Хойтон жил нь Намдаг Унгарт хэдэн жил ажиллаж амьдрахаар явахдаа энэ байшингаа ах дүүстээ үлдээж, “Намайг иртэл сайхан эдэлж байгаарай” гэж захисан байна. Намдагийн хоёр давхар хаусны нэгдүгээр давхарт наймаа хийдэг төрсөн дүү нь нөхөр, хоёр хүүхдийн хамт, дээд давхрын хоёр өрөөнд нэг эгч нь нөхөр, хүүгийн хамт, нөгөө хоёр өрөөнд ээжийн нь ойрын хамаатны хөгшин хүүгийнхээ хамт хоорондоо эвтэй найртай амьдрахаар нүүн ирцгээсэн байна. Намдаг бүгдтэй нь их дотно, тэднийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн байсан юм. Цаадуул нь ч Намдагийн итгэлийг алдахгүйгээ илэрхийллээ. Гай зовлон гэдэг үнэхээр сонин. Намдагийг Унгарт дөрвөн жил болох хооронд байшинд нь амьдарч байсан гурван хүн нас баржээ. Эхлээд Намдагийн төрсөн үрээсээ илүү хайрладаг байсан хөгшин өнхрөөд өгөв. Хойтон жил нь эгчийн нь нөхөр машинтайгаа явж байгаад осолд орж нас барлаа. Түүний дараа жил төрсөн дүүгийн нь нэг сайхан хүү зуурдаар нас барав. Хайран сайхан хүмүүсээ алдсан ах, дүүс нь удалгүй тэр хаусыг орхиод нүүж одсон байна. Ингэхдээ нэгэн компанийн захиралд түр түрээслүүлэх болсоноо Намдагт дуулгажээ. Жил дараалан тохиолдсон энэ эмгэнэлтэй ажил явдалд Намдаг ирж оролцож чадсангүй. Гашуудлаа илэрхийлээд тухай бүрт нь хэдэн доллар гуйвуулан явуулсан байна. Намдаг дотроо “Ямар сонин юм. Миний хамгийн ойр дотны хүмүүсээс гурав нь эмгэнэлтэйгээр жил дараалан өнгөрлөө. Ээжийн дүү хөгшин бол нас арай ч болоогүй, бие эрүүл хүн байсан. Дүүгийн хүү, хүргэн ах хоёрыг нэг муухай дайрлага дайрлаа даа. Уг нь бид хашааг худалдан авч, байшин барихдаа гайгүй сайн ламдахад эсэн бусын муу юм ер хэлээгүй юмсан” гэж гайхан бодно.
Намдагийг Унгар руу явсны дараа байшинд нь үлдсэн ах, дүүс, хамаатнууд нь хоорондоо тун эвтэй найртай, сайхан амьдарч эхэлсэн юмсаж. Ийм амьдрал буцалж байсан газарт талийгаачдийн сүнс хоргодсон байдаг ажээ. Эдгээр сүнс сайхан амьдралдаа хоргодсон байдаг гэнэ. Харин халуун бүлийн хүмүүсээ алдсан Намдагийн ах, дүүс хоорондоо “Энэ лав муу ёрын сүнс, хий үзэгдэл, буг чөтгөр шүглэсэн байшин байх” гэлцэж, энэ тухайгаа юу гэж Намдагт хэлж сэтгэлийг нь сэвтээх билээ. Биднийг бууриа сэлгэ гэж лам айлдсан гэж Намдагт дуулгасан байна. Оронд нь нүүж ирсэн компанийн захирлынх удалгүй сонин хачин дуу чимээ сонсох боллоо. Талийгаач хөгшний амьдарч байсан өрөөнд хэн ч байхгүй байхэд хөгшин хүний бөгшүүлан ханиах сонсогдоно. Очоод үзэхэд хэн ч байхгүй. Тэгж байтал машины ослоор нас барсан хүргэнийх нь амьдарч байсан өрөөнөөс машин хаазлах, сигналдах, эрэгтэй хүний дуу гарна.
Төрсөн дүүгийнх нь талийгаач болсон хүүгийн амьдарч байсан өрөөнөөс мөн л залуухан хүүгийн ханиах, инээх сонсогдоно. Энэ бүх дуу чимээ, учир нь үл олдох хий үзэгдэл шөнө төдийгүй өдөр ч сонсогдоно. Уг нь тэр сайхан хаус дээрээ дөрвөн өрөө, дороо гал тогооноос гадна гурван өрөөтэй юмсанж. Компанийн захирлынх ам бүл цөөтэй, дуу чимээ багатай айл болохоор энэхүү гурван төрлийн дуу чимээ тэдэнд их тод сонсогдоно. Хий үзэгдэл юм уу сүнстэй байшин гэдэг нь ч тодорхой байлаа.
Компанийн захирал номтой ламд бараалхаж, сүнстэй байшинд амьдарч байгаагаа мэдээд удалгүй нүүн одсон байна. Гэхдээ эдгээр сүнс тэр айлд огтхон ч гэм хор хийгээгүй ажээ. Намдагийн хаус жил гаруй эзэнгүй байсны дараа гэрийн эзэд Унгараас эх орондоо ирлээ. Хэрвээ компанийн захиралтай уулзсан бол сүнстэй байшингийн нь тухай ярих байсан биз. Намдаг ах, дүүсээсээ түлхүүрээ хүлээж аваад орон гэртээ төвхнөлөө. Удалгүй өнөөх учир битүүлэг дуу чимээнүүд Намдаг болон түүний эхнэр, хүүхдүүдэд сонсогдож эхлэв. Бөгшүүлэн ханиах хөгшний дуу бол ээжийн нь дүү хөгшнийх, залуухан хүүгийн инээх ханиах нь төрсөн дүүгийн нь хүүгийнх, гэнэт нүргэлэн асах машины дуу, сигнал нь хүргэн ахын машиных мөн болохыг Намдаг дор нь танилаа. Хамгаас ойр дотно явсан тэднийхээ дуу чимээ танилгүй ч яахав.
Эхнэр, хүүхдүүд нь эхэндээ энэ бүхнээс айн жийрхэж, сайн лам урьж залж эдгээр дуу чимээг хөөн зайлуулъя. Гай хорлол болох вий гэхэд Намдаг юу ч хэлсэнгүй. Бодвол талийгаачдынхаа сүнсийг хөөн зайлуулах дургүй байгаа бололтой. Нэгэн өдөр эхнэр нь нэг сайн лам дагуулан иржээ. Тэр ламыг Намдагийнд сууж байхад өнөөх гурван дуу чимээ сонсогдсон байна. Лам мэргэ төлөг, ном судраа дахин дахин сайтар дэлгэж үзээд,
- Энэ бүх дуу чимээ бол танай нас барсан гурван хүний сүнс амьдарч байсан энэ байшиндаа хоргодсоны илрэл байна. Сүнс хэд хэдэн тохиолдолд нөгөө ертөнц рүүгээ явж чаддаггүй юм. Өөрийг нь хорлосон хүнээс өс хонзонгоо авах гэж хоргоддог, эдэлж хэрэглэж явсан амин хайртай зүйлдээ хоргоддог, сайн сайхан амьдарч байгаад гэнэт нас барсан бол сайхан амьдарч байсан тэр газар, байшин савандаа бас хоргоддог юм. Тэгэхээр танай талийгаач нарын сүнс сүүлийнх нь юм байна.
Ийм сүнс бусдад, тэр тусмаа та нарт огт гай тарихгүй. Харин ч аюулаас сэргийлж тус болдог тал бий. Тийм учраас эдгээр сүнсээс бүү ай. Тэгээд ч номын ид шидээр хөөгөөд ч мөддөө явахгүй юм байна. Талийгаач нар Намдагт их сайн хүмүүс байжээ. Сүнс нь Намдагийг Унгараас иртэл хүлээсэн байна. Танайхыг энэ байрнаас нүүсэн ч дагаад л очих сүнснүүд байна. Тийм болохоор сүнснүүд өөрсдөө нөгөө ертөнц рүүгээ явах нь тодорхой.
Та нар эндээ амьдрах нь зөв гэж зөвлөсөн байна. Намдагийнхан ч номтой ламын зөвлөгөөг дагалаа. Талийгаачдын сүнс Намдагт цөөнгүй тусалжээ. Намдаг хувийн машинтай. Нэгэн шөнө хүргэний нь машин асах сонсогдож Намдаг сэрлээ. Өндийгөөд цонхоороо хартал хашаагийн нь давж орж ирсэн хулгайч машиныг нь тонох гэж байгаад баригдсан байна. Бас нэгэн удаа Намдагийг байшингийн гадаа тонгойн юм хийгээд зогсч байтал талийгаач хамаатан хөгшин бөгшүүлэн ханиалгав. Эргэж хартал Намдагийг үздэггүй нэг согтуу нөхөр түүнийг цохихоор мод далайн ирж явав. Намдаг ч өрсөн цохиж унагасан байна. Намдаг одоо ч гэсэн талийгаач болсон дотны хүмүүсийн нь сүнс хоргодсон хоёр давхар хаустаа амар жимэр амьдарч байна. Эх сурвалж www.wikimon.mn