Saturday, June 16, 2018

Оюутнууд маань гадаадад биеэ үнэлж байгаа юм биш биз...

Шинэ Зеландад гадаадын оюутнууд бие үнэлэх нь нэмэгдэж байгаа тухай тус


улсын холбогдох албаныхан мэдэгджээ. Оюутны дийлэнх нь сурахын сацуу ажиллах боломжтой гэх хөтөлбөрт хамрагдаж тус улсад очдог байна.
Шинэ Зеланд нь боловсролын үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг. 

Тус улсад Ази, Номхон далайн орнуудын оюутнууд суралцах нь элбэг байдаг. Гэвч гадаадын оюутнуудыг битгий хэл өөрийн улсын оюутнуудаа ажилтай байлгах тийм ч амар биш байгаа аж. Тиймээс гадаадын оюутнуудын хувьд ажил хайсны эцэст биеэ үнэлэхээс өөр сонголтгүй байгаа гэнэ.

“Нью Зеланд хералд” сонинд бичсэнээр Окланд хотод Хятадаас ирсэн 1700 гаруй оюутан биеэ үнэлж байна. Тэдний хэдэн хувь нь визний хугацаа хэтэрсэн, зөрчилтэй эсэх нь одоогоор тодорхойгүй.

Шинэ Зеландын цагаачлалын газрын ахлах менежер Стивен Данстан “Манай улсад оюутнуудыг биеэ үнэлэхээс сэргийлсэн хууль тогтоомж байхгүй. Дотоодын оюутнууд биеэ үнэлэх нь харьцангуй бага байдаг. Харин гадаадаас, тэр дундаа Ази, Номхон далайн орнуудаас ирсэн оюутнууд биеэ үнэлэх явдал нэмэгдсээр байна” гэжээ.

Тус улс 2003 онд биеэ үнэлэлтийг эрүүгийн хэрэг гэж үзэхийг цуцалсан юм. Стивен Данстаны ярьснаар массажистаар ажиллаж буй нэрийн дор биеэ үнэлэх явдал гаарч байгаа. Гадаадын эмэгтэй оюутнуудын 7.5 хувь нь ийм ажил хийдэг гэж тэрбээр онцолсон байна. Шинэ Зеландад гадаадын 70000 гаруй оюутан суралцаж байгаа юм.

Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр “Шпигель” сонинд бичсэнээр өндөр хөгжилтэй орнуудад суралцаж буй гадаадын оюутнуудын биеэ үнэлэлт нэмэгдсэн. Хойд Америкт гэхэд 2011 онд гадаадын эмэгтэй оюутнуудын 8.7 хувь нь биеэ үнэлдэг. Харин өнгөрсөн онд энэхүү үзүүлэлт 9.1 хувьд хүрч буурсан аж. Энэхүү судалгааг улс орнуудын үзүүлэлтийг нэгтгэсний дүнд боловсруулжээ.

Их Британийн Хүний наймаа, бэлгийн хүчирхийллийн эсрэг байгууллагын төлөөлөгч Дэвид ДеМаквин “Ядуу буурай орнуудын залууст гадаадад сурахын хажуугаар ажиллах таатай нөхцөлийн талаар зуучлагч компаниуд сурталчилдаг. Үүний ард хүний наймаа, биеэ үнэлэлт, бэлгийн мөлжлөг, эрхтний худалдаа нуугдаж байгааг үгүйсгэх аргагүй. Хэрэв ийм сурч, ажиллах хөтөлбөрт хамрагдсан бол зайлшгүй холбогдох албаныхантай холбоотой байх ёстой” гэжээ.

Филиппин, Тайландад секс аялал жуулчлал хөгжсөн байдаг. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар секс туризм дэлгэрсэн улсад сурахынхаа хажуугаар ажиллах хөтөлбөр нь бараг л бүтэхгүй аж. Учир нь тэнд ажлын байрны хүрэлцээ тун тааруу. Тиймээс хичээлийн хажуугаар ажиллаж хэрэглээний мөнгөө олно гэсэн ойлголт тун бүрхэг гэнэ.

Дэвид ДеМаквин “Сурахынхаа хажуугаар ажил хийх боломжтой хөтөлбөрүүд нь Европ, Австрали, Хойд Америкийн орнуудад ихэвчлэн хэрэгжиж байна. Гэвч тэнд дэлхийн эдийн засгийн хямралаас шалтгаалж сүүлийн 4 жилд ажилгүйдлийн хэмжээ нэмэгдсэн. Төв Европт л гэхэд дийлэнх хүний дундаж цалин сарын 600-700 еврод хүрч буурсан. 2008 онд 700-800 евро байсан. Тиймээс гадаадын оюутнууд биеэ үнэлэх нь нэмэгдэж байгаа” гэжээ. Гэвч тэрбээр таатай улсын найдвартай байгууллагаар дамжуулан сурахынхаа хажуугаар ажиллах боломж нөхцөл нээлттэй байгааг онцолсон байна.