Thursday, November 9, 2017

Хоёр сая төгрөгний утас хийгээд хоёр халаагуур

Утаа, утаа, утаа. Хотын утааны талаар бид юу эсийг
ярив. Уул үг хэлдэг сэн бол гэгчээр одоо утааны аюул гамшгийн талаар чулуу хүртэл хэлд орохоор боллоо. Утаанд хордогсод ярьсаар хэлсээр үг ч барагдаж дуусав гэмээр. Дээр нь “утаа” гээч угтаа бид өөрсдөө бий болгосон аюул гамшгийн эсрэг зарцуулсан гэх мөнгөний тоог нарийвчлан гаргаж ирэх юм бол юун Арабын шейхийн хөрөнгө гэгчээр болж байгаа байх. Саяхан гарсан тоогоор бид утаатай тэмцэх “нөр их тэмцэл”-д 312.5 тэрбум зарцуулжээ. 312.500.000.000-Та энэ тооны тэг буюу орон нь тоолоод үзээрэй. Араас нь үүгээр хэд хэчнээн орон сууц, дэд станц, нарны, салхины том жижиг станц, за бүр цаашилбал хэдэн цэцэрлэг, сургууль, эмнэлэг барьж болох байсан тооцоог хялбархан гаргаж болно. Энэ тухай өгүүлэхэд бас л үг дутна.


Яндан дахиад яндан...
Утааны эсрэг тэмцэж байна гээд зуух тараадаг ШИБОС үнэндээ гайхам сонин үйлдэл. Утаатай тэмцэнэ гэчихээд яндан тараагаад байна гэдэг яаж ч бодсон зөв шийдэл бус нь тодорхой. Сайжруулсан, яасан ийсэн ч гэлээ зуух тараагаад утаа багасдаг байсан бол өнгөрсөн арав гаруй жилд утаа гээч зүйл монголчуудын ой тойноос гарахаар болчихсон биз.
Зөвхөн нийслэлд гэхэд гэр хорооллын нийт өрхийн 97 хувьд нь утаа багасгана гээд зуух тараасан гэхээр ер нь гэр хорооллынхон утааныхаа асуудлыг шийдчихсэн байгаа бус уу? Үүн дээр гэрийн бүрээс дулаалга гээд бас юу эсийг тараасныг хэлэх юун? Зөвхөн зуух тараасан энэ мөнгөөр хэдэн айлыг төвлөрсөн эрчим хүчээр хангаж болох байсныг бас тооцоолж үзэх хэрэгтэй байх.
Хийж болох ч биднээс улам бүр алсарсаар байгаа бодлогын энэ том ажлуудаас гадна бидэнд өөр ямар боломж байна вэ?

Зуух яндан уу, цахилгаан халаагуур уу?

Нийслэлээс холгүйхэн Монгол хүн бүрийн сайн мэдэх Цонжинболдог цогцолборын наахна гурван улсын далбаа намируулсан, хөөрхөн бор байшингууд бий. Монголд хаа сайгүй байдаг олон л амралтын газруудын нэг мэт. Гэхдээ жуулчдын баазуудад ховорхон орчин үеийн 00, халаалттай. Хорь гаруй байшинг цахилгааны халаалтаар хангаж, тохилог 00, усаар хангана гэхээр хэтрүүлж хэлэхэд жижигхэн уурын зуух шаардлагатай гэмээр. Гэхдуу уг нь Монголын тал нутаг эрчим хүчний хангалттай шугамтай. Хажууд нь Хан-Хэнтий ханхайж байхад гэгчээр хажуугаар нь төвлөрсөн эрчим хүчний том том цамхагууд сүндэрлэж байхад жижиг амралтын газар бүү хэл цэргийн хотхон, сумын төв хүртэл уурын зуух хэмээх зүйл ажиллуулж, өнгөрсөн зууныхаараа “качгаар” гэж монголчилж нэрлэсэн нөхөд хүрзээр нүүрс шидэж зогсдог.
Яагаад??? Нэгэнт эрчим хүчний шугам байгаа ч түүнийг холбох, бас халаалтын системээ шийдэхэд зардал их гарна гэж болгоомжилдог уу? Уг нь техник, технологи үсрэнгүй хурдан хөгжиж байгаа энэ үед нүүрснийхээ зардлаас ч багаар ердийн халаалт хийж болно гэдгийг Б.Чимэгцэцэг бүсгүй кэмпээрээ харуулж байна. 20-40 хүн бардаагаар сууж хичээллэж болох өрөөнд хоёрхон жижиг халаагуур тавьснаа тэрээр харуулаад, тохиргоог нь тун хялбархан хийж болохыг харуулав. Эзгүй үедээ хамгийн бага буюу өрөө хөлдчихгүй хэмжээнд тавьчихна, халуун байхыг хүсвэл хүчдэлээ нэмнэ гэх мэтээр. Ердөө л хоёр халаагуур 50-80 метр квадрат байрыг хангалттай халаана. Энэ бол Германы технологи. Үүнийг Монголд суурьшуулах гэж “Ультрасоник” компанийнхан ажиллаж буй.

Герман технологи гэхээр хэр баргийн айл дийлэмгүй өндөр үнэтэй гэж бодож байна уу? “Ультрасоник” компанийнхны хувьд байж болох хамгийн боломжийн үнийг Герман хамтрагчидтайгаа тохиролцож чадсан гэж хэлж байна.
Цахилгааны үнэ их гарах болов уу?
Хэдэн жилийн өмнө хоёр давхар жижгэвтэр хаустай айлын цахилгааны төлбөр 400-600 мянган төгрөг гардаг гэж халаглаж байсан. Тэгвэл сүүлийн үед бий болсон бас нэг боломж, бас ч гэж ахицтай нэг алхам нь шөнийн цахилгааны үнийг тэглэсэн явдал. Б.Чимэгцэцэг захирал өөрийн байшиндаа тавьсан халаалтыг шөнө цэнэглэчихдэг, өдөр нь энэ нөөцөөрөө хангалттай ажиллачихдаг гэж ярьж байсан. Та бүхэн санаж байгаа бол “Танайд хоноё” нэвтрүүлгээр ажилсаг, шаавай буриад бүсгүй сэтгүүлч Т.Алтантүрүүд яг ингэж тайлбарлаж, дээр өгүүлсэн амралтын газартаа урьж, технологио танилцуулж байсан шүү дээ.
“Ультра соник” компанийн хувьд хаус гэхээсээ жирийн 50-60 метр квадрат жижгэвтэр байрыг хямд зардлаар халаах боломжийг илүү түлхүү судалсан юм байна. Тэдний хэрэглэгчдийн нэг нь сард цахилгааны мөнгө 30 орчим мянган төгрөг гардаг гэж ярьж байсан. Нүүрс хэрэглэдэг айл сардаа, өвөлдөө хэдэн портер нүүрс хэдэн төгрөгөөр худалдаж авдгийг хүйтний улирлын сардаа хуваагаад үзээрэй.
Дээр нь хамгийн хайртай гэр бүлээ утаанд угаартуулж, орой хөлдүүс гэртээ ирж нүүрс хутган түлж байдаг гээд тохь, тух эрүүл мэндийн талаас нь бас бодоод үзээрэй. Энэ мэтээр “Ультрасоник” компанийн бүтээгдэхүүний талаар яривал бас олон зүйл бий. Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно. Одоо дараагийн бас нэг өнцөг.
Хоёр сая төгрөг ба хоёр халаагуур
Иргэн Доржийнх найман сая төгрөгөөр худалдан авсан Приус гэдэг машинтай, хоёр идэхгүй, хоосон хонохгүй. Оюутан хүү нь IPhone гэдэг утастай, өмссөн зүүснээр ч хэнээс ч дутахгүй. Харин орой гэртээ ирээд хүйтэн, нойтонд амбаараасаа төмөр хувингаар нүүрс хутган хэзээ нэгэн цагт үнэгүй авсан зуухандаа гал өрдөн дулаацна. Тэднийх цахилгаан эрчим хүчгүй уулын мухарт бус, тог залгаад зурагтаа үзнэ, хөргөгч онгойлгоод хоолоо хийнэ. Гэхдээ яагаад ч юм бэ, цахилгаан халаагуур гэртээ тавьж болох талаар тэр бүр сонирхдоггүй. Магадгүй хэзээ нэгэн цагт “төр засаг” нь цахилгаан халаагуур үнэгүй тавиад өгчихнө гэсэн итгэл найдвар байдаг.
Харин өвөл хэдэн портер нүүрсэнд хэдэн төгрөг зарцуулдаг тухай сайн бодоод, дээр нь орой болгон хөлдүүс болсон гэрээ халаангаа нүүрсний утаанд угаартан хахаж цацаж суухгүй байж болох тухай ярихад “Нээрээ тийм дээ” гэсэн эргэлзээ төрнө. Гэхдээ л тэд яагаад яаран хямд, цэвэрхэн халаагууртай болохыг тэгтэл их чармайхгүй байна вэ?
Яагаад арван сая төгрөгний машин, хоёр сая төгрөгний гар утас лизингээр авахын оронд гэртээ хоёр халаагуур тавьж болохгүй байгаа вэ? Та ч бас бодоорой.
Бидний олонх нь авсаар мөнгөө төлөөд халаагуурын асуудлаа шийдэж чадахгүй байж бас болно. Энд олон жил яригдаж байгаа НОГООН-ЗЭЭЛ хаачив гэсэн асуулт гарч ирнэ. Уг нь өмнөх хотын захиргааны үед утааны бүсэд амьдарч байгаа иргэд орон сууцны зээл авах буюу дулаалгын асуудлаа шийдсэн байшин барихад сарын хувийн хүүтэй зээл олгоно гэж яригдаж байсан. Магадгүй орон сууцанд орж чадахгүй, эсвэл өөрийнхөө под хийсэн байшинд, хөл сэлгэх газартай хашаандаа тааваараа гэхдээ тохилог, “утаа үйлдвэрлэхгүй” амьдрах иргэд боломжийн хүүтэй зээл олгочихвол эко-халаалтын шийдэл нь ийн бэлэн байна. Зээлийн нөхцөл боломжийн бол хэн ч гэсэн утас, машин авч байхаар гэр, байшингийнхаа халаалтыг шийдэхийг хүснэ биз. Магадгүй халаалтаа шийдчихвэл өмнө нь нүүрс худалдаж авч байсан чамгүй их мөнгөөрөө гар утас, машин ч авчихаж магадгүй шүү.  
Тэгэхээр үнэтэй гар утас, машин худалдан авахад бус гэр орчноо тохилог байлгах, цаагуураа бол агаарын бохирдлоос бас хумс, хумсаар хэлтлэхэд нь боломж, нөхцлийг бий болгоод өгчихвөл, утаа үйлдвэрлэдэг зуух, хэдэн жилдээ сэмэрчих бүрээс тарааж байснаас илүү бөгөөд хүмүүстээ ч байгаль экологидоо ч хэрэгтэй ажил болох сон доо.
НОГООН-ЗЭЭЛ бидэнд хэрэгтэй юу, та саналаа хэлээрэй.
А.Туяа
 “Ультрасоник” компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү