Tuesday, February 20, 2018

Жүжигчин Аглуу: X-Tuts намайг хаясан, эргэж авахгүй гэж хэлсэн

Энэ удаагийн “Гранд амьдрал” булангийн зочин бол жүжигчин Аглуу буюу СТА
Л.Баттулга. “Х-ТҮЦ” продакшны урдаа барих чадалтай, авьяастай жүжигчдийн нэг түүнийг мэргэжлийн талдаа хэнийг ч дагуулахгүй нэгэн гэдгийг мэргэжлийн хүрээнийхэн нь нотолцгоодог. Ноён Аглуу нэгэнтээ өөрийгөө зургаан хүүхдийн баян аав хэмээн тодорхойлсон нь хувийн амьдралынх нь баялаг, баян намтар түүхийн нэгээхэн хэсэг.

Түүний анхны гэргий В.Уянга хэмээх боловсролтой, эгэл даруухан бүсгүй байдгийг бид анхлан танд танилцуулж байна. Жүжигчинд хоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн энэ бүсгүй англи-испани хэлний орчуулагч мэргэжилтэй. Хувиараа орчуулгын төв ажиллуулдаг,  амьдралаа, гурван хүүхэдтэйгээ хамт часхийтэл авч яваа хатагтай В.Уянга “Британика”  нэвтэрхий толь дээр ажиллаж, мэдлэг, чадвараа гайхуулсан учраас энэ жил Хөдөлмөрийн хүндэт медаль авч энгэрээ мялаасан аж. Одоогийнх нь гэргий шиг олны өмнө гарах нь бүү хэл нялх биетэй байхад нь салж одсон нөхрийнхөө талаар хүртэл ганц үг ган хийдэггүй дэндүү даруу, дөлгөөн, бодь бүсгүй хэмээн түүнийг найз нөхөд нь амаа олохгүй магтацгаах юм билээ.
 Эдний дундаас гарсан хоёр хүүхдийн хоёр том нь охин бөгөөд 2005 оны үед В.Уянга бага хүүгээ төрүүлээд удаагүй байхад Аглуу одоогийн гэргий Н.Оюунчимэгтэй үүсгэсэн хайрын романсаа лавшруулж, хамтран амьдарч эхэлсэн гэдэг. Гурвын гурван хүүхэдтэй, тогтсон амьдрал дундуур нь орж ирсэн залуу жүжигчин бүсгүй Аглууг продакшнаасаа хувь эзэмшиж эхэлсэн үеэс эргүүлдсээр авч суусан хэмээх  нэгэн ч байх юм билээ.

Юутай ч ноён Л.Баттулгад хоёр алаг нүдтэй охин төрүүлж өгсөн жүжигчин Н.Оюунчимэг өмнө нь хошин урлагийн нэрт мастер Дашхүүгийн хүү найруулагч Д.Галбаяртай амьдарч байсан бөгөөд дундаасаа гарсан хүүгээ аав дээр нь орхиод хоёр дахь амьдралдаа хөл тавьсан билээ. Хамгийн сонирхолтой нь, найруулагч  Д.Галбаяр Драмын театрын хамгийн хөөрхөн, хамгийн авьяастай жүжигчин, үзэсгэлэнт Хулантай суусан нь нэг бодлын амьдралын эргүүлэг ч гэмээр, шоглоом ч гэмээр сонин тохиолдол. Харин урлагийнхан нь тэднийг  дурлалын дөрвөлжин хэмээн өхөөрддөг. Жүжигчин Н.Оюунчимэгийн тухайд  авьяаслаг жүжигчний дөч хэвийсэн насанд учирч, хоёр хөөрхөн охин төрүүлж өгөн, эрх дарх гэгчийг үндсэн утгаар нь хэрэгжүүлдэг Аглуугийн хайрын бурхан нь. Дөрөө дөрөх насандаа шинэ амьдрал зохиож, хайрын баланд мансуурсан ноён Л.Баттулга ч өнгө жавхаа нэмж, уран бүтээлчийнх нь эр бяр ид тэгширч яваа. Эхнэр, өөрсөдтэй нь усны дусал мэт адилхан алаг нүдэн охидоо хөтлөн жинхэнэ од шиг алхдаг, гайхуулдаг тэд өмнөх, урьдах амьдралыг нь эс тооцвол үлгэр жишээ, аз жаргалтай гэр бүлүүдийн нэг.
 Анхны нөхөртэйгээ суухаасаа өмнө төрөлх Сэлэнгэдээ нэг залуутай хамтран амьдарч, үр хүүхэдтэй хүртэл болж амжсан жүжигчин Н.Оюунчимэг анхны хүүхдээ мөн л аав дээр нь орхисон хэмээх явган яриа байдаг агаад үнэн, худлыг бид нягталж чадсангүй.

Жүжигчин Аглуугийн тухайд анхны эхнэр В.Уянгаасаа гурав, одоогийн эхнэр Н.Оюунчимэгээс хоёр, харин 6 дахь хүүхэд нь Дорнодод байдаг аж. Анхны гэргий В.Уянгатайгаа суухаас өмнө дотно харилцаатай байсан  Дорнод нутгийн бүсгүй түүнд хүү төрүүлж өгсөн бөгөөд өдгөө 15 настай том эр байдаг байна. Тиймдээ ч жүжигчин Аглуу зургаан хүүхэдтэй баян аав хэмээн бахархдаг нь аргагүй.