Wednesday, October 18, 2017

БЭЛХИЙН АМАН ДАХЬ НУУЦ ХОНГИЛ ОЛНЫГ ГАЙХШРУУЛААЖ БАЙНА................ЯМАР ЭРТНИЙ ЗҮЙЛҮҮД БАЙНА АА..

Дамбадаржаагийн ойролцоо, Бэлхийн аманд ийм нэгэн хаягдсан байгууламж байна. Уулын орой дээр хааш хаашаагаа 200 метр газар хамарсан энэ байгууламжийн ил харагдаж буй хэсэг нь төмрөөр карказласан олон тооны нүх, цементэн байгууламжууд, доош орсон шат зэргээс бүрдэж байна. Шатаар доош орж харвал эвдэрч сүйдсэн үргэлжилсэн урт хонгил, тасалгаанууд харагдах бөгөөд ойр хавийн хүмүүсийн хэлж буйгаар энэ хонгил 5 км гаруй үргэлжилдэг байна.  
Батлан хамгаалах салбарын мэргэжилтэн энэ хонгилын өрөө тасалгаатай байдал, байршил зэргээс нь хоргодох байр байх магадлалтай гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм. 1980-1990 онд Монгол улсад хоргодох байр хэд хэдийг байгуулж байсан бөгөөд үүний нэг нь болох Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах хоргодох байрны талаар бид өмнө та бүхэнд мэдээлж байсан. /ЭНД ДАРЖ уншина уу/ Тухайн үед Нийслэлийн томоохон албан байгууллага, төрийн чухал байгууллагуудыг хоргодох байртай болгож байсны нэг нь Төрийн ордны доор байрлах хоргодох байр юм. Энэ хоргодох байрыг өдгөө зориулалтын бус байдлаар ашигладаг гэх албан бус мэдээ бий.
Зөвхөн нийслэл хотоор зогсохгүй аймаг бүрт 1-2 хоргодох байрыг ном журмын дагуу барьж байсан ч өдгөө нэгийг нь ч зориулалтаар нь ашиглаж, хамгаалдаггүй гэх. Иргэний хамгаалалтын зориулалтаар баригдсан хоргодох байруудаас Налайх дүүргийнхийг гэхэд химийн хорт бодис хадгалах агуулах болгон ашигладаг байжээ. Гэвч түүхэн цаг үеэр нь хөөж үзвэл Монгол улсад ийм хоргодох байрны шаардлага бий юу?
БНМАУ-ын үед манай улсын бодлого ЗХУ-ыг дагаж Хятадтай харилцаагаа таслан, Орос цэрэг Монголд орж ирэн манай улс маш их цэрэгжсэн бүс нутаг болж байв. Монгол улсын одоогийн төвийг сахих бодлого нь хэт нэг улсын талд орж, улсын аюулгүй байдалд нөлөөлөхөөс хамгаалсан гэж хэлж болно. Тухайн үед Америкийн цөмийн цохилт өгөх хотуудын жагсаалтанд социалист Монголын Улаанбаатар хот багтсан байсан тухай CNN агентлаг мэдээлж байсан удаа ч бий. АНУ-ын дропшот гэх төлөвлөгөөнд Москвагаас гадна Улаанбаатар хотын нэр бичигдсэн байсныг эх сурвалжууд гэрчилнэ. Иймд яах аргагүй ийм төрлийн хоргодох байруудыг нууцаар бэлдэж байсан байж болох. Үүний гэрч нь уулын орой дээрх ийм байгууламжууд зөвхөн Бэлхийн амны ойролцоо байх энэ хонгилоор зогсохгүй, хэд хэд байдгийг мэдэх биз ээ.
Гэхдээ энэ хоргодох байр нь иргэний хамгаалалтын зориулалтаар баригдсан гэхэд нийслэлээс нилээд зайдуу, уулын орой дээр байх бөгөөд ойр орчимд нь хэд хэдэн нуувчууд барьсан нь цэргийн нууц байгууламж байсан байх магадлалтай ажээ.
Уулын ойролцоо саяхан суурьшсан айлууд энэ байгууламжийн талаар дуулж байгаагүйгээ хэлж байлаа. Харин олон жил болсон хуучны оршин суугчид "Энд орос цэргийн локаторын анги байсан. 1990 онд орос иргэдийг гаргах үеэр хүмүүс том машинтай ирээд, доторхийг нь тоносоор дуусгасан. Газар доорх энэ хонгил 5 км хүртэл үргэлжлэх бөгөөд нөгөө үзүүр нь Улиастайд очиж дуусдаг” гэх аман яриаг бидэнд дэлгэсэн юм.
Цэргийн зориулалттай байр биш хоргодох байр байсан ч энэ байгууламжид дор хаяж хэдэн сарын хоол хүнс, агааржуулагч, техник хэрэгсэл, шаардлагатай эм тариа байсан нь лавтай.