Зээл авчих юм сан. Олдохгүй байна”, “Төр засаг жижиг дунд бизнесийг үнэндээ
дэмжихгүй байна” гэж байнга ярьдаг нэг найз маань саяхан 60 сая төгрөгний зээл авангуутаа 50 саяар нь машин аваад уначихдаг юм байна. Зээл нь бүтсэнд баярласан ч бүх мөнгөөрөө шахуу машин авчихсанд нь гайхаж бас уур хүрч билээ. Тэгээд “Манайхан тийм, ийм” гэж байнга гоочилж явдаг нөхөртөө жаахан тэрслүү үг чулуудмаар санагдаад “Манайхан мөнгөнд хэтэрхий хайнга хандаж байна” гээд хэлчихэв. Амьхандаа мөнгө төгрөгөө дэмий зүйлд үрсэнийг нь сануулах гэж “чи” гэхийн оронд “манайхан” гэж ёгтоор хэлсэн хэрэг. Үнэндээ, хэлснийхээ дараа “Өөрийгөө хичээ” ч юм уу, нэг тиймэрхүү утгатай үг сонсоно гэж хүлээж байтал өнөөх чинь “Харин тийм ээ. Манайхан ч тийм шүү. Миний хувьд аятайхан машин унахгүй бол ажил бүтэхгүй байна шүү дээ” гэж хариулж билээ. “Яагаад” гэтэл “Хүмүүс ялгаж харьцаад байх юм. Дараагийнхаа зээлийг хөөцөлдөхөө бодоод сайхан машин аваад уначихлаа” гэдэг юм даа. Энэ бол үнэхээр бодит үйл явдал юм шүү. Монголчуудын нэг нэгнээ дугаарладаг муухай зан ийм байдалд хүргэсэн байна.
Яг иймэрхүү жишээтэй олон бизнесмэнүүд жийп унангаа 10 сая төгрөгт багтах бизнесийг зохицуулсан шигээ явж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Монголд бизнесийн орчин байхгүй гэж яриад байдаг нь угтаа бол худлаа юм. 20 хувийн ашиг олдог бизнесийг дэлхийд “сайн” гэсэн зэрэглэлд баттай оруулна. Гэтэл Монголд муу бизнесийн тоонд орно. Үнэхээр авсан зээлийнхээ 20 хувиар нь бизнес хийхэд 100 хувийнх нь хүүг төлөөд дээр нь ашиг гаргана гэдэг хөгжингүй орнуудад бол мөрөөдөл. Мөнгөнд хандаж байгаа нь ч өөр. Нэгэн америк залуу өөр байсан нэг ширхэг балыг үзгээр сольж, түүнийгээ үзгийн саваар, дараа нь тоглолтын тасалбараар солих зэргээр ажилласаар жилийн дотор орон сууц болгосон тухай сонсч байлаа. Баялагт хэрхэн хандах ёстойг харуулсан жишээ энэ. Тэгэхэд зарим монгол бизнесмэнүүд мөнгөнд хэтэрхий хайнга хандаж боломжоо үгүй хийж байна. Ер нь монголчууд тэнгэр заяатай, дандаа бусдыг зарж, явсан болохоор мөнгийг нэг их тоодоггүй, тиймэрхүү сэтгэлгээ нь давамгайлаад байдаг гэж ярих хүнтэй ч таарч байлаа. Гэтэл үгүй юм аа. Харин ч шуналтай улс байх аж.
Телевизээ асаалаа. Дэлгэц дээр “Бид ирлээ” хэмээх хөгжөөнт нэвтрүүлгийн хөтлөгч залуу “Хоёр хүн гарч ирээд сүмо барилдаж шагнал хожоорой” хэмээн хашгирахад хүн үл гарч ирнэ. Ичимхий монгол зан нь нөлөөлж байгаа хэрэг. Удалгүй нэг жаахан хүү зориглон гарч ирмэгц, харж байснаа нэг бүдүүн залуу гарч ирэн хөөрхий хүүг алгадаж унагачихаад шагнуулчих жишээтэй. “ТВ тохиролцоо”, “Хүслийн хүрэл хором” ч гэх шиг нэвтрүүлгүүд суваг бүрийг эзэгнэн хамгийн их орлоготойд тооцогдож байна. Гадаадад хүний шунал дээр дөрөөлсөн нэвтрүүлгүүд байдаг ч арай соёлтой байдаг. Тэнд хэн ч 10 долларын төлөө үсээ хайчлуулж, элсэн чихэр, өндөг, гурил исгэгч тэргүүтнээс бүрдсэн зуурмагийг ууж, толгойгоороо гурил зуурахгүй. Гэтэл Монголд иргэдээ доромжилсон энэ мэт нэвтрүүлгийг цацсаар л. Бусдын өмд, гутлыг хайчлах санал тавьчихаад “10 цаас тийм ч амар олдохгүй шүү дээ” хэмээн орилох хөтлөгч залууг харахаар алгадаад хаячихмаар санагдахыг яана. “Ядаж 20 мянгыг өгч байж ингэж хашгираач” гэмээр санагддаггүй гэж үү. Төр засаг нь хүртэл иргэдийнхээ шунал, бэлэнчлэх сэтгэлгээнд тохируулж, бодлогоо хэрэгжүүлнэ. Улстөрчид “Их дээд сургуулийг төлбөргүй болгоно” гэж амлаад л Ерөнхийлөгч болж, улс төрийн нам “Оюутнуудыг цалинтай болгоно” гэж амлаад л төрийн эрхийг гартаа атгаж байна. Бусдад өр тавьж зугаацчихаад эцэг эхээсээ худлаа хэлж мөнгө авдаг оюутан, 60 сая төгрөгний зээл авчихаад дараагийн зээлээ бодон үнэтэй машин авч унадаг бизнесмэн, Оюутолгой, Тавантолгойгоос орж ирэх хөрөнгийг дараагийн Оюутолгой, Тавантолгой дээр “ажиллах”-ын тулд сонгогчдод тарааж байгаа төр засаг гурвын хооронд ялгаа үгүй билээ. Жийптэй атлаа зээлтэй өнөөгийн монголчуудын төрхийг “Оройгүй тэнэгийн үлгэр”-тэй зүйрлэвэл онох мэт.
Б.Хурцболд
