Буудалд харамсалтайгаар амиа алдсан арван гурван настай охины ааваас
Зиндаа.мн сайт ярилцлага авч, болсон явдлын талаар мэдээлэл хүргэсэн билээ. Талийгаач охиныг “Очир” төвийн зочид буудлын эзэн эмэгтэй архи дарс уудаг, буудал хэсдэг мэтээр ярьсан нь үрээ алдаад гашуудаж буй эцэг, эхэд нь хүндээр тусжээ. Арван гуравхан настай жаахан охин архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан гэж хэлэх үндэслэл байхгүй билээ.
Талийгаач хэн байв гэдгийг хамгийн сайн мэдэх хүмүүс бол аав ээж нь төдийгүй хичээл заадаг багш нар нь юм. Тиймээс Л.Майлсид хичээл зааж байсан ангийн багш, бага ангийн багш, хөгжмийн багш нартай нь уулзлаа. Баатар хот Москвагийн нэрэмжит улсын тэргүүний 33-р сургуулийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 8А ангид талийгаач суралцаж байжээ. Тэрээр урлаг соёлын авьяастан, сайхан дуулдаг уртын дуучин охин байсныг багш нар нь өгүүлж байна.
Талийгаачийн бага ангийн багш Г.Галбадрахтай ярилцлаа. Тэрбээр Л.Майлсид 1-5 дугаар анги хүртэл нь хичээл заасан ангийн багш нь юм.
-Охины хувьд энгийн чөлөөтэй ярьдаг, нээлттэй сурагч. Майлс хүүхдэд их тусархаг. Ер нь урлаг спорт, сурлагаар өөрийгөө дайчилдаг тийм хүүхэд байсан. Урлагаар анги, сургууль дүүрэгтээ байнгын манлайлагч сурагч юм. Урлагаар хүмүүжсэн хүүхэд бол маш зөв хүүхэд байдаг. Бусадтай харилцах харилцаа, зан байдал нь их нийтэч хүүхэд. Хичээлдээ ч сайн суралцдаг. Ямар нэгэн буруу характер, янз бүрийн зан байгаагүй.
Байнга л өөрийгөө хөгжүүлэх гээд секц, дугуйланд явна. Аав, ээж, эмээ өвөө нь хүүхдийнхөө төлөө маш их явдаг. Хаана уралдаан тэмцээн болж байна хүүхдийнхээ төлөө тэнд нь хамт явж байдаг. Бүжгэнд ч орж л байдаг. Урлагаар сургуулийн уралдаан тэмцээнээс тэргүүлдэг тийм л сурагч. Өвөрмонголд болсон "Боржигон" дууны улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан. Зургаа, долоон орны дуучин хүүхдүүд оролцсон уралдаанд тэргүүлсэн. Монгол хэл, хэлний чиглэлийн хичээлдээ илүү сайн байсан.
Хамгийн сүүлд та хэзээ уулзсан бэ?
Дунд ангид орсон ч байнга надтай ирж уулзана. “Багшаа би ийм уралдаан тэмцээнд орж байгаа” энэ тэр гээд ярина. Хамгийн сүүлд надтай мессэж бичсэн байсан. Нас барахаасаа дөрвөн хоногийн өмнө юм байна. Би Солонгост явж байсан юм. “Багшаа би Эрдэнэ засгийн унагыг сурч байгаа. Энэ дуугаараа уралдаан тэмцээнд оръё гэж бодож байгаа. Таныг ирэхээр дуугаа дуулж үзүүлнэ” гэсэн мессэж бичсэн. Би өөдөөс нь хариу бичсэн. “Миний хүү сайн байна. Урлагаа орхиж болдоггүй юм шүү. Уран бүтээлүүддээ сайн суралцаад яваарай” гэж би хариу бичсэн. Тэгж хүртэл надтай холбогдож байсан. Аягүй хөөрхөн өөрийнхөө хийж буй зүйлдээ итгэлтэй тийм л хүүхэд байсан даа.
Т.Цэнджавын нэрэмжит “Алтан говийн унага” боржигон говийн бүсийн урлагийн наадамд тэргүүн байр эзэлжээ
Би их харамсдаг юм. Анх сонсоод, ээжтэй нь таараад их уйлсан. Хэцүү юм байна лээ. Нэг хэсэг шокноос гарч өгөхгүй байгаа юм чинь. Гэтэл хэвлэлээс мэдээлэл уншлаа. Арван гурван настай хүүхэд шоконд ортол архи уугаад явж байна гэж байх уу. Хэзээ ч тийм зүйл байхгүй. Ямар учиртай тэгж хүүхдийг гүтгэж байгаа юм. Үүнийг уншаад надад тийм хэцүү байгаа юм чинь, аав ээжид нь бүр хэцүү л байгаа байх. Манай 33 дугаар сургуулийнхан энэ хүүхдийг урлаг соёлын авьяастай ямар сайн хүүхэд байсныг мэднэ. Урлагаар бол юм дуулгах л хүүхэд байсан даа.
Тэр буудлын ажилчид яагаад 13-хан настай хүүхдийг буудалд оруулав. Буудлын тэр эмэгтэйгийн ярьж байгаа үнэхээр сонин санагдсан. Адилхан эх хүн биз дээ. Өөрөө яагаад тийм жаахан хүүхдийг буудалд оруулдаг юм. Хамгийн гол нь тэр буудлынханд буруу байгаа байхгүй юу. Хараа хяналт өөрсдөө тавих ёстой биз дээ. Тэр охиныг тэгж буруутгаж болохгүй. Манай охинд буруу зуршил байгаагүй. Би түүнийг баттай хэлнэ. Тэгж нэг их муу муухай хүмүүстэй нийлэх хүүхэд биш. Ер нь тэгээд 13-хан настай хүүхэд шүү дээ. Архи уугаад явах уу. Тэгнэ гэж байхгүй.
Энэ хүүхдийн эцэг эх, өвөө, эмээ нь араас нь байнгын хараа хяналтаа тавьдаг хүмүүс. Би ар гэрийнхэнтэй нь бүр найз болчихсон. Байнга ар гэрээс нь охиноо ирж авдаг, бидэнтэй хичээл сурлага нь яаж байна гэж санаа тавьдаг. Тийм л хүмүүс. Эцэг эхийн анхаарал халамж сайтай. Урлаг соёлын арга хэмжээнд охин оролцох болоход хамт хэн нэг нь хувцсыг нь торонд хийчихсэн л явж байдаг. Эсвэл хөгжмийг нь барьчихсан явж байна. Энэ дууг дуулахад зориулж ийм малгай, хувцас оёулсан гэдэг ч юм уу. Байнга л хамт явдаг байсан. Эцэг эхийн анхаарал халамж бол үнэхээр мундаг байсан. Өөрийнх нь сонирхлыг хөгжүүлэхийн төлөө гэрийнхэн нь дэмждэг, анхаарал хандуулдаг. Гэтэл зарим хүүхдийн эцэг эх өөр шүү дээ. Хүний өмнөөс арга хэмжээнд орох гэж байгаа юм шиг загнадаг хүн байдаг. Гэтэл Майлсын хувьд бол өөр. Тэр тусмаа ардын дуугаар явж буй хүүхэд бусдаар өөр байдаг юм байна даа гэж энэ охиноос олж хардаг байсан.
Хөгжмийн багш Т.Тунгалаг: Тэр хүүхэд урлагтайгаа л хамт байсан
Би нэгээс тавдугаар анги хүртэл нь хөгжмийн хичээлийг орж байсан. Майлс маань хөгжмийнхөө хичээлд дур сонирхолтой ханддаг. Дуу хөгжимд дуртай сурагчийн нэг байсан. Таван жил дуу хөгжим заасан. Сургуулийнхаа “Эгшиглэн” хамтлагт дуулна. “Эгшиглэн” хамтлаг маань дүүрэгтээ дандаа уралдаан тэмцээнд эхний байруудыг эзэлнэ. Хотод мөн шилдэг хамтлагаар шалгардаг сайн хамтлаг. Энэ хамтлагийн дуучин. Сургуулийнхаа урлагийн үзлэгт байнга ордог. Ангийнхаа урлагийн үзлэгийн алт, мөнгө, хүрэл медалийг тогтмол авдаг авьяаслаг сурагч байлаа. Ангиа төлөөлж сургуулийнхаа урлагийн үзлэгт гоцлол дуучнаар орно. Байр эзэлнэ.
Ардын дуу дуулах дуртай. Ардын дуугаар алт, мөнгө, хүрэл медаль олон авч байсан. Ардын дуу сайхан дуулдаг. Бидний хамгийн хайртай шавь нарын нэг маань байсан л даа. Тодорхойлж хэлвэл багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан. Дуугаа хобби болгосон. Дуундаа маш дуртай. Ангийнхандаа, үеийнхэндээ нэр хүндтэй, ангийнхаа авьяаслаг сурагчдын нэг байлаа. Ер нь анги хамт олонтойгоо их нийцтэй нийтэч сурагч байсан. Элдэв ааш зангүй, эелдэг хөөрхөн зантай тийм л хүүхэд.
Соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин Т.Цэнджавын нэрэмжит “Алтан говийн унага” боржигон говийн бүсийн урлагийн наадамд тэргүүн байр эзэлснээ надад үзүүлж байсан. Зун болсон уралдаан. Хичээл сургууль тарсны дараа өөрөө эцэг эхтэйгээ бие дааж ороод энэ уралдаанд тэргүүн байр эзэлсэн байсан. Ардын дуу дуулах дуртай. Дандаа авьяасаа хөгжүүлж байдаг тэргүүний сурагч. Урлагаар манлайлдаг. Дуулахаас гадна урлагийн бүх төрлийн авьяастай. Ардын дууг илүү дуулах сонирхолтой байсан. Уртын дууг хөөрхөн аялна. Цаашид дуулсан бол ирээдүйтэй сурагч байлаа.
Ийм харамсалтай зүйл болсонд үнэхээр харамсаж байна. Үнэмшихгүй байгаа юм чинь. Бидний хамгийн хайртай шавь нарын минь нэг байсан. Ер нь урлагаар явж байгаа хүүхдийн хүмүүжил өөр байдаг шүү. Бусад дугуйлан секцээр явдаггүй хүүхэдтэй харьцуулахад арай л өөр байдаг. Майлс бол эцэг эх нь анхаарал сайн тавьдаг хүмүүжилтэй айлын өөрөө ч зөв хүүхэд байсан.
Саяхан тэрээр “Багшаа би шинэ дуу сурч байгаа. Намар би таныг ирэхээр уртын дуу дуулж өгнө өө” гэж манай нэг технологийн багшид интернетээр холбогдож ярьсан байдаг байхгүй юу. Хэд хоногийн өмнө ч гэсэн тэр хүүхэд урлагтайгаа л хамт байсан. Урлагтаа хайртай хэвээрээ. Урлагт сэтгэл зүрхээ өгсөн сурагч байсан юм.
Ангийн багш Р.Болормаа: Майлс бусдыг ойлгож хүндэлдэг, даруухан охин
Охины суралцаж байсан 8А анги.
Манай анги англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай. Анги бүрээс шилэгдэж орж ирсэн сурагчид суралцдаг. Ерөнхийдөө сурлага, хүмүүжлээрээ тэргүүний хүүхдүүд орж ирдэг. Тавдугаар анги төгсөөд зургадугаар ангид орохдоо шалгалт өгөөд англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангидаа Майлс орж ирсэн. Тэгж бодохоор хичээлдээ сайн байсан. Өөртөө их анхаарал тавьдаг. Эцэг эх нь ч мөн маш их араас нь анхаарал хандуулж, хичээл нь яаж байгаа бол гэж анхаарал сайн хандуулж ирсэн. Хоёр талынх нь өвөө эмээ нь ч гэсэн охины араас сайн явдаг, тийм хүүхэд. Өнгөрсөн жил гэхэд англи хэл, математиктаа давтлага авдаг байв. Явж байсан дугуйлангийнх нь багш надад хэлж байсан. “Танай ангийн Майлс бол хичээл даалгаврынхаа гүйцэтгэлийг сайн хийх юм” гэж хэлж байсан. Угаасаа хүүхэд өөрийнхөө дуртай юманд сайн байдаг шүү дээ. Майлс бусдыг ойлгож хүндэлдэг, даруухан охин байсан.
Аав ээж, өвөө эмээ нь ийнхүү хайртай охиныхоо төлөө санаа тавьж, хичээл сурлага, урлаг соёлын ур чадвар, авьяасыг нь хөгжүүлэхийн төлөө байнга анхаарал тавьж ирснийг багш нар нь онцолж байна.
Талийгаач охины аав Т.Лхагвасүрэн дээрх Улсын тэргүүний 33-р дунд сургуулийг дүүргэжээ. Тэрбээр морин хуурч, дуу хөгжмийн багш мэргэжилтэн төдийгүй Хөх хотын Үндэсний дээд сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байжээ. Охиндоо урлагаар хичээллэх, дуу дуулах авьяасыг нь хөгжүүлэхийн төлөө хамгийн их дэмждэг байжээ.
Т.Амартүвшин
Гэрэл зургийг Б.Баярбаатар
ZINDAA.MN


