Хүний эрхийн үндэсний комисст нэгэн ноцтой хэргийн талаарх
мэдээлэл иржээ. Тодруулбал, 2012 оны дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бага насны дөрвөн эрэгтэй хүүхдийн гурвыг нь хүчиндэж, нэгийг нь дээрэмдсэн ноцтой гэмт хэрэг гарсан талаар иргэн Н нэг жилийн өмнө ХЭҮК-т ханджээ. Тэрбээр уг гэмт хэргийг гурван шатны шүүх шийдвэрлэхдээ хуулийн хүрээнд үнэн бодитойгоор шийдвэрлээгүй, хохирлыг бүрэн гүйцэд нөхөн төлүүлэх шийдвэр гаргаагүй гэсэн гомдол тавьсан байна. Хэргийн хохирогч дөрвөн хүүхдийн гуравт нь 10 сая төгрөг, харин түүний хүү А-д таван сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч одоог хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй аж.
Хүчирхийлэлд өртсөн гэх хүүгийн эцэг ХЭҮК-т хандсан гомдолдоо “Хүү маань ирээдүйгээ гэсэн итгэл үнэмшил, нэр хүнд, үнэт зүйлсээ алдаж, сэтгэл санаа, бие махбодоороо хохирч, байнгын стресс, цочрол, айдастай байж, сэтгэцийн эмгэгтэй болсон. Манай гэр бүлийн бусад гишүүд ч бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, эдийн засгаараа давхар хохирсоор байна. Тийм учраас төр үүргээ ухамсарлаж, хохирсон хүүхдэд сэтгэл зүйн тусламжийг цогцоор нь үзүүлэх, нөхөн сэргээх, эргэн нийгэмшүүлэх шинэ хандлагыг төлөвшүүлж хэрэгжүүлэх хэрэгтэй байна” хэмээжээ.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
