Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа “Бид авлигын учир шалтгаан, эхийг
мэдэж, авлигыг бульдозердоно” хэмээн УИХ-ын чуулганы нээлтийн үеэр хэлж байв. Авлигын эсрэг тэмцэхээ ам бардам илэрхийлсэн түүний энэ үг ачир дээрээ нийгэмд “Авлигын загалмайлсан эцэг”, “Урт шар дээлтэй хүн” хэмээх тодотгол зүүтлээ нүдлэгдсэн эрхэм хийгээд тойрон хүрээлэгсдийг чиглэж байсан юм. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн алдарт энэ үг бодит хөрсөн дээр хэрхэн буусныг цаг хугацааны шүүлт харуулах ч авлигыг тугаа болгосон түүний акц Төрийн тэргүүн болох замыг зассан нь маргашгүй үнэн.
Үүн шиг тангараг өргөөд хагас жилийн нүүрийг үзэж буй тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга бас нэгэн сэдвийг барьж авч нийгэмд акц өрнүүлэх болсон нь түүний иргэдтэй хийх уулзалтаар тодорч эхэллээ. Ялгаатай нь, тэрээр өмнөх Ерөнхийлөгч шигээ авлига, албан тушаалын наймааны тухай онцолсонгүй. Харин удтал шийдлээ олоогүй ч, хор уршиг нь хотынхныг багалзуурдаж эхэлсэн утааг барьж авч, малгайн дор нь оффшор, “Нэг цэрэг-Нэг үндэстэн”, аялал жуулчлал зэрэг дагалдах сэдвүүдийг онцлох болов. Бүр энэ асуудлыг нэгмөр болгохгүй бол УИХ-ыг тараах санаачилгатай ажиллахаа мэдэгсэн нь хаврын улс төрийн халуун сэдвийн нэг болох нь тодорхой болж байна.
30 тэрбум ам.доллар босгох боломж
Энэ үгийг Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Сүхбаатар дүүргийн иргэдтэй Соёлын төв өргөөнд уулзахдаа тодотгосон юм. 30 тэрбум ам.доллар гэдэг бага мөнгө биш. Ам.долларын одоогийн ханшаар тооцвол Монгол Улсын бараг 8-10 жилийн төсөв. Харин Ерөнхийлөгчийн тодотгосноор экспортын бүтээгдэхүүний орлогоо нэмэгдүүлсэн тохиолдолд 30 тэрбум ам.доллар олох нь монголчуудад тийм ч холын мөрөөдөл биш аж. Тэрээр “Газрын баялаг ард түмний өмч байдаг ч хэдхэн гэр бүлийн гарт орсон. Өдөр, шөнөгүй байгалийн баялаг урд хилээр гарч байгаа. Энэ мөнгө хаашаа ороод байгааг бид одоо хүртэл олж, тогтоож чадахгүй байна. Хууль хяналтын байгууллага үнэхээр хойрго хандаж байгаа. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийг хүн бүр мэднэ. Монгол Улсыг одоо хүртэл тэжээж байгаа энэ үйлдвэр аж үйлдвэрийн салбарын арвин туршлага болж байгаа. Тиймээс бид баялгаа шууд гаргахгүйгээр “Эрдэнэт” үйлдвэр шиг боловсруулах боломжтой. Өнөөдөр нэг тонн зэсийн үнэ гэхэд 8000-10000 ам.доллар, метал зэсийн үнэ тонн тутамдаа 7000 ам.доллар боллоо. Экспортын гаалийн мэдээнээс харахад, коксжих нүүрс 25.8 сая, төмрийн хүдэр 6 сая, зэсийн баяжмал 1.6 сая, алт 19.2 тонн, нефть 8 сая баррель, цайр 126 мянга, ноолуур 6000, ноос 14 мянган тонн, арьс шир гурван сая ширхэг” гээд дурдаж болно. Ийм хэмжээний бүтээгдэхүүнийг бид түүхийгээр нь гаргахгүйгээр боловсруулаад, үйлдвэрлээд гаргах юм бол гаднаас өндөр хэмжээний зээл авах шаардлагагүй. Харин эдгээр экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг боловсруулж экспортод гаргаснаар бид 30 тэрбум ам.долларын орлого олж чадна” хэмээн тайлбарлав.
Үүнээс гадна аялал жуулчлалын салбарыг Дубайгаар жишээ татан ярьсан юм. Төрийн тэргүүний тодотгосноор усан дээр, элсэн дээр хот байгуулаад аялал жуулчлалын бүс байгуулж байна. Хүмүүс л энэ ажлыг хийж байгаа. Хүний хийж чадаж байгааг бид яагаад чадахгүй гэж. УИХ-ын гишүүд, сайд нар бүгд гадаад руу ямар нэг байдлаар явж л байгаа. Тэдэнд эх орноо ийм болгочих юмсан гэсэн бодлыг төрүүлэх гэж иргэд та бүхэнтэй бас уулзаж буйгаа учирласан юм. Жишээ болгож тэрээр Баянхонгор аймгийг дурдана лээ. Тэгэхдээ Шаргалжуут рашаан, Хөвсгөл далайн эрэг хавиар газрыг нь шаглаад зарчихсан, ямар ч баримжаа нэгдсэн бодлогогүй байгааг шүүмжилсэн юм. Тухайлбал, “Монголд жуулчин татах боломж хангалттай байгаа. Жишээ нь, жуулчин онгоцноос буугаад Хэнтий-Ховд чиглэлд явах аялагчдад төмөр замаар тээвэрлэх төсөл хүртэл боловсруулсан. Төсөл нь бэлэн байгаа. Өнөөдөр Чингис хааны өлгий нутагт очихоор жуулчин үзэх юу ч байхгүй. Бүр өмнө нь “Чингис хаан” гэдэг архи л зардаг байсан шүү. Хархорин ч гэсэн дэлхийн анхны нийслэл гэх тодотголтой ч өнөөдөр үзэж, харах зүйл байхгүй байна” гэв.
Утаа тойрсон ундууцал хийгээд УИХ-ыг тараах сэдэл
Соёлын төв өргөөнд цугласан иргэдийн олонхи нь ахмад настнууд байсныг энд тодотгох хэрэгтэй. Сонирхолтой нь, гадаа гурван есийн жавар тачигнаж байгаа энэ үед тэдгээр иргэд Соёлын төв өргөөг зүгээр ч нэг зориод ирээгүй аж. Өөрөөр хэлбэл, урьдчилж бэлдсэн нийтийн тээврээр уулзалтад оролцох иргэдийг Сүхбаатар дүүргийн хороо бүрээс нэгдсэн байдлаар авчирсныг төв талбайн хажууд эгнүүлэн зогсоосон том оврын арав орчим автобуснаас харж болохоор. Магадгүй Ерөнхийлөгчийн иргэдтэй хийх уулзалтыг ид ажлын буюу 14.00 цагт товлосонтой холбоотой байж мэдэх. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулж өөрсдөдөө тулгарч байгаа зовлон бэрхшээлийг Төрийн тэргүүндээ дайх ахмад настан тэдгээр автобусанд суун ийж иржээ.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн VII хорооны оршин суугч хэмээн өөрийгөө танилцуулсан нэгэн өндөр настан ард түмний онц их хурлыг яаралтай хуралдуулж, УИХ-ыг тараах хэрэгтэйг Ерөнхийлөгчид уламжлав. “Сүүлийн үед УИХ-ыг тараах тухай янз бүрийн яриа гарч л байна. Таныг Ерөнхийлөгч болоход бид саналаа хэд дахин өгч байж ялалт байгуулсан. Тэгэхээр тэр дийлддэггүй УИХ-ыг чинь бүх ард түмний саналаар дийлж болдоггүй юм уу. Яагаад УИХ-ынхан улс эх орон, ард түмний төлөө гаргаж байгаа саналыг дэмжиж болдоггүй юм” өөр нэгэн ч байлаа. Бүр “Ерөнхийлөгч гэж ямар эрхтэй, юу хийдэг хүн юм болох. Хориг тавих болгонд нь нэхэл хатуутай, доромжилсон хариу ирэх юм. Ерөнхийлөгч ямар ядруухан эрхтэй хүн юм уу. Хэдийгээр бид УИХ-ын гишүүдийг 76 гэж хардаг ч цаанаа маш том аппарат ажиллаж байгаа. Засгийн газар нь хүртэл тогтворгүй, нэг хүн гарч ирээд л, загнаад л Засгийн газрыг нь авчихлаа” хэмээн Ерөнхийлөгчөө байцааж бас шүүмжилж орхино лээ.
Ерөнхийдөө Соёлын төв өргөөнд цугласан иргэдийн уур амьсгал аливаа асуудалд уурласан, бухимдсан, шүүмжилсэн байр сууриас хандаж байгаа нь харагдсан. Гагцхүү тэд ганцхан зүйлд санаа нэгдэж байсан нь Улаанбаатарыг бүчсэн утаа, УИХ-ыг тараах тухай яриа. Үг хэлсэн иргэн бүрийн амнаас утааны тухай сэдэв ундарч, зуух тараахыг буруу хэмээж, УИХ-ыг тараах сэдэл цухалзаж байсан нь үүний илрэл. Ерөнхийлөгч Х.Баттулга ч энэ асуудлыг хөндөхөө мартаагүй. “Улаанбаатар хотын хүн ам 1990-2017 онд 854 мянгаар буюу 146 хувиар огцом өслөө. Үүний 623 мянган хүн буюу 73 хувь нь орон нутгаас ирсэн байна. Харин 2008-2016 онд агаарын бохирдолд 147 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, гадаадын зээл, тусламжаар 60 сая ам.доллар зарцуулжээ. Нийтдээ 170 мянган ширхэг зуух тараасан байна. Өнөөдөр хотод 1.3 сая хүн амьдарч байна. Энэ их ачааллыг дахин төлөвлөхөд хэтэрхий эрсдэлтэй. Тиймээс Улаанбаатар хотыг түшиглээд дагуул хот байгуулах тухай асуудлыг би хөндөн ярьж байгаа. Дагуул хотууд байх газарт зарим яамд, их, дээд сургууль, Элчин сайдын яамдыг гаргая гэж байгаа юм. Дагуул хот байх газарт орон сууцны үнэ нэг сая хүрэхгүй төгрөгөөр зарагдах боломжтой. Учир нь, хямд өртгөөр орон сууц барих боломжтой үйлдвэр хэдийнэ ашиглалтад орсон байна. Энэ төслийг өмнө нь бэлдчихсэн, одоо аваад ашиглахад бэлэн байгаа. Өнөөдөр бэлэн 80 мянган орон сууц байна. Үүний 40 мянгыг нь эмч, багш, цагдаа, цэргийнхний цалинг барьцаалаад өгч болдоггүй юм бэ. Ингэснээр утаа буурна.
Өнөөдөр бид 1949 онд барьсан төмөр замтайгаа л байгаа. 2010 онд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдсан ч хэрэгжүүлээгүй. Автозамын бодлого мөн адил батлагдсан ч хэрэгжээгүй. Үүн дээр Говийг усжуулах зэрэг томоохон төслийг хэрэгжүүлбэл, ажилгүй олон залуус ажилтай болж, ядуурал буурах ёстой. Гэтэл өнөөдөр ядуурлын түвшин Улаанбаатарт 24 хувь, орон нутагт 38 хувьтай байна. БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд 40 мянга хүрэх гэж байна. Энэ бол асар их тоо” хэмээн ярьсан юм.
Х.Баттулга: Газрын баялгаа “шилэн” болгоод зөв хуваарилах юм бол иргэдийн өр бага
Уулзалтын үеэр хөндөгдсөн нэг асуудал нь Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн өрийг хэзээ чөлөөлөх тухай яриа байв. Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын өмнө АН-ын дарга С.Эрдэнэ Х.Баттулгыг Төрийн тэргүүнээр сонгогдсон тохиолдолд иргэдийн өрийг нэг удаа чөлөөлөх “үүрэг”-ийг өгч байсан удаатай. Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд тодорхойгүй явсан энэ асуудлыг сонгуулийн шоу төдий байсан уу, үгүй юу гэдгийг Ерөнхийлөгчөөс өөрөөс нь ийн асуусан хэрэг. Хариуд нь Ерөнхийлөгч Х.Баттулга “Сонгуулийн үеэр яригдаж байсан өрийн асуудлыг мартаагүй. Газрын баялгаа “шилэн” болгоод зөв хуваарилах юм бол иргэдийн өр бага юм билээ. Энэ асуудлаар удахгүй УИХ-д хуулийн төсөл өргөн барихаар УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа” хэмээсэн нь зааланд цугласан иргэдэд бага ч гэсэн найдвар төрүүлсэн болов уу. Утаагаар эхэлж УИХ-ыг тараах, Ерөнхийлөгчийн засаглалтай болох хүртлээ өргөжиж, өр зээлээ чөлөөлүүлэх Төрийн тэргүүний тайлбартайгаар ийн өндөрлөсөн юм.
Төгсгөлд нь “Иргэд, та бүхний асуудлыг бодитоор баримттай нь үзүүлнэ. Би бүх саналыг бичиж авсан. Бүх асуудал, бүх санал эргээд л нөгөө ажилгүйдэл, ядууралтай холбогдож байна. Төрийн бодлого байхгүй байгаа учраас бид ажилгүй, ядуу хэвээр байна. Оффшорын асуудлаар би хойш суугаагүй. Энэ асуудлыг шалгаж байгаа ч АТГ удаан байгаа гэдэгтэй та бүхэнтэй санал нийлж байна. Харин АТГ-ыг цаашид шахаж ажиллана. Мөн та бүхний хөндөн ярьсан Оюутолгой, Дубайн гэрээний асуудлыг ч анхаарч ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Газрын баялаг ард иргэдэд үр шимээ өгөх ёстой. Гурван сая иргэн хүртэх ёстой.” гэв.
Ерөнхийлөгчийн уулзалтад оролцсон Сүхбаатар дүүргийн иргэд 17.30 цагт тус тусын автобусандаа сууж харьцгаасан юм.
https://newspress.mn/v1/p/news/2181