Tuesday, October 17, 2017

Үгийн сүлжээ таавал харштай болно

Зохиосон үгийн сүлжээг нь таасан хүнд нэгэн эмэгтэй 2,5 сая долларын үнэтэй тансаг харшаа бэлэглэхээр
болжээ. Шотландын Абердиншерт орших томоохон харш нэлээдгүй том эдлэн газартай бөгөөд зургаан унтлагын өрөө, гольфийн талбай, нисдэг тэрэг буух талбай зэрэгтэй юм. Уг харшийн эзэн эмэгтэй өөрийнх нь зохиосон үгийн сүлжээг тааж чадсан хүнд харшаа бэлэглэхээ амлав. 

Үгийн сүлжээ таахын тулд та ердөө 25 фунт стерлинг буюу 33 доллар төлөхөд болох нь тэр. Бусад нь таниас бүрэн шалтгаална. 54 настай Донна Пири гэдэг шотланд эмэгтэй ийм замаар хүмүүнлэгийн үйлсэд нэг сая фунт стерлинг цуглуулахаар болсон аж. 

Энэ талаар Донна “Энэ байшинг би өөртөө болон хоёр хүүхдэдээ зориулж авч байсан юм. Одоо тэр хоёр маань том болоод тусдаа гарсан. Тэгэхээр одоо надад ийм том харш хэрэггүй. Тиймээс би сайн зүйл хийхээр шийдсэн юм. Үнэхээр энэ байшинд орох хүсэлтэй нэгэн хүн ялаасай гэж найдаж байна” хэмээн ярьжээ. 

http://www.wikimon.mn/content/77930.shtml