дуугардаггүй тийм сайн хүн шүү дээ... Хүний сайн нь түрүүлж явдаг ч гэсэн би тэр хүнийг яасан гэж байхгүй болгосон юм бол оо..?”. Одоо 32 нас хүрч яваа Энхсүрэн гэдэг бүсгүй ингэж ярьж байна. Түүнийг шүүхээс “Шунахай сэдэлтээр, онц хэрцгийгээр, санаатайгаар” гэсэн гурван үзүүлэлтийг хүндрүүлэх нөхцөл болгож ял оноожээ. Энхсүрэн 20 жилийн хорих ял оноосныг “Хүлээн зөвшөөрч”, нийслэл болоод УДШ рүү огт дааваагүй байна. Анхан шатны шүүхээс оноосон ялыг ингэж хүлээн зөвшөөрч, давж заалдаагүй тохиолдол ховор учраас түүнийг элдвийн үгээр баалж, шоглож, гоочлох нь их байдаг гэнэ.
- Нөхрийнхөө хөрөнгөд эзэн суух гээд амийг нь хөнөөсөн гэсэн. Аягүй бол өөр юмтай суух санаатай байсан биз.
- Аймаар шуналтай, шулам шиг амьтан байсан гэсэн...
- Гадаадын том түншээс нь мөнгө ирнэ гэдгийг мэдэнгүүтээ хороох, хорлох төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн юм биш үү?
Хорих ангид ял эдэлж байгаа, зарим нэг ам нь загатнасан хүмүүс түүнийг ингэж баалж, өөрт огт хамааралгүй асуудал руу өнгийх мөртлөө өөрсдийн таамаг бодлоор чөлөөтэй бурж, сэмэрч ядах сэтгэлийг нь хөндүүрлүүлдэг байна.
- Огт мэдэхгүй байж ингэж ярих нь надад тээртэй ч тэгтлээ ач холбогдол өгдөггүй юм аа. Энэ хүмүүсийн доромжлох гэж, гутаах гэж, намайг гоочлох гэж ингэх бол надад юу ч биш. Тийм сайн ханийгаа би өөрийн гараар егүүтгэсэн нь үнэн юм чинь. “Чухам яагаад?” гэдгийгээ би олж чаддаггүй. Миний харамсал, гашуудал энэ... хэмээн Энхсүрэн ярьж байна. Тэрбээр Германд боловсролтой болсон, мэдлэгтэй, мэргэжилтэй, хэн ч харсан “Хүний амь хороох” хүн биш гэж хэлнэ. Гэвч яалт ч үгүй хороожээ. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийг зургаан жил толгойлж явсан энэ эмэгтэй өөрийн гэсэн хөрөнгөтэй, өөрийн гэсэн орлоготой бас хийж бүтээж босгосон болохоор ханилж суусан нөхрийнхөө ажил алба, орлого руу өнгийх шаардлагагүй байжээ. Харин ч автын инженер мэргэжилтэй нөхөр нь эхнэрийнхээ санаж, сэтгэж бодсоныг хамжиж дэмжээд явдаг жирийн нэгэн байж.
Бараг жилийн өмнө авто угаалгын газраа өргөтгөж, авто салон болгоод нөхрийгөө бие даасан компанийн захирал болгосон энэ бүсгүйд “шунахай”, бусдын эд хөрөнгөнд гар дүрэх гэсэн бодол байгаагүй ажээ.
Харин маш их хартай байсан гэдгээ Энхсүрэн хүлээн зөвшөөрдөг байна. Оюутан байхдаа суусан тэд хоёр хүүхдийн эх, эцэг болж, эвтэй найртай сайхан амьдарч байхад нь талийгаач Бат-Оршихын ээж Долгор нь нэлээд том “яс” хаяснаар тэдний гэр бүлийн дотор хар энерги, сүүдэр тусч, хэрүүл салахаа больсон байна.
Долгор бэр Энхсүрэндээ эхнээсээ таатай биш хандаж,
- Нэг их захирал, дарга гэж дээгүүр харсан хүүхэн. Энэ их зантай амьтан яваандаа толгой дээр гарна хэмээн ил далд элдвийн үг чулуудахыг Энхсүрэн сонссон ч сонсоогүй мэт дуугүй явдаг байв. Талийгаач Бат-Орших ээжийнхээ энэ мэт таагүй ааш аягийг эхнэртээ мэдэгдэхгүйг хичээж, хааяа нэг:
- Ээж минь, та одоо ажил хийгээд, амьдрах гээд зүтгэж яваа хүн хараагүй юм шиг яагаад ингэж бухимдаад байдаг юм бэ. Энхсүрэнгийн олж байгаа мөнгө их, ажил нь сайн байхад таны, миний сэтгэл амар бөгөөд харин ч бахархах, хайрлах ёстой юм биш үү? гэж хэлдэг аж. Газар дээрх ганц хүүгийнх нь энэ үг Долгорын аазгайг улам өдөөхөөс биш ааш аягаа дарж, аятайхан байх талаар бодохгүй нь харамсалтай.
Үе тэнгийнхэн нь болоод ер нь сүүлийн үед шинэ хороололд, эсвэл сайхан хаусанд амьдрахгүй бол зэрэг, зиндаа буурах, бууруулах маягтай буруу хандлага газар авсан. Энэ хандлага, салхины аяс Энхсүрэнг бас л дайрчээ. Тэрбээр наадмын урьд өдөр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авч нөхөртөө сюрприз барьсан байна. “Шинэ байрны захиалга өгсөн” гэж мэдэж байсан ч ийм хурдан амьдрах орчноо алга урвуулах адил сольчихно хэмээн бодоогүй явсан Бат-Орших ээждээ хамгийн түрүүнд хэлж, эхнэрийнхээ ухааныг гайхуулсан байна.
- Эцгийн чинь голомт чамд муухай санагдаад байна уу? Тийм үнэтэй байраар яадаг байна аа? Чамд ч ямар өөрийн гэсэн толгой байх биш дээ. Тэгвэл чиний нэр дээр байгаа наад байрыг чинь би авна. Зарна, надад мөнгө хэрэгтэй. Долгор хүүгийнхээ хөөрсөн сайхан сэтгэл рүү ус цацсантай адил ийм үг хэлээд орхижээ.
Бат-Оршихынх амьдарч байсан хоёр өрөө байрны ордер аль хэдийнэ өөр хүний нэр дээр шилжсэн гэдгийг эхнэрээсээ сонссон нөхөр нь:
- Чи энэ байрыг зарах гэж байна гэдгээ ээжид хэлээгүй биз дээ? Одоо цаад хөгшин чинь гомдоллоод сүйд болно… гэснээр Энхсүрэн, Бат-Орших хоёрын дунд бяцхан маргаан үүсчээ. Улмаар “Эд хөрөнгөтэй эм хүн аяндаа толгой дээр чинь гарна. Чи тэгээд ямар ч мэдэлгүй боол болж бөхөлзөх цаг удахгүй… гэх ээжийнх нь сум болгон илгээж байдаг хатуухан үг Бат-Оршихын толгойд орж:
- Би тэр үнэтэй байранд чинь амьдрахгүй. Чиний авсан байр юм чинь чи ганцаараа амьдар… гээд эхнэр, хүүхдээ орхин яваад өгчээ. Тэрбээр ээжийндээ очоогүй байна. Эхнэр нь “Энэ байр чи биднийх. Тэр байрыг зарж, мөнгөө энэ байрыг авахад нэмэрлэж байгаа юм. Тэгэхээр аав, ээжийн чинь авч өгсөн чиний байр ингэж сайжирч, өнгөө өөрчилсөн л гэсэн үг” гээд өчнөөн тайлбар хэлж аргадсан ч Бат-Орших сонсоогүй байна. Энэ тайлбараа Энхсүрэн хадам ээждээ хэлтэл:
- Чи хүүтэй минь суучихаад эцгийнх нь голомтоор тоглолоо. Тэгэх юм бол би чамаар тоглож чадна шүү. Чи тэр байрыг минь буцааж өг. Тэгэхгүй бол цагдаад өгнө хэмээн тачигнажээ.
Энэ үед Энхсүрэн хадам ээжийгээ болоод нөхрийгөө огт буруутгасангүй. Харин ч өөрийгөө зэмлэж, “Голомтыг нь зарсан нь миний буруу. Бат-Орших уг нь өөрөө зөвшөөрсөн, сайн мэдэж байсан мөртлөө яагаад гэнэт ийм зан гаргаж байгаа юм бол? Ээж нь загнаж, дургүйцсэн болохоор арга буюу ингэж байгаа юм байлгүй дээ” хэмээн өөрийгөө буруутгаад, хуучин байраа буцаан авчээ. Ингээд тэр байрыг хадам ээжийнхээ нэр дээр болгон ордерыг нь өгөхдөө уучлалт гуйсан байна. Уг нь үйлдвэрлэлээ босгох гэж ядаж явах үедээ хадам ээжийгээ тав тухтай байлгах гэх орчин үеийн загвар шийдлээр баригдсан хоёр өрөө байр худалдан авч өгсөн ажээ. Гэхдээ Энхсүрэн өөрөө хийж, бүтээж чаддаг бас хүн бүхэнд ээлтэй, эвтэй хандахыг хичээдэг учраас хадам ээжийнхээ ааш аяыг олох гэж юу байдгаа, юу хүссэнийг нь өгдөг байсан гэнэ. Гэтэл үг дуу цөөтэй, өөрөө санаачлаад, өрх гэрийн эзэн шиг манлайлагч байж чаддагүй ч гэсэн эхнэрийнхээ ажлыг, хүсэл зорилгыг дэмжээд явдаг байсан хүн өнөөдөр яагаад ийм зан гаргав гэдэг нь Энхсүрэнгийн анхаарлыг татаж, урьд нь сонсоод огт итгээгүй, тоолгүй өнгөрсөн нэг яриа түүнийг зүгээр суулгахгүй хатгаад байжээ. Аминдаа олсон хэдэн төгрөгөн дээрээ бүр зээл авч нэмж байгаад “баячуудын” гэх тодотголтой хороололд тансаг, сайхан байранд орж байхад нүүрээ буруулан алга болсон нөхөр нь яагаад ийм зан гаргах дээрээ тулсан нь төдөлгүй тодорхой болжээ.
Энхсүрэн нөхөртөө гомдож, сэтгэл санаагаар унаж, бараг өвчтэй болсон гэмээр шаналж, хачин их өөрчлөгдсөн байна. Бат-Орших хүний урманд эргэж холбоо бариагүй бөгөөд бүр цагаандаа гарч хөгшин эхнэрийнхээ гэрээс ажилдаа явах болжээ.
Энхсүрэнгийн ажиллах, амьдрах өөдрөг сайхан тэмүүлэл унтарч бараг сар гаруй гэртээ байж, нөхрийгөө хүлээсэн байна. Нэг өдөр хадам ээжтэйгээ утсаар ярьж:
- Бат-Орших арай ч дээ. Намайг биш юм аа гэхэд хоёр хүүхдээ боддоггүй юм байх даа. Та хүүгээ тийм хүнтэй суулгах гэж их эртнээс зүтгэсэн юм уу? Надад хэлээд хүүгээ салгасан бол би бас ойлгох байсан… гэсэн байна.
- Эрх мэдэлгүй эр хүнийг манаж, цагдах амархан гэж андуурсан байх. Тэр эмэгтэй чинь миний хүүгийн хань болж чадах хүн. Тэгээд ч удам угсаа сайтай, нэртэй хүний хүүхэд. Ямар чам шиг бутач хүүхэн биш. Миний хүү чинь айлын ганц. Үлдэх үр удам нь нэр төртэй байх ёстой юм байгаа биз дээ?
Хадам ээж Долгорын хэлсэн энэ үг Энхсүрэнд доромжлол бүр удам судраар нь гутаасан тул дэндүү хүнд тусчээ. Энэ бүгдийг өөрийн биеэр сөрж, хариу юу ч хэлэлгүй өнгөрүүлсэн байна. Энхсүрэн “Хоёр хүүхдийнхээ төлөө ажиллах ёстой” гээд эргэж хэвийн байдалдаа орж, ажилдаа, амьдралдаа зүтгэжээ.
Ийн байтал хагас жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Бүсгүй ч тайвширч, “Би ханиа буруу сонгож. Хүнээ таниагүй юм байна” гээд мөн л өөрийгөө зэмлээд урагш тэмүүлэх сайхан зангаараа ажлын төлөө зүтгэж байжээ. Гэтэл нэг өдөр ажлаасаа гараад иртэл хаяад явсан нөхөр нь гадна талын хаалганы дэргэд зогсож байжээ. Дотор нь муухайрах шиг болж, харц буруулан алхах гэтэл Бат-Орших:
- Намайг уучлаарай… гээд гараас нь барьж авчээ.
- Би үнэхээр хайртай учраас уучилсан. Гэвч уучилсан нь миний алдаа болсон. Яагаад гэвэл, уучлаагүй бол, хөөгөөд, нүүр өгөлгүй явуулсан бол тэр хүн миний гарт үрэгдэхгүй байсан. Би түүнийг нэгэнт уучилсан юм чинь яг л анх яаж хайрлаж, яаж халамжилж байсан тэр байдлаа хадгалах, бүр илүү сайн, сайхан байлгахыг хичээж байсан. Дахиад явчих вий гэхээс айж байлаа. Би аймаар хартай, бүр байнга хамт байдаг болсон. Гэтэл амийг нь хөнөөсөн гэхээр би аймаар байгаа биз гэж Энхсүрэн ярьжээ.
Тэр хоёр найман сар шахам тусдаа амьдарч байгаад эргэж нийлсэн ч гэсэн “Юу ч болоогүй юм шиг” сайхан амьдарч байсан аж. Гэтэл шөнө дунд унтлагын хувцастай, үс гэзэг нь задгай, арзайж сэгсийсэн бүсгүй:
- Би нөхрийгөө алчихлаа. Намайг цагдаад хүргээд өг гээд бархиран гүйж ирэхэд байрны давхрын харуул залуу айж, цагдаад дуудлага өгчээ.
Үргэлж инээж бас талархал илэрхийлж явдаг, соёлтой боловсон энэ бүсгүйг ийм хэрэг хийсэнд хэн ч үнэмшээгүй байна. Гэвч Энхсүрэн нөхрийгөө зүрхэн тус газар нь хутгалжээ. Бүр гурван удаа хутгалсан байна. Өглөөнөөс орой болтол ажил дээрээ хамт байж, орой хоёулахнаа хоолонд орчихоод инээж хөхрөөд явж байсныг ойр орчныхон нь харжээ. Гэтэл шөнө гэнэт хэрэлдэж муудалцсан юм болов уу. Яагаад ийм аймшигт хэрэг үйлдэх болов оо?
Аавгүй өссөн ууган охиныхоо хүчинд амьдарч явдаг ээж нь аргаа барахдаа лам дээр очсон байна. Гандан хийдэд харьяалагддаггүй ч гэлээ олны ам сайн байдаг, өвөг дээдсээсээ улбаалан хувраг болсон тэр хүн “Дайрлага дайрсан байна. Талийгаачийн биед хараал шингэсэн байж. Тэр байтугай талийгаачтай хий сүнс нөхцөж, их хатуу юм хийсэн байжээ. Тэгээд охины чинь нүдэнд хий юм харагдаж, шөнийн хар дайрлага дайрсан байна” гэжээ. Ээжийнхээ ярьсан энэ яриаг Энхсүрэн хэзээ хойно бодоод их гайхдаг гэнэ. Үнэхээр тийм “хий сүнс”, “дайрлага” нь намайг дайрсан юм болов уу хэмээн эргэлздэг байсан бол одоо бүр итгэж, “Ямар ч байсан засал ном уншуулж, энергиэ тэгшлүүлж явах ёстой юм билээ” хэмээн ярих болжээ.
Тэр шөнө бие засчихаад орж иртэл орон дээр нь нөхрийг нь булааж авч, хэдэн сар хамт амьдарсан нөгөө хүүхэн нүцгэн сууж байсан гэнэ. Нөхөр нь түүнийг илж таалаад бүр аймшигтай дүр зураг харагджээ. Энхсүрэн нүдээ аньснаа, чанга хашгирснаа мэддэг боловч яаж гал тогооны өрөөндөө очсон, хутга авсанаа огт санадаггүй байна. Нэг л мэдсэн чинь хөргөгчний хаалганд наалттай байдаг жижиг модон хутга гарт нь байжээ. Гэрлээ асаатал нөхөр нь цусанд будагдсан, хөдөлгөөнгүй болсон хэвтэж байсан байна. Тэгээд гарч гүйсэн бүсгүй давхрын харуул дээр очсон ажээ.
- Би нүдэндээ харагдсан тэр байдлыг хэлж ярихаар мөрдөн байцаагч залуу аймшигтай муухайгаар доромжилсон учраас би дахиж тэр тухай яриагүй ээ. Хадам ээж нөгөө байрыг зарсан, мөнгөний шуналтай гэж гомдол мэдүүлсэн учраас намайг шууд “Шунахай сэдэлт”-ээр гэж үзсэн. Ер нь бол хардаж, харамлаж, дэндүү хайртай байсны минь буруугаас ийм юм болсон гэж боддог. Гэхдээ тэр дайрлага, хий үзэгдэл, сүнс, хараал шингэсэн гэдэг бол байж болох зүйл гэдгийг одоо л ойлгож байна. Тэгэхээр хүн болгоомжтой, өөрийгөө бас үзүүлж, харуулж явахгүй бол өөрийн биш удирдлагаар аймаар байдалд ордгийг хэлмээр байна гэж тэрбээр ярьсан юм.
Эх сурвалж www.wikimon.mn
