Хакүхо М.Даваажаргал болон түүний эхнэр Саяако Вада нар хуримын ойгоо өчигдөр /2018.02.19/ тэмдэглэжээ.Тэд одоогоос 11 жилийн өмнө буюу 2007 онд гэр бүл болж гал голомтоо бадрааж байв. Хакүхо аварга сумо бөхийн жюүрёо зиндаанд барилдаж байхдаа эхнэртэйгээ танилцсан бөгөөд “Ёкозүна болчихоод Саяако нэвтрүүлэгч болоод намайг зурагтаар гаргаарай гэж хэлж байснаас бид хоёрын үерхэл эхэлсэн гэж эхнэр Саяако нь анхны учраа дурсан ярьж байсан билээ. Мөн Хакүхогийн цайлган цагаан сэтгэл, сумод хандах цэх шулуун чанар, ариухан бодол санаанд нь татагдсанаа нуугаагүй юм. Саяако Вада 1984 онд төрсөн, Токиогийн алдартай их сургууль Гакүшюүинг сэтгүүлч мэргэжлээр төгссөн аж.
Хожим нь Хакүхо аварга “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Асашёорюү Д.Дагвадорж аварга бид хоёрыг хүлээн авалт дээр анх танилцуулсан. Тэгээд миний хажууд сууж байхад нь Харүмафүжи Д.Бямбадорж утсыг авч өгсөн” гэж ярьж байжээ.
Хосууд одоогоор гурван охин, нэг хүүтэй билээ.