Monday, October 9, 2017

Задлан хийдэг хий үзэгдэл

Нэг ийм шуугиан ЭХЭМҮТ-ийн шарил хадгалах газар хавиар ерээд оны эхээр болоод өнгөрсөн юм.
Эмнэлгийн зүгээс хав дарсан нь ч бий л байх. Гэхдээ бараг өөрөө алга болсон байж магадгүй. Тэр үед тэнд ажилладаг байсан нэгэн эмчийн өрөөнд үе үе архидалт болдог байж билээ. Сайндаа ч биш л дээ. Архи, дарс тасардаггүй газрын нэгэн шүү дээ. Монголчууд аливааг бэлгэшээмтгий болохоор задлан шинжилгээний эмч, ажилтнуудын гарыг байнга цайлгадгаас тэр байсан биз. Тэнд ажиллаж байсан эмч ч өөрөө бас багагүй татчихдаг, зовлон мэддэг болохоор ЭХЭМҮТ-ийн баруун талын байрны сайн эрчүүдтэй танилцаж орхихгүй юу. 
1Эрчүүд л болсон хойно, тэр дундаа архичид шартахаараа архи хурдхан олдох газрыг л хамгийн түрүүнд барааддаг нь мэдээж. Тэр байрныхан, байрныхан бүгд биш л дээ. Уудаг гэх хоёр нөхөр байсан юм. Одоо бурхан болцгоожээ. Тэр хоёр л сав хийвэл нөгөө эмч рүү очих. Нөгөөх нь ч албатай юм шиг архи гаргаад шарыг нь тайлж өгөх жишээний. Нэг зун тийм нэгэн тохиолдол болоход би би хамт байлцаж таарсан юм. Нөгөө эмчдээ яваад очтол бидний үеийн залуухан хүн байв. Яадаг бол хэмээн санаа зовосхийж байтал өрөөндөө урив. Ороод сууж байсан чинь “Ашгүй, та нар хүрээд ирэв үү? Ганцаараа яая гэж байсан юм. Нэг “кулак”-ийн эмэгтэй дүү төрөхийн хүндрэлээр нас бараад виски, архи өгөөд гэсээр хоёр том юм ширээн дээр тавиад “Маргааш амралтын өдөр шүү дээ. Өнөөдөр жаал савахад гэмгүй” гээд суув. Архи уух болсон ч хажууд морг байдаг гэхээр аягүйцэн байсан минь мэдээж. Манай нэг нөхөр ч үг өдөж орхилоо. 

Тун санамсаргүй байдлаар “Танай энэ хавиар чөтгөртэй биз?” гэчихгүй юу. Эмчийн нүд ч сэргээд ирсэн бөлгөө. Тэрбээр ийн ярилаа. “Байхаар барах уу. Бүр эмч чөтгөр байдаг юм. Хамаагүй ярьж болохгүй гэсэн юм л даа. Асуусан болохоор чинь ярьж байна шүү. Манай хажуугийн моргийн өрөөнд шөнийн цагаар ганцаараа ажилладаг юм. Энд насаараа ажилласан нэг хэнхэг өвгөн бурхан болсон гэж байгаа. Ажилдаа дуртай ч юм уу хэнхэг нь дэнддэг ч юм уу, хэн мэдэхэв. Бараг харьдаггүй, орой болтол суудаг нэгэн байсан гэдэг юм. Бурхан болсоныхоо дараахан дөчин ес дэх хоног дээрээ буг болсон ч гэдэг. Түүнийг нь ямар тоолж тулгасан биш. Харсан хүн хэд хэд бий. Тэдний өгүүлснээр бол үдшийн 11,00 цагийн алдад ганцаараа гарч ирээд задлан хийгээд зогсчихдог гэж байгаа. Манай задлангийн Баяраа анх харсан байдаг юм. Нэг шөнө ажил дээр мартсан чухал зүйлээ авахаар иртэл моргийн өрөө гэрэлтэй байж л дээ. 

Энэ шөнө юу байдаг билээ гээд цонхоор нь авираад шагайтал өвгөн задлан хийгээд зогсч байжээ. Яаралтай задлан оржээ. Ганцаараа яаж хийхэв. Туслачихъя гээд өрөөнд нь орох гэтэл хаалга нь гаднаасаа цоожтой байж л дээ. Ингээд бүр гайхаад дахин цонхоор нь харах гэтэл гэрэл нь унтарсан байжээ. Бүр алмайраад тэр хавийн бүх өрөөний хаалгыг татаж, цонхоор хараад юу ч олж үзээгүй гэнэ лээ. Дараахан нь хоёр эмэгтэй эмч харчихаад бөөн шуугиан болоод хүчээр намжаачихаад байна. Та нар шөнө нэг эргэчихгүй юу” гэж ирээд л ярьсан билээ. Би ч анхандаа энэ эмч мөн ч залж байна даа гэж бодсон билээ. Төдөлгүй нөгөө эмч маань цуу яриа гадуур тархчихна гэж болгоомжилсон уу, яасан “За, за тоглосон юм” гэснээр тэр яриа өндөрлөв. Бид тэнд ёстой зад саваад харьсан байлаа. Түүнээс хойш тэр талаар дахин сонирхоогүй билээ. Эх сурвалж www.wikimon.mn