан юм. Манай улсын хувьд 1943 онд засгийн газрын нууц тогтоолоор үр хөндөхийг зөвшөөрсөн гэдэг. Гэхдээ хүссэн бүхэнд биш, эрүүл мэндийн шалтгааныг л хүндэтгэн үзэж, эхийг нь авардаг байсан. Харин үр хөндөлтийн журмын тухайд 2002 онд тухайн үеийн сайд гаргаж байсныг нь ийнхүү цаг үеийн шаардлагаар шинэчилж байна.