музейг ариун газрын нэг гэж үзэх нь ч бий. Гэтэл тийм биш гэдгийг олон жил аймгийн музейд тайлбарлагч, жижүүрээр ажиллаж байсан Бямбасүрэн өвгөн батлан ярьсан юм. Түүний ажилладаг байсан орон нутгийг судлах музейд хий үзэгдэл байнга харагддаг байжээ. Нэгэн хатны хувцас, чимэг зүүлт орой болмогц л амь орон үзмэрийн танхим дундуур чөлөөтэй холхин сэлгүүцдэг байв гэнэ. Өвгөн ч тэрхүү үзмэрийн түүхийг сайн мэднэ. Тэр нь баруун нутгийн нэгэн том ноёны хатны өмсгөл, зүүлт юм. Тэр хатан үзэсгэлэн гоогоороо үлэмж гайхагдсан нэгэн байж. Хошуу наадам дээр үеийнхээ охидтой явж байгаад өвгөн ноёны харцанд өртсөнөөр ихэс дээдсийн таалалд нийцүүлэн богтлогдсон гэдэг. Сэтгэлтэй хархүүтэйгээ энгэр зөрүүлж, онгон залуу биеэ хайртай хүндээ зориулж чадалгүй хувь заяаны эргүүлэгт унасан тэр хөөрхий бүсгүй хөгшин ноёны бага хатан болж, алт мөнгөнд умбасан ч амьдын жаргал эдэлсэнгүй билээ. Ертөнцийн жам ёс, хаан эзний хууль цаазыг дагаж нэгэн насны хувь заяагаа өвгөн ноёнд зориулахаас ч яах билээ. Цаг хугацаа гэдэг аливааг мартуулдаг, арчин баллуурддаг хойно бүсгүй хайртай хархүүгээ аль хэдийн мартжээ. Хувьсгал ялсан хэдий ч эхний жилүүдэд баяд ноёдын эрх мэдэл, хүч нөлөө хэвээр байв. Гэтэл тухайн нутагт айхавтар хувьсгалч эр шинээр тодорсон нь Баянжаргал хатны хайртай залуу нь байжээ. Хошууны ардуудыг цуглуулж хар, шар феодалуудад дарлагдан зовж байгааг нь гайхан шагширч, “Ардын засаг та нарт эрх чөлөө олгосон. Хошууны ноён, хойшоо харсан нүх сахиж хоногийг бардаг ядуу, тарвагачин хоёр адилхан” болохыг ёстой л ой ухаанд шингэтэл ухуулан сэнхрүүлж явдаг шинэ цагийн хувьсгалч эртэй Баянжаргал хатан сэмхэн уулзаж учирдаг болжээ. Залуу бүсгүйд гологдохгүй гэсэндээ юу хийж байгаагаа мартах шахсан мөртлөө өвгөн ноён өдөр өнжихгүй шахам бага хатан дээрээ морилно. Баянжаргал бүсгүйн өврөөс нямбайлан эвхсэн нэгэн алчуур унасныг өвгөн ноён харчихжээ. Тэгээд л хар бууж “Хатныг тандаж бай” гэж нэг зарцдаа даалгасан байна. Үнэхээр хошуу тамганы газар суух болсон төвийн төлөөлөгч, хатантан хоёр учиртай болох нь мэдэгджээ. Уурандаа багтрах шахсан ноёнтон буурал болтлоо цуглуулсан бүх хорон аргаа тоолж тооцон хэрэглэж, зарцаа явуулж Засгийн газрын төлөөлөгчийг гэртэй нь хайлуулчихсан байна. Тэр хэргээ дарахын тулд тахруудаа цуглуулан хонзонтой хүмүүсээ баривчлуулж, ардын засгийн төлөөлөгчийг хорлосон хэргээр эрүүдэн тамалж амь насыг нь хөнөөжээ. Энэ бүхний жинхэнэ буруутанг хатантнаас өөр хэн ч мэдэж байсангүй.
Гэхдээ хошуу захирах эрх нь хэвээр байгаа ноёнтой нэг бүсгүй арсаж тэмцээд яах ч билээ. Тэгээд тэр нь ямар ч болтугай эр нөхөр нь юм болохоор хувь тавилангийн гашуун үнэнийг хоёр дахь удаагаа шүд зуун давж гарчээ. Баянжаргал хатантан бараа бологч аягачин шивэгчинтэйгээ ч дуугарахаа больж гуниглан суудаг болжээ. Зовохын эрхэнд өөрийгөө хорлохоор шийдэж амь насаа егүүтгэсэн байна. Түүний хувцас хэрэглэл, чимэг зүүлтийг шивэгчин нь байсан нэгэн бүсгүй хадгалж байгаад олон жилийн дараа аймгийн музейд өгсөн нь тэр юм.
Мэдээж тэрхүү алт мөнгө, сувдан хэрэглэл нь хадгалж байсан хүндээ хоол болохгүй учраас музейн үзмэр болсон байх гэж Бямбасүрэн гуай ярьдаг юм.
Бямбасүрэн гуайд хатны хувцас хэрэглэл амь орж ямар нэгэн зүйлийг хайгаад байх шиг санагджээ. Мэдээж музей чөтгөртэй болсныг хэн нэгэнд хэлчихвэл шашны мухар сүсгийг сурталчилсан хэргээр дээлээ толгой дээрээ нөмөрнө. Ажлаасаа гарчихвал болох мэт санагдавч түүх, угсаатны зүйг сонирхож судалдаг болохоор дэмий л дотроо айдас сэжиг хадгалсан Бямбасүрэн гуай өдрийн цагаар хатны амилсан хувцас өмсгөл хаагуур явж, юуг эрээд байсныг олох гэж зориглодог байв. Шилэн хоргонд “Үүнийг үзүүлэгч Равдан нь МАН-ын гишүүн мөн болохыг батлан илэрхийлэв” хэмээн монгол бичгээр таталган бичсэн нэгэн үнэмлэх байдгийг гэнэт санажээ. Баянжаргал хатантны сүнс хувцас чимгээ шажигнуулан явсаар тэрхүү үнэмлэх бичгийн хажууд очоод чимээгүй болчихдог болох нь ч тодорхой болов.
Үнэмлэхний эзэн Равдан хэмээгч хэн болохыг судалж сурвалжлахад Баянжаргал хатны хайртай залуу нь мөн байжээ. Ийнхүү хорвоод хүн болж төрөөд амьдын жаргал эдэлж чадаагүй хайртай хоёрын эдэлж хэрэглэж явсан зүйлс нь музейн үзмэр болж нэгэн завтай саруул газар учирсан нь хүний хүсэл мөрөөдөлд хязгаар байдаггүйг ч илтгэх шиг санагддаг гэж Бямбасүрэн гуай ярилаа. Хүн ер нь үхэж үрэгдлээ ч үгүй болдоггүй юм уу даа гэх бодол энэ яриаг сонсоод төрж билээ. Эх сурвалж www.wikimon.mn