Tuesday, October 10, 2017

Сүнс нь сүүдэртэйгээ ноцолдоод байжээ

Идэр залуу настай, исгэлэн хонгор биетэй Жавхлан хэмээх залуу гэнэт бие нь муудаж, эцэг, эх, төрөл
төрөгсдийнхөө сэтгэлийг түгшээх болжээ. Ээж нь Онцор маарамба дээр очтол хэдэн тан өгөөд “Би чадахгүй юм байна. Чойжин гүртэн дээр оч. Тэр л аргална” хэмээгээд нэгэн утасны дугаар өгчээ. Чойжин гүртэн нар, салхи зүглэж үзээгүй цонхигор царайгаараа ёоз муутай харсанаа “Сүнс чинь явчихсан юм байна. Туулай зүрхтэй эр хүн юм даа, чи ч” гээд долоовор хуруугаараа номын хуудас шилэмдэн эргүүлж, судар татаад “Нөгөөдөр туулай юм уу морь цагт тавгийн идээ, бүсэлдэг бүстэйгээ ир” гэж айлдав. Үнэ хөлс, өргөл барьц гэж ээж нь Жавхлангийн өмнөөс өцгөнөн бөхөлзөв. “Би ямар бөс барааны дэлгүүр биш. Түүнийг яаж мэдэх вэ? Шаардсан юм л аваад дуугүй хүрээд ир” гэж шалбалзуур зан гаргасан байна. Нэг өнжөөд маргаашийнх нь морин цагт Жавхлан ээжтэйгээ цуг шар дурдан бүсээ очир зангилаа хийгээд жижиг тавган дээр цэвэрхэн боловсон маягийн идээ бэлтгэж очив. Чойжин уржигдрыг бодвол ааш араншин нь засарсан бололтой шашны дүрэмт хувцсаа өмсөөд жижгэвтэр олбогон дээр бурханчлан суужээ. Өмнөө хонх, очир, ном судар, арц хүж, гүгэл, рашаан сүрчиглэх тогосны өд тэргүүтнүүдийг ярайтал өржээ. Бас томоо гэгчийн гуулин түмпэнгийн дундуур ус харагдана. Жавхланг эхтэй нь өмнөө сөхрөөн суулгаад айлд орж ирсэн хүн байна даа гэх шиг тавагтай идээ тавиад тэр хоёрыг амсч дуусмагц Жавхлангаар хойш тавиулав. 
1Ер нь хахир чанга, хохилзуур маягийн хүн бололтой. Тэгсэнээ цонхны хөшгөө хааж, дахин давхар хар хөшиг татаж, өрөөний гэрлээ унтраасанд өрөөнд тас харанхуй боллоо. Гүртэн Чойжин тэрүүхэн тэндээ шуухитнан дуугарч байснаа шүдэнз хавиран нэг лаа асаахад гурван хүний аварга том дүрс ханан дээр буй болж, тэдний хөдөлгөөн бүрийг элэглэх, шоолох мэт үйлдэл бүрийг давтан хөдөлнө. Чойжин гүртэн номоо нэгэн хэмээр алгуурлан уншиж удтал суув. Гэрт ханын цагны чиг чаг цохилох ламтны уншлаганаас өөр чимээ аниргүй нам гүм байлаа. Тэгсэнээ Чойжин гүртэн нэг шил архи гаргаж ирээд өөрөө задлан яг л архичин шиг дунд нь ортол балгав. Ер нь их том амтай хүн бололтой. Тэгээд архиа лааны дөл дамнуулан Жавхлан, эх хоёрын зүг тургисанд цэнхэр болон улаан дөл манасхийгээд замхарч өрөөгөөр дүүрэн спиртний үнэр ханхийлээ. Өмнө нь бэлтгэсэн бололтой цаасан завь шиг юм түмпэнтэй усандаа хийгээд номоо үргэлжлүүлэн уншлаа. Гүртэн ном уншиж байхад нөгөө цаасан завь Жавхлан руу тэмүүлэх ажээ. Тэгэхэд нь Чойжин гүртэн чанга дуугаар зандран алга ташихад нөгөө завь амьд, ухаант амьтан шиг гүртэнгийн зүг хөвөх нь бас ч сүсэг бишрэл, бяцхан айдас хүйдэс дагуулмаар санагдана. Дараа нь Чойжин гуай Жавхлангийн бүсийг давхар очир зангилаа хийгээд мөнөөх түмпэнтэй усан дээгүүрээ нар зөв хурайлан номоо уншихад цаасан завь мөн л нар зөв эргэн Жавхлангийн бүсний аясаар даган хөдлөв. Энэ үед бие нь хов хоосон мэт байсан Жавхлангийн ухаан санаа сэргэж, нэгэн газар нь халуу дүүгэх мэт санагдана. 

Хамгийн гайхмаар нь гүртэнг номоо уншиж байх үест Жавхлангийн бүсний хоёр үзүүр салхинд хөгжих мэт намиран босч эгээтэй л шувууны далавч шиг сэрвэлзэв. Энэ бүхнийг харсан Жавхлангийн ээжийн сүсэг бишрэл нь туйлдаа хүрч, Чойжин гүртэнгийн зүг хамаг анхаарлаа төвлөрүүлээд хичээнгүйлэн наминчилна. Гүртэн номоо уншиж дуусгаад Жавхланг тохойноос нь татаад сүүдрийнх нь зүг долоовор хуруугаараа заавал Жавхлангийн сүүдэртэй бүдэг саарал өнгөтэй тийм гэх дүрсгүй юм ноцолдоод байлаа. Энэ бүхнийг Жавхлангийн ээж мөн харсан байна. Жавхланг хөдөлгөөн хийгээд байгаа мэт түүний сүүдэр харин хөдлөн өнөөх дүрстэй ноцолдож байснаа алга болов. Гүртэн Чойжин гуай өрөөний гэрлийг өөрөө асаагаад бурзайтал гарсан хөлсөө арчаад их л баясгалантайгаар гурван аяга авчирч цай аягалаад “За, хүү минь. Сүнс чинь махбоддоо эргэж ирлээ дээ. Их л зовж ирлээ. Чи юмнаас цочсон юм уу эсвэл үхээрийн газар очсон юм уу?” гэсэнд Жавхлангийн эх ярианд оролцож, “Миний хүүд хайртай нагац ах нь нас бараад сар болж байна даа” гэв. Гүртэн Чойжин гуай цайгаа уух зуураа “49 хоногт нь багтаж ирсэн чинь сайн хэрэг болжээ. Тэр хугацаанаас хэтэрсэн бол хүү чинь нагацыгаа дагаад диваажинд одох байжээ. Эхийнхээ өмнө орж, түүнийг яс махтай нь хатаагаад яахав” гэв. Энэхүү хачирхалтай үйл явдлыг нүдээрээ харсан эх, хүү хоёр Чойжин гуайд 500 мянган төгрөг хадагтай өргөн барихад “Би өргөл, барьц авдаггүй” гэлээ. Арга нь мухардсан эх, хүү хоёр өргөлөө бурхан дээр нь тавиад гарч одсон байна. Эх сурвалж www.wikimon.mn