Monday, October 9, 2017

Морьтой хүн дуулаад давхиж ирдэг байжээ

Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд болсон явдал юм. Ховдын хамгийн арын буюу Баян-Өлгий аймагтай
хиллэдэг газар л даа. Цаст Цамбагарав хайрханы чанх өмнөд тал гэсэн үг. Үндсэндээ өөлдүүдийн нутаг гэсэн ч болно. Эрдэнэбүрэн, Баян-Өлгийн Алтанцөгцийн хиллэдэг Намаржаан гэх нарлаг сайхан нутаг бий. Намаржааны урд бэлд болсон ажээ. Одоогийн 40-өөс дээш насныхан андахгүй. Алтайн тарвага, зурам хошгирсон аглаг сайхан эл нутагт Түмэнгийнх гэдэг айл голдуу ганц гэрээр нутагладаг байжээ. 

Тэднийх намаржаандаа буугаад байсан цаг бөгөөд 70-аад оны дунд үе ажээ. Яагаад ч юм Намаржааны өмнө бэлд тэр үед айл бараг намарждаггүй болчихсоноос тэр хавийн өвс ургамал гарсан шиг гардаг байж л дээ. Хүн, малын хөлд дарагдаагүй газрын өвс, ургамал хариугаа авах мэт ургадаг нь байгалийн хууль юм. Өвс нь гэхэд л морьтой хүний дөрөө шүргэдэг байсан гэнэ билээ. Ер нь энэ нутгийн үзэсгэлэнг хэлчихэд бас гэмгүй байх. Намаржааны морин эрвээхэй шиг том, сайхан эрвээхэй Монголын хаана ч лав байхгүй байх гэж бодогддог юм шүү. Болжморын хэрийн бор цоохор эрвээхэй хонхон цэцгийн цоморлигийг халхлаад дэвж байдгийг одоо юутай ч зүйрлэмээр юм бэ дээ. Одоогийн хүүхэд, багачууд харвал лав эрвээхэй гэж бодохгүй дээ. Харин ямар болжмор вэ л гэнэ. Тийм л том эрвээхэй тэнд байдаг хэрэг. Бас нэг сайхан цэцэг бий. Эрдэнэшишэрхүү хэлбэртэй, вафли печень мэт үнэртэй тэр цэцгийг эцэг, эхчүүд хориод нэг их үнэрлүүлдэггүй байсан юм. Учрыг нь мэдэхгүй л дээ. Манай аав, ээж ч өөрсдөө учрыг нь мэддэггүй байсан юм билээ. Урьдын улс л тэгдэг байсан гэх. Их үнэрлэвэл толгой эргэж, бөөлждөг юм гэсэн нь харин үнэн байх шүү. Тэр цэцгэн дунд бие засаад хэсэг суухаар сүүлдээ дотор муухайрах шиг болдог байж билээ. Одоо бодвол мансууруулах талын юм байсан байж магадгүй л дээ. Далийн ягаан цэцэгт суухад цаг барьдаг, өвчтэй хүн тийм цэцэгтэй газар унтах нь битгий хэл удаан сууж болдоггүй гэдэг биз дээ. Нэг тиймэрхүү талын л юм байсан болов уу даа. 
1Тэр сайхан цэцэг, эрвээхэй хоёр одоо алга болсон гэнэ билээ. Үзээгүй болохоор өнөөгийнхөн итгэхгүй ч үнэн юмыг яалтай билээ, өгүүлж орхив. Байгаль ертөнц эргэлт буцалтгүй өөрчлөгдөж байгаагийн шинж тэмдэг байх аа. Энэ мэтийг зүгээр л сонирхуулах үүднээс хүргэсэн билээ. Түмэнгийнх тэнд буунгуут ажил гарсан тул гэрийн эзэн сумын төв явж эхнэр, хүүхэд нь шинэ нутагтаа үлджээ. Нийгмийн хэдэн малаа бэлчээж, саагаад цагаан идээгээ бэлдсэн намрын нэгэн налгар сайхан өдөр байсан нь мэдээж. Томхон хүүхдүүд нь тарвага, зурам хөөсөн шиг өдрийг өнгөрөөгөөд мал хуйгаа хотлуулаад оройн хоолоо идэцгээн, маргаашийн ажлаа төлөвлөнхөн сууцгааж байжээ. Наран жаргаж, хорвоогийн нэгэн үдэш ирсэн тул тэгсхийгээд бүрий болсноо харанхуй нөмрөөд иржээ. Яг энэ үед нэлээд алсад морин төвөргөөн сонсогдон, хүн дуу аялах мэт болжээ. Алив, хүүхдүүд ээ. Аав нь айсуй бололтой. Цай цүүгээ халаацгаая. Хоолоо ч халаачих. Ийм амархан ирмээргүй юм. Ажил нь бүтээгүй юм уу замаасаа буцаад ирэв бололтой гээд өндийсөн байна. Тэднийг тэгж бужигнаж байхад хөгшин банхар нь ч боргож эхэлжээ. Тэдний санаанд элдэв юм ч орсонгүй. Аавыгаа ирж байна л гэж бодсон хэрэг. Гэтэл аав байдаггүй. Гайхшаа бараад халаасан хоол цайгаа гаргаад, буцаад хэвтэцгээсэн ажээ. Гэтэл дахиад л морин төвөргөөн, нутгийн ардын дуу цуурайтаад эхэлжээ. “Ямар сонин юм бэ? Аавын чинь хоолой биш л байна даа. Гараад нэг хараатхаа ч” гээд хоёр том хүүгээ гаргажээ. Хоёр хүү нь гарч харчихаад “Цэгээн зүсмийн морьтой хүн л ирж явна. Аав зээрд морьтой явсан ш дээ. Морио замдаа юүлчихсэн юм байлгүй дээ” гэсээр орж иржээ. Гэр бүлээрээ хүлээгээд бас л байдаггүй гэнэ. 

Тэгж байснаа өнөө чимээ, дүрс өөрөө ч алга болчихжээ. Явуулын хүн өнгөрөөд явчихжээ гэлцээд унтсан байна. Маргааш нь гарч харвал ёстой юу ч болоогүй юм шиг өдөр байжээ. Ингээд мөн л хөдөөгийн айлын ёсоор малаа бэлчээгээд, саалиа бэлдээд, том хүүхдүүд тарвага, зурамчлаад өнгөрөөсөн нь мэдээж. Мөн л орой болдгоороо болж, малаа хотлуулж, оройн сааль саам болоод хоолоо идэцгээн амрахаар хэвттэл бас л морин төвөргөөн хадаж, цээл сайхан дуугаар уртын дуу аялаад, нохой боргоод явчихжээ. Одоо л жинхэнэ аав ирж байж магадгүй гээд хүүхдүүд нь гарч харсан боловч үзэгдэх зүйл байтугай нүдэнд торох юм ч харагдаагүй гэнэ. Ингээд бүгд алмайрч орхижээ. 

Маргааш нь мөн л сайхан өдөр болж, бүх зүйл болдгоороо тохиогоод өнгөрч байтал сумын төв явсан аав нь ч иржээ. Аав нь зээрд морио унасан чигээрээ ирээд эхнэр, хүүхдийнхээ ярьсаныг сонсоод гайхшран суусан аж. Ингээд үдшийн бүрийг тэсэн ядан хүлээж байтал хорвоогийн нэг хоног хүрээд ирэлгүй яахав. Үдшийн бүрий тасарч эхэлжээ. Өнөө жигтэй үзэгдэл харин дахиж гарч ирэхгүй байсанд гэрийнхэн хий юм харж, сонссон юм болов уу гээд гайхацгаасан нь мэдээж. Тэгж байтал ёстой жинхэнэ морин төвөргөөн дуулдаад, уртын сайхан дуу хадаад явчихжээ. Хөгшин банхар нь ч хуцаж, боргоогоод сүйд гэнэ. Ингээд эцэг нь гарч хараад бүр гайхаж хоцорчээ. Яалт ч үгүй цайвар морьтой хүн ирж явсан юм байх. Тэр барааны газар дөхөж ирээд гэнэт агаарт, харанхуйд гэх нь зөв байх уусан ууссаар арилаад өгчээ. Хэрэг бишидсэнийг хараад гэрийн эзэн бодол болон суусаар хоножээ. Ингээд өглөө нь босоод хэрхэхийг ярилцсанаа юу ч болтугай хэдэн километрийн тэртээд намаржиж байсан хоёр айлаар ороод ирье гээд явжээ. Тэрхүү хоёр айлд очвол нутгийн ард Цоож, Сүхээгийн гэдэг айл байжээ. Гэрийн эзэд эзгүй, эхнэр хүүхдүүд нь л байсан юм байх. Мэнд мэдэлцэн, цай цүү болонгоо болсон явдлыг ярьжээ. Хоёр гэрийн эзэгтэй нарын арай тулхтай эгчмэд нь болох Энхээ гэдэг эмэгтэй ийн ярьсан байна. “Тийм байх ёстой. Танайхыг тэнд бууж байхыг мэдсэн ч унаа малгүй, тэгээд ч эрчүүд эзгүй болохоор хэлж чадаагүй юм. 

Олон хүүхэдтэй айлд ямар сайн байхав гэж бодсон ч үнэнийг хэлэхэд амжсангүй л дээ. Бугтай болоод бүтэн хоёр жилийн нүүр үзэж байгаа юм. Банжгайн Мижид тэнд бурхан болчихсон юм шүү дээ. Харанхуйд морь нь тарвага, зурамны нүхэнд бүдэрсэн бололтой гэдэг юм. Тэр согтуу явсанаас гарцаагүй. Эрүүл хүн эрхбиш замаа харна ш дээ” гэх зэргээр ярьжээ. Ингээд бушуу нүүхийг санал болгосон байна. Түмэн ч санд мэнд хариад яаравчлан нүүж оджээ. Тэр жилийн хавар тэнд Осорынх гэдэг айл хаваржиж байжээ. Хэдийгээр Намаржаа хэмээн тодотгодог ч нутгийн ардууд сайхан газар болохоор нь хаваржаад, зусан улмаар намаржиж орхидог байж л дээ.  Осорынх хаваржиж байсан нэг орой Банжгаан Мижид харуй бүрийгээр морин төвөргөөн хадуулан, дуу цуурайтуулан, нохой шуугиулсаар давхин ирж яваа харагдсанаа гэнэт чимээ тасарчээ. Ирж явсан хүн яачихав гээд гартал нэг хар юм байгаа харагджээ. Хэрэг бишидлээ гээд яваад очтол Мижид унаад ухаан алдчихсан бололтой хэвтжээ. Морь нь угаасаа номхон амьтан болохоор эзнээ унангуут орхиод явалгүй дороо зогсчихсон байж. Хажуухантай нь нэг нүх харлан байсан юм байх. Мижидийг дуудаад, татаж чангаагаад сэрэхгүй болохоор нь аваад харьтал бараг тэр дороо амьсгаа хураасан бололтой байжээ. Ингээд л бөөн адал явдал болж, гэрт нь хэл ам хүргэх, чухам яасныг нь тогтоохоор нөгөө газар очтол морь нүхэнд бүдэрсэн бололтой дүр зураг харагджээ. Хажуугийнх нь шороон дээр нэлээд битүү цул юмны ул мөр бололтой нүх үүссэн байжээ. Яаж ч бодсон мань хүн тун санамсаргүй явж байгаад морьтойгоо годройтохдоо толгойгоороо унасан бололтой байсныг Осор тогтоосон гэдэг юм. Тэгээд Мижидийг гэр орныхон нь авч яваад нутаглуулжээ. Хэд хоногийн дараа тийм явдал тохиолдож эхэлсэн тул бугтай болов гээд Осорынх ч нүүн оджээ. 
Эх сурвалж www.wikimon.mn