Thursday, October 12, 2017

З.БИЛГҮҮНЗАЯА: 20 НАСАНДАА АЛДАРТ ЭХ БОЛСОНДОО ИЧИЖ БАЙСАН УДАА БАЙХГҮЙ

Бид энэ удаад хорьхон насандаа дөрвөн хүүхдийн ээж болж, Алдарт эхийн одон энгэртэй гялалзуулсан 22 настай цэл залуухан ээжтэй уулзаж, түүний ертөнцөөр аяллаа. Тэрбээр, Улаанбаатар хотын зүүн захад байрлах Налайх дүүрэгт дөрвөн хүүхэд, нөхрийн хамт дөрвөн ханатай гэрт амьдарч, өдий насандаа ахадсан гэмээр ачааг үүрч яваа эгэл нэгэн эх хүн юм. -Та өөрийгөө болон гэр бүлээ танилцуулахгүй юу? -Намайг А.Билгүүнзаяа гэдэг. Одоо 22 настай. МУБИС-д суралцдаг. Манай нөхрийг А.Бердхаан гэдэг. Бид хоёр танилцаад долоон жил болж байна. Одоо хоёр охин, хоёр хүү дөрвөн хүүхэдтэй. -22 настай, дөрвөн хүүхэдтэй гэхээр уншигчид маань гайхаж байгаа байх. Анхны хүүхдээ хэдэн настайдаа төрүүлж байв? -Угаасаа сонссон хүмүүс гайхаад зарим нь бүр итгэдэггүй юм аа. Би 17 настайдаа хоёр ихэр хүү, 18 настайдаа удаах охиноо, одонгийн охиноо 20 настайдаа төрүүлж байсан. -Анх 17 настайдаа ээж болох шийдвэрийг гаргахад гэрийнхэн нь яаж хүлээж авав? -Мэдээж өөрөө хүүхэд байж хүүхэд гаргах гэлээ гээд эсэргүүцэж байсан. Гэхдээ нөхөр маань маш их баярлаж хүлээж авсан болохоор би хүүхдээ гаргахаар шийдсэн. Сүүлд нь гэрийнхэн маань хоёр ихэр гэдгийг нь мэдээд эсэргүүцэхээ больсон. -Чи өөрөө анх жирэмсэн болсноо мэдээд яаж хүлээж авсан бэ? -Арван жилдээ хичээлдээ сайн байсан болохоор хүссэн сургуульдаа элсээд тэгж амьдарна гээд төлөвлөчихсөн байсан учир “сургуульд сурах ч өнгөрлөө дөө”, гэрийнхэн юу гэх бол гээд жаахан айдастай хүлээж авсан. Гэхдээ би айж байсан ч багаасаа ах эгч нарынхаа хүүхдийг харалцаж, хүүхдэд хайртай болж өссөн болохоор хэзээ ч хүүхэд авахуулж чадахгүй юм байна лээ. Тэгээд л юугаа ч мэдэхгүй жаахан охин Хүнд хүн илүүдэхгүй. Тэгээд ч сурахад хэзээ ч оройтдоггүй юм чинь гээд л хүүхдүүдээ төрүүлсэн дээ. -Одоо ямар мэргэжлээр, хэддүгээр курст суралцаж байгаа вэ? -Би бага ангийн багшийн ангид одоо нэгдүгээр курст суралцаж байгаа. Хүмүүс намайг ийм олон хүүхэдтэй байж бага ангийн багшаар сураад хүүхдээс залхдаггүй юм байхдаа гэж бодож байгаа байх. Гэхдээ тийм биш хүүхэд гэдэг маш цайлган, цагаахан хамгийн сайхан ертөнц, тэр ч утгаараа би олон хүүхэд төрүүлсэн. Бас бага ангийн багшийн мэргэжлийг сонгосон. -Дөрвөн хүүхэд төрүүлсэн гэхээр хичээл номноос багагүй хөндийрсөн байх. Оюутан болох хэр байна? -Оюутан болохоосоо өмнө Налайхын техник мэргэжлийн сургуульд суралцаж төгссөн болохоор гайгүй ээ. Угаасаа олон жилийн дараа өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх боломжийг олж авсан болохоор гоё байна. -Үеийнхэн дунд чинь тань шиг дөрвөн хүүхдийн ээж болсон хүн бий юу? -Байхгүй ээ. Дээд тал нь хоёр хүүхэдтэй байдаг юм байна лээ. -Хүүхдүүдээ төлөвлөж төрүүлсэн үү. Бурхнаас өгсөн бэлэг байв уу? -Хоёр ихэр маань бол ёстой л бурхнаас өгсөн бэлэг байсан. Гэнэт л ээж, аав дээрээ хүрээд ирсэн. Харин хоёр охиноо тэрсхэн өсгөчихье гэж бодоод гаргасан. Хүүхэд тэрсхэн өсчихвөл зүгээр санагддаг. Зарим хүмүүс жаахан юм байж олон хүүхэд төрүүлээд гээд гайхаж байж магадгүй. Гэхдээ ээж болно гэдэг маш гоё мэдрэмж. Тэр мэдрэмжийг ийм залуудаа гурван удаа мэдэрсэн гэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй аз завшаан гэж боддог. Өнөр олуулаа байна гэдэг үнэхээр сайхан. -Өдий насандаа дөрвөн хүүхдийн ээж байхын хамгийн сайхан бөгөөд бэрхшээлтэй тал нь юу вэ? -Бэрхшээлтэй гээд байх зүйл байхгүй ээ. Нөхөр маань ажлаа хийгээд бид нарыг хоёр идүүлэхгүй, хоосон хонуулчихгүй сайхан л амьдруулж байна. Ээж маань хань болоод хүүхдүүдийг маань өсгөөд өгч байна. Тийм болохоор хүнд хэцүү гээд байх зүйл нэг их байхгүй. Сайхан зүйл бол маш их шүү дээ. Налайхаас багшийн дээд рүү хичээлдээ яваад өдөржингөө хичээлд сууж ядраад харихад өөдөөс гүйж ирээд, ээжээ гээд шулганалдах үрсээ харахаар бүх ядаргаа тайлагдах шиг л болдог. Энэ чинь л жаргал шүү дээ. -20 насандаа алдарт эх болоход хүмүүс яаж хүлээж авч байв? -Хүмүүс их гайхаж хүлээж авсан. Одоо ч гэсэн хүмүүс итгэдэггүй. 20 настайдаа Налайхын соёлын ордонд одонгоо гардаж авах гээд очиход Засаг даргын орлогч миний одонг гардуулж өгөхдөө бүр итгэхгүй гэрчилгээ рүүгээ нэг хараад, над руу нэг хараад чи яг З.Билгүүнзаяа мөн үү гээд л асуугаад байсан. Саяхан бас ангийн хурал дээр ангийн дарга маань “Манай Билгүүнзаяа эгч дөрвөн хүүхэдтэй болохоор хааяа ангийн хурал болон бусад ажлаас чөлөөлж байгаарай” гэж хэлсэн чинь 40 гаруй хүүхэд над руу нэгэн зэрэг эргэж хараад “ай нээрээ юм уу” гээд л гайхаад байсан. Зарим нь бүр чаат бичээд нэг хүүхэд шөнө залгаж “та нээрээ дөрвөн хүүхэдтэй юм уу” гэж асууж байсан. Тэр залгасан хүүхэд бараг шөнөжингөө бодож хоносон байх аа. /инээв/ -Үеийнхэн чинь чөлөөт цаг ихтэй. Хичээлээ тараад л номын сан, кино театр руу яардаг байх. Үүнийг хараад атаархах сэтгэл төрж байв уу? -Үгүй ээ. Зарим хүмүүс намайг дөрвөн хүүхэдтэй гэхээр ээж аавдаа эрхлээд, үеийнхэнтэйгээ зугаацаад явж байх насан дээрээ хүүхэд гаргалаа гээд шүүмжилдэг юм. Гэхдээ тийм биш. Залуу хүнд зугаацах цаг олдоно. Харин хүүхэдтэй болох цаг олдохгүй үе байдаг. Жишээлбэл, одоо манай үеийнхэн хүүхэдтэй болохоороо цаг нь болоогүй гээд анхны хүүхдээ авахуулчихдаг. Гэтэл анхны хүүхдээ авахуулахаар дахиад хүүхэдтэй болохгүй байх магадлал их өндөр. Мөн өөрийн гэсэн эд хөрөнгөтэй болчихоод хүүхэдтэй болно гэж хэт ачаалалтай ажилласнаасаа болоод хүүхэд олох боломжгүй болчихсон хүмүүс ч бас байдаг юм байна лээ. Одоо иймэрхүү шалтгаанаар хүүхэд хүсээд олдохгүй байгаа хүмүүс зөндөө л байна. Тэгэхээр хүүхдийг олдсон дээр нь гаргаж л байх хэрэгтэй гэж боддог. -Манай нөхөр Казак ёс заншлаасаа илүүтэй Монгол зан заншлыг сайн мэддэг болохоор элдэв ялгаа бараг гардаггүй- -Казак хүмүүс хүүгээ, охиноо Монгол хүнтэй суухад тийм ч таатай ханддаггүй гэж сонссон. Та хоёрт тийм явдал тохиолдож байв уу? -Тийм зүйл байгаагүй. Манай хадам аав, ээж хоёр Налайхад амьдраад олон жил болчихсон. Бараг Монгол хүнээс ялгаагүй. Манай нөхөр бол Монголд төрж өссөн болохоор Казак хэл ёс заншлаа ч сайн мэдэхгүй. -Тэгэхээр Казак Монгол гэсэн ялгаа гардаггүй гэсэн үг үү? -Тийм ээ. Манай нөхөр Казак ёс заншлаасаа илүүтэй Монгол зан заншлыг сайн мэддэг болохоор тийм ялгаа бараг гардаггүй. Намайг гуйхдаа хүртэл Монгол заншлаар маань гуйж авсан. Манай ээж охиноо заавал Монгол заншлаар нь гуйлгаж байж өгнө гээд хадам ээж, аав хоёр маань Монгол заншлыг маань судалж байгаад намайг гуйж байсан. -Гэхдээ ёс заншлын хувьд өөр шүү дээ. Танай гэр бүл цагаан сар, наурызын баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ? -Манайх цагаан сараа бусад Монголчуудтайгаа адилхан их өргөн дэлгэр сайхан тэмдэглэдэг. Манай нөхөр шинийн нэгний өглөө эртлэн босоод л мөрөө гаргая, зурхайгаа хараарай л гээд эхэлдэг шүү дээ. Харин наурызийн баяраар гэр бүлээрээ нөхрийнхөө ээж аав дээр очиж ёсолдог. -Хүүхдүүддээ ямар нэр өгсөн бэ. Казак нэр өгсөн үү. Монгол нэр өгсөн үү? -Хоёр ихэр хүүг маань Асганбек, Аманбек гэдэг. Дунд охиныг маань Ган-оюу, бага охиныг маань Ган-болор гэдэг. -Яагаад хоёр хүүдээ Казак, хоёр охиндоо Монгол нэр өгсөн юм бэ? -Манай нөхөр эхээсээ хоёулханаа. Ахынх нь хүүхдүүд бүгд Монгол нэртэй болохоор аав, ээж хоёр нь жаахан эмзэглэж явдаг байсан юм байна лээ. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад хоёр хүүдээ Казак нэр өгөхөөр болсон. Гэхдээ удахгүй нэрийг нь солиулж, Монгол нэр өгөх гэж байгаа. Харин хоёр охиндоо анхнаасаа Монгол нэр өгнө гэж бодож байсан. -Яагаад нэрийг нь солиулах гэж байгаа юм бэ? -Ихрүүдийг маань жаахан өвчин ороогоод хүнд үзүүлсэн чинь Казак нэр нь хүнддээд байна гэсэн. Тийм болохоор нэрийг нь солиулж Монгол нэр өгөхөөр шийдсэн.