тухай аман яриагүй ард түмэн бараг үгүй биз ээ. Байдаг гэхэд ч хэцүү, үгүй гэхэд ч бэрх эл зүйл лавтайгаар биднийг хориннэгдүгээр зуун хүртэл дагаж ирэв. Шинжлэх ухаан ч олигтой тайлбарлачихаж чадахгүй л байгаа билээ. Харин ч сүүлийн үеийн сэтгэл судлаачид хар эрчимтэй буюу энергийн вампир гэх хүмүүс байдгийг батлаад байгаа юм. Тийм хүмүүстэй хамт амьдрах битгий хэл, ажиллахад хүндрэлтэй гэх болжээ. Тэднээс эрчмийн гэрлэн бүрхүүлээ хамгаалахын тулд нүдний хар шил зүү гэх маягийн элдэв зөвлөгөө ч тарах болсон байна. Тэгэхээр түүнийг хэрхэн хүлээж авах буюу ойлгох нь таны эрхийн асуудал аа. Монголчуудын хувьд хараал, жатгын тухай арвин баялаг ойлголттой ард түмэн билээ. Ер нь монголчуудын аман ярианд “Хар царайтай хүнтэй хамаагүй битгий муудалц” гэх хэлц маягийн үг буй. “Хөвсгөлийн хүнтэй хэрэлдэж болохгүй” гэх зөвлөгөө маягтай зүйл ч бас бий. Энэ бүхэн юу өгүүлээд байна вэ гэхээр “нэг юм” байдгийг л хэлээд байгаа хэрэг л дээ. Социализмын үед энэ бүхнийг зад хорьдог, үгүйсгэдэг байсныг ахмад хүмүүс мэдэх байх. Тэгэхээр тэр үед ч байсан хийгээд яригддаг байсан хэрэг нь мэдээж. Буг чөтгөр, хий үзэгдлийн талаар цуу яриа гаргах аваас “хатуу донгодох” хариуцлага хүлээлгэдэг байсан бөлгөө.
1Тэгэвч үе үе тийм яриа гарсаар байсан билээ. “Хар, улаан гар” энэ тэр гээд одоогоор бол аймшгийн гэх маягийн зүйл ярьдаг байсан сан. Өнөөгийн аймшгийн кино, зохиолын дэргэд бол ч юу ч биш л дээ. Тэгэхдээ тэр бол зохиомол яриа байсан нь мэдээж. Харин аймаг, сум болгонд шахуу гар хүрдэггүй мод, чулуу, агнадаггүй амьтан гээд байдаг л юм. Тэр дундаа хүүр тавьдаг газар руу насанд хүрсэн хүн хүртэл зүглэдэггүй тал буй. Тэнд хий үзэгдэл, сүнс байдаг гэж үздэгээс тэр биз. “Хужаагийн сүнс” гэх яриа яагаад ч юм монголчууд дотор тун элбэг. Яахаараа заавал хужаагийн байдаг нь сонин юм. Гэхдээ тэгдэг л юм даа. Гэвч ялгах, салгах юм бас буй. Буг чөтгөр, хий үзэгдэл, сүнс сүлд бол өөр ойлголт ажээ. Харин хараал, жатга нь бүр шал өөр зүйл юм. Хараал гэдэг үг байдаг нь хараал гэж юм байдгийн илрэл биз. Ямар сайндаа л “Дөрөөн сэнж тасартал хараана” гэх үг монголчуудын дунд байх вэ. Тэр төмрийг тасартал хараана гэхээр хүний муу утсан чинээн улаан амь юухан байхав. Ёстой нүд ирмэх зуур таслаад авчих буй за. Хараал ч бас ерөнхийдөө хүнийг үхтэл эсвэл өөр төрөл олтол хувиргадаг ажээ. Түүний нэг жишээ буюу болсон явдлын тухай бичих гээд л тойрч давхиад байна л даа. Эхлээд товч ойлголт өгөхийн тулд тэгсэнээ өчсү. Одоо гол зүйлдээ оръё.
Манай орны баруун тодотголтой нэгэн аймагт болсон явдал бөгөөд өнөө цаг дор ч тэд аж төрж буй тул аймаг, сум, бригад, хүний нэрийг нууцалсан ухаантай юм аа. Донровынх гэх нэгэн эгэл малчныд тохиосон явдал юм. Хөдөөгийн жирийн нэг айлын жишгээр амьдардаг айл л даа. Ардчиллын ачаар амины хэдэн малтай болохоор хүний гар хардаггүй хоног, өдрийг өнгөрөөдөг түг түмэн монгол айлын нэгэнд ийм явдал тохионо гэж хэн санах билээ.
Донровынх уг нь хорхойд хоргүй шахам хүмүүс гэж нутгийнхан нь ярьдаг юм билээ. Тэгтэл чухам юу болсон юм гэнэт тэр хараал гэгч нь “айлчилжээ” Ирэх ирэхдээ бүр хоёр хөөрхөн үрийг нь барьж тусна гэж хэн санахав. Донровынх Болд, Болор гэх хүү, охин хоёртой ажээ. Малчин айлын хүүхдүүд шиг мал дагаж хөл, хэлд орсон хоёр хөөрхөн амьтнаар хэн тоглосныг хэн ч мэддэггүй гэх. Аргаа барсан аав, ээж хоёр нь арга чарга хайсаар юм мэддэг гэх нутгийн нэг хүнд үзүүлтэл “Хай, тун тусгүй юм болж дээ. Холын хүний хараал хүрсэн байна. Хар царайтай хүн хойд зүгээс хараажээ. Холын хүнийг жаахан таагүй үдчихсэн юм уу даа” гэсэн гэдэг юм. Тэрийгээ ч тэд өөрсдөө олоогүй бөгөөд таамаг төдий бодмоглоод өнөө хүрч байгаа юм байх. Үзмэрч “Эртхэн мэдсэн бол хариулж болох байж. Одоо нэгэнт хожимджээ” гэсэн гэнэ билээ. Тэгэхээр нэгэн насыг буюу хүн төрлөө ийн өнгөрөөхөөс өөр аргагүй болж байгаа юм. Харамсалтай л юм даа. Болсон явдал ийн эхэлжээ. Эхлээд том хүүд нь хараал туссан байна. Зүв зүгээр байсан хүү нь нэг өглөө орноосоо өндийгөөд яг нохой мэт цомцойн суугаад хэд хэд хуцчихжээ. Гэрийнхэн нь эхэндээ огт тоогоогүй гэнэ. Гэр, малын бараа болсон ганц шар нохойгоо дууриагаад л тоглож байна даа гэж бодохгүй юу. Тэгсхийгээд эцэг нь “За, нохой шиг хуцаад байлгүй цаад хонио бэлчээ” гэсэн юм байх. Тэгэнгүүт хүү нь үсэрч гараад хонио хотноос нь туухдаа яг нөгөө шар нохой мэт аяглаж байжээ. Шар нохой хонийг бэлчээх, хотлуулахдаа хааяа нэг хав, хав хуцангаа араас нь тойрч, тойрог үүсгэн гаргадаг байж л дээ. Яг түүн шиг малаа бэлчээсэн хүүгээ хараад нэг л биш болсон мэт санагдалгүй хаачих билээ. Тэр хүү малаа бэлчээчихээд орж ирэнгүүтээ ундаа уусан нь мэдээж. Энэ үед бүр галзуурмаар юм болжээ. Аягатай цайгаа тавганд юүлээд нохой шиг хэлээрээ долоож эхлэх нь тэр.
Гэрийнхэн нь ёстой алмайран гайхах гэгч болжээ. Эхэндээ ч яах ч учраа ололгүй хараад бас гайхаад байсан аж. Заримдаа харин хүн шиг байх юм гэнэ. Гадагш гарахдаа хаа очиж хувцасаа өмсдөг байжээ. Уг нь хүн л юм чинь тэгэлгүй ч яахав. Ингээд гадуур жаал ажил амжуулаад өдрийн хоол ундаа нохойчлон долоож орхиод, гурав хуцаж баярласнаа илэрхийлээд гарч оджээ. Гэрийнхэн нь бүр гайхширч орхижээ. Ингээд яах эсэхээ ярьж эхэлсэн нь мэдээж. Аав нь “Сумын эмчдээ хэлдэг юм бил үү?” гэжээ. Харин ээж нь “Хэрэггүй байх аа. Мэнрэл гуайд үзүүлье” гэсэн байна. Мэнрэл гуай тэр хавьдаа үздэг, хардагаараа тодорсон хүн юм. Эхний ээлжинд юу ч гэсэн дуулиан, шуугиан болгохгүй байхыг чухалчилсан нь мэдээж л дээ. Хөдөөгийн цөөн цөлх айлууд цэрвэх нь мэдээж байлгүй яахав. Хажуу айлынхнаа таньдаггүй хотынхон хүртэл иймэрхүү юмнаас бэргэмтгий ш дээ. Тэр явдал тэгсхийгээд өнгөрөх тавилангүй байжээ. Нэг өдөр долоохон настай бяцхан охин нь ганц саарал муураа дууриагаад эхэлжээ. Орон дээрээ суниаж, цагираглан хэвтэж байснаа гэнэт хоёр гараа хэлээрээ долоосноо нүүрээ арчаад эхлэхээр юу болохов. Гэрийнхний ёстой сүнс нь зайлна биз дээ. Бас л баахан харж алмайрцгаасан байна. Яг муур шиг суналзан хүрч ирээд хоёр гарынхаа эрхий хурууг хөхөж эхэлсэн гэдэг. Нохойн хүүгээ бараг марттал айлгалгүй яахав. Том хүү ч өнгөрчээ. Ганц охин маань л бүү амьтан болчихоосой хэмээн дотроо залбирч явсан аав, ээжийнх нь нууцхан хүслэн ийнхүү талаар болсон байна. Мууран охин нь гэнэт “мияа уу” л эхлэхгүй хаачих билээ. Ингээд ёстой инээд ч хүрмээр, бүр уур ч давхацмаар юм болсон гэх. Хаашаа харж үхдэг билээ гэх шахуу юм бодогдоно биз дээ. Тэдний ганц шар нохой, саарал муур хоёр ийнхүү ханьтай болчихжээ. Хоёр нохой, хоёр мууртай болчихсон хэрэг юм. Нэгэн зүйлийг мартах нь ээ. Хүү-нохой нь тэр оройгоо унтах болоход гэрийнхээ баруун хойд хойморт бус баруун урд хатавчинд очоод цагираглаад хэвтээд авчээ. Ашгүй, хүн гэсэн дээ энэ удаа ямар ч байсан хөнжил гудсаа авсан байна. Гэхдээ мэдээж ухаан орсон цагаасаа олж авсан дадал зуршлаа арай орхиогүй байна. Түүгээрээ л хүн гэж ялгарах төдий гэхэд хилсдэхгүй дээ. Хүүхэд өсөхийн тоогоор амьтанлаг инстинкт нь нэмэгдсэн байгаа юм. Охин нь түүхий сүү долоох тун дуртай гэсэн шүү. Нэг сайн тал нь хүү нь шар нохойтойгоо хамт мал сүргээ сайтар адгуулдаг гэх. Бараг бэлчээрт нь дагаад хуцаж хоргоож явдаг болсон юм байх аа. Гадны хүн харвал хүүхэд тоглож байна гэж бодох ч гэртээ үргэлж тэгээд байхаар хэцүү нь мэдээж. Тиймээс гэртээ хүүхдүүдээ аль болох нууцлахыг хүсдэг нь мэдээж билээ. Саахалт айлынх нь хүүхдүүд анх мэдэж, яриа тараасан нь мэдээж ээ. Тэгэн тэгсээр адаг сүүлд нь томчууд гадарладаг болсноор тэр айл руу хүн зүглэх нь ч цөөрчээ. Саахалтынх нь айлын Чоймбол гэх хүн анх олонд тараасан юм байх. Нэг талаар бараг зөв болсон ч байж мэдэх юм. Тэгээгүй бол бага насны хүүхэд санамсаргүй гэнэт харчихвал айгаад сүйд болно биз дээ. Сэтгэцийн гэмтэй ч болчихож мэдэх юм. Чоймбол тун санамсаргүй Донровынд бууж л дээ.
Хөдөөгийн улс болохоор яахав. Мэнд ус, цаг агаар, мал хуй ярьсан шиг цайлж суутал гаднаас охин нь мурилзаад ороод иржээ. Нэг их юм бодогдсон ч үгүй, тэгсхийж байтал нөгөө хүүхэд гэнэт мия уулаад эхлэхгүй юу. Тэгсэнээ орон дээрээ хэвтэж байсан эхийнхээ хөлийн эрхий хурууг учиргүй хөхөж эхэлсэн байна. Ажиглавал яг л муур санагдаад болж өгсөнгүй гэнэ. Ерөөсөө л муур байх нь тэр. Тэгж байтал бас болсонгүй. Гадаа нь нохой хуцах шиг болтол хүү нь ороод иржээ. Тэгсэнээ ханын тавиур дээр байсан тавагтай цайг яг нохой шиг долоож гарахгүй юу. Чоймбол ёстой мэл гайхаж, цэл хөхөрнө биз. Ингээд гэрийн эзэн тайлбарлахаас аргагүйд хүрч, болсон бүх явдлыг нэгд нэггүй ярьсан байна. Сая л учрыг ухаарсан Чоймбол ч үгээ хэлжээ. Нэгэнт ийм болсон юм бол Мэнрэл гуайд очвол яасан юм бэ? Барагтай юмыг аргалчихдаг хөгшин байгаа юм гэх зэргээр зөвлөөд явжээ. Ингээд тэр хавийн айл амьтнаар тарчихсан байна. Донров эхнэртэйгээ зөвлөөд Чоймболын үгээр Мэнрэл гуайд очихоор болжээ. Ингээд жаал жуул юм бэлдээд Мэнрэл гуайгаа урьж авчирчээ. Болсон явдлыг яриад хоёр хүүхдийг харвал үнэхээр нэг биш оргиод явчихжээ. Осолдохгүй л төрх нь хүн болохоос ааш, авир нь амьтан байжээ.
Ингээд судар ном гаргаж харсанаа ийн хэлжээ. “За, би ч дийлшгүй нь ээ. Харин ч энэ дайны үлдсэн нь их юм. Завшаан гэхэд ч болно. Бүр аминд цөвтэй хараал тусчээ. Та нар хар царайтай холын хүнийг ядарч явахад нь таагүй ханджээ. Их хүчтэй зайран хүн явсан байна. Угаасаа ч харын талын хүн юм. Баруун хойд талын хүн байна. Одоо нэгэнт ийм болсноос хойш яагаад ч нэмэргүй. Гэм хоргүй юм. Ингэсхийгээд байж байг” гэх зэргээр яриад явжээ. Мэнрэл гуай үнэнээ хэлсэн нь тэр. Тэд сайн бодоод нэг хүнийг л хардах төдий өнгөрсөн байгаа юм. Хагас жил шахмын өмнө нэг явуулын бололтой хүн ирээд унаа гуйсныг эс тоон өнгөрөөсөн бололтой. Тэгэхэд гадаа уяан дээр нь ганц хоёр морь байх нь ч байжээ. Холын хүн эргэж ирнэ барина гэдэгт яахин итгэх билээ. Тэгээд жаахан унжчихгүй юу. Морийг нь юүлж өгөлгүй явуулчихжээ. Дээхнэ бол ч монголчууд бие биедээ тусалж орхилгүй яахав. Одоо элдвийн л юм дуулддаг учраас жаал залхаа байлгүй дээ. Тэгээд ч ганц удаагийн тохиолдлоор ийм юм болж өнгөрнө чинээ хэн санах билээ дээ. Нэг ийм л юм болжээ. Тэднийх өдгөө ч нутаг усандаа буй билээ.
Эх сурвалж www.wikimon.mn