Tuesday, January 23, 2018

ШУУРХАЙ МЭДЭЭ: Жолооч нар шатахуун импортлогчидтой өөрсдийн аргаар тэмцэж эхэллээ

Шатахуун импортлогчид хэрэглэгч буюу иргэдийг төр засагтай нь хамт шантаажлах замаар
асуудлаа шийдүүлэх гэж улайран байгаа энэ үед иргэдийн тэвчээр алдагдаж эхэлж байна. Сүүлийн хоёр хоног шатахуун түгээгүүрүүд дээр ажиглалт хийхэд иргэд маш их бухимдаж байна. Зарим газар зөвхөн картаар үйлчилж байна. Дийлэнх шатахуун түгээгүүр өргөн хэрэглээний бензин борлуулахгүй байгаагаас бензин нь дуусч гудамжинд машин нь зогссон иргэд олон харагдаж байна.
Тиймээс эл байдлын эсрэг иргэд дуу хоолойгоо нэгтгэж эхэллээ. Тодруулбал өчигдөр орой Скай их дэлгүүрийн гадна талбайд приус 20 автомашинтай иргэд цугларч, улмаар Сүхбаатарын талбайн ойролцоох замаар аваарын гэрлээ асааж, дуут дохиогоо дуугаргаж эсэргүүцлийн цуваанд орж шатахуун түгээх станцуудыг газраа чөлөөлөхийг шаардаж, үзэл бодлоо илэрхийллээ.
Улмаар нэгдүгээр сарын 23 буюу өнөөдөр орой 22 цагт Скай их дэлгүүрийн гадна жолооч нарыг цуглахыг дахин уриалж эхэлжээ. Энэ удаа зөвхөн приус гэлтгүй бензинээр явдаг бүхий л машины жолооч нарыг нэгдэхийг уриалж байна. Жолооч нар ингэж цугласнаар өөрсдийн санал бодлоо нэгтгэж, цаашид шатахуун импортлогчидтой ямар байдлаар тэмцэх вэ, бодит байдлыг төр засгийн удирдлагуудад хэрхэн хүргэх талаараа ярилцаж шийдэлд хүрэхээр болжээ. Энэ жагсаалд приус 20 эзэмшигчдийн группийнхнээс гадна Ард түмний онц түр зөвлөл буюу АТОЗ, машинтай холбоотой олон группүүд нэгдэнэ гэдгээ илэрхийлжээ.
Иргэдийн дундаас тэмцлийн маш олон санал гарч буй бөгөөд энэ талаараа фэйсбүүк хуудастаа бичицгээж байна. Заримаас нь дурдвал өглөө ажил цуглах буюу орой ажил тарах цагаар төрийн ордны баруун зүүн хаалгыг хааж, машинтайгаа зогссоноор эрх баригчдаас асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардах хэрэгтэй гэсэн байв.
Б.БУРМАА